» » Д.Даянбилгүүн: Улаанбаатар хотын бондын эрэлт өндөр байна

Д.Даянбилгүүн: Улаанбаатар хотын бондын эрэлт өндөр байна

зураг 
БиДиСЕК ҮЦК-ийн Ерөнхийлөгч Д.Даянбилгүүнтэй ярилцлаа. 
- Сайн байна уу, БиДиСЕК ҮЦК Монголын хөрөнгийн зах зээл дэх анхны хотын бонд болж буй нийслэл Улаанбаатар хотын бондын тэргүүлэх андеррайтераар ажиллаж байгаа. Хотын бонд гэх энэхүү шинэ санхүүгийн бүтээгдэхүүний талаар яриагаа эхэлье.
Хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бонд, орон нутгийн бонд буюу municipal bond, корпорацын бонд гэсэн үндсэн гурван төрлийн бонд байдаг. Манай хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бонд болон корпорацын бонд худалдаалагдаж байсан. Харин орон нутгийн бонд гэсэн бүтээгдэхүүн байгаагүй. Улаанбаатар хотын бонд зах зээлд гарснаар манай хөрөнгийн зах зээлд дутуу байсан бүтээгдэхүүн бий болж байна.
Аймаг хот зэрэг орон нутгийн засаг захиргаа томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаргаж буй өрийн бичгийг орон нутгийн бонд гэж нэрлэж байгаа юм. Манай зах зээлд шинээр нэвтэрч байгаа боловч дэлхийн хэмжээнд 200 гаруй жилийн түүхтэй, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээтэй арилжаалагддаг үнэт цаас. Жишээлбэл, АНУ-ын нийт орон нутгийн бондын зах зээлийн үнэлгээ 3.8 их наяд ам.доллар байна.
- Улаанбаатар хотын бондын нэрлэсэн үнэ, хүү, хугацааны талаар хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотод 5 жилийн хугацаанд 500 хүртэлх тэрбум төгрөгийн дүнтэй нээлттэй бондын хөтөлбөрийг олон нийтэд санал болгох зөвшөөрөл олгосон. Тэгэхээр Улаанбаатар хотын бонд маань хэд хэдэн транчаас тогтож байгаа. Эхний транчийн маань анхдагч арилжаа 10-р сарын 02-оос 10-р сарын 04-ийг дуустал үргэлжилж, 277.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ. Улаанбаатар хотын бондын нэгж бүрийн нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг байх бол хугацаа нь 24 сар байна. Бондын жилийн хүү 17.2%-иар тогтож байгаа бөгөөд 6 сар тутамд хүү төлнө.
зураг 
- Улаанбаатар хотын бондын захиалгад хэрхэн оролцох вэ? Нийслэлийн иргэд бондын арилжаанд оролцох боломжтой юу?
Тийм ээ. Улаанбаатар хот Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдана. Ийм учраас хотынхоо ирээдүйд хөрөнгө оруулахын сацуу өгөөж хүртэхийг хүссэн иргэн бүр Улаанбаатар хотын бондыг худалдан авах боломжтой. Бонд худалдан авахаар сонирхож байгаа иргэд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компанид данс нээлгэснээр арилжаанд оролцох боломжтой болно. Орон нутгийн анхны бонд гэсэн утгаараа Улаанбаатар хотын бондын эрэлт өндөр байна. Бондын арилжаанд үндсэн захиалга дүүрсэн тохиолдолд захиалга шууд хаадаг, IPO шиг хувь тэнцүүлдэггүй гэдгээрээ онцлог. Тийм болохоор хөрөнгө оруулахаар сонирхож буй иргэдэд заавал анхдагч арилжааг хүлээлгүй үнэт цаасны компанитайгаа холбогдож захиалгаа өгөх хэрэгтэй.
- Орон нутгийн бондын онцлог давуу тал нь юу байдаг вэ? 
Олон улсын санхүүгийн зах зээл дээр хамгийн найдвартай бүтээгдэхүүн засгийн газрын бонд байдаг. Орон нутгийн бонд бол түүний дараа орох найдвартай үнэт цаас юм. Корпорацын бондын дефольт эрсдэл 6% байдаг бол орон нутгийн дефольт эрсдэл 0.06% буюу түүнээс 100 дахин бага байдаг.
- Улаанбаатар хот бонд гаргаж байгаа нь хотын цаашдын ирээдүйн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?
Орчин үед улс орон, хот, орон нутгийн захиргаа дэд бүтцийн шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн бонд гаргах замаар шийддэг. Жишээлбэл, дэлхийн хэмжээнд дэд бүтцийн санхүүжилтийн зорилготой 3 үнэт цаас тутмын 2 нь орон нутгийн бонд байдаг. Улаанбаатар хотын хувьд анх удаагаа бонд гаргаж байна. Тэгэхээр цаашид хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болж байна гэсэн үг. Цаашлаад зөвхөн нийслэл хот биш бусад аймаг хотууд ч орон нутгийн бонд гарган хөгжлийн хурдаа нэмэх боломжтой болж байна. Үүгээрээ Улаанбаатар хот бонд гаргаж буй энэ үйл явдал нь зөвхөн санхүүгийн зах зээлд төдийгүй улс орны хөгжилд ч өндөр ач холбогдолтой гэж харж байна.
- Улаанбаатар хотын бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг хөрөнгө оруулагч нар сонирхож байгаа байх. Та энэ талаар мэдээлэл өгөөч?
Улаанбаатар хотын бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн. Ингэхдээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төвлөрнө. Тодруулбал: чанартай боловсрол, дэд бүтэц, иргэдэд ээлтэй хот гэсэн гурван чиглэлд зарцуулагдана. Ийм тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой бондуудыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд ихээхэн сонирхдог. Энэ ч жишгийн дагуу Улаанбаатар хотын бондыг олон улсын байгууллагууд ихээр сонирхож байна.
- Улаанбаатар бондын эргэн төлөлт хэрхэн хийгдэх вэ?
Нийслэл хот өөрөө орлого олж, олсон орлогоороо өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд жил бүр орлого нь зардлаасаа давдаг. Бондын эргэн төлөлт нийслэлийн ирэх жилүүдийн төсвийн суурь зардалд шууд сууж байгаа.
- Та БиДиСЕК ҮЦК-ийнхаа талаар танилцуулаач?
Манай компани Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүссэн цагаас буюу 31 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, салбарын тэргүүлэх компани юм. Бид өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээл дэх хамгийн том корпорацын бонд Эрдэнэс таван толгой бонд, хамгийн том IPO Хаан банкны IPO-д андеррайтераар ажиллаж, амжилттай хөрөнгө татан төвлөрүүлж байсан. Үүнээс гадна бид үнэт цаасны компаниуд дундаасаа хамгийн түрүүнд буюу 2006 онд IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болж байлаа. Энэ удаад ч Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн анхны орон нутгийн бондын андеррайтераар ажиллаж, нэгэн шинэ түүх бичиж буйдаа баяртай байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ж.Сандагсүрэн: Хот бонд гаргаснаар том асуудлуудаа

Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав

БХБЯ, НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

SMI индекс (худалдааны индекс)

Тэтгэврийн зээлийг “Эрдэнэс” бондоор санхүүжүүлэх гэрээг

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

Сэтгэгдэл бичих