БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтаар барилга, хот байгуулалтын салбар, нийслэлийн үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн ойлголтод хүрэх, барилга, хот байгуулалтын бүтээн байгуулалтын тухай санал солилцож, бэрхшээлийг ярилцав. Уулзалтын дүнд БХБЯ, НЗДТГ хамтарч, хууль, эрх зүй, техникийн шийдэл, гэр хороолол дэд төв, дэд бүтэц, бонд босгох зэрэг үндсэн дөрвөн ажлын хэсэг, газрын асуудлыг шийдэх дэд ажлын хэсэг байгуулжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны институдийн ажлыг түргэвчлүүлэх үүрэг чиглэлийг Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар өглөө. Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны институдээс Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний явцыг БХБЯ-нд танилцуулахаар болсон юм.
Уулзалтад БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, БХБ-ын дэд сайд Э.Золбоо, БХБЯ- ны ТНБД С.Магнайсүрэн, БХБЯ-ны харъяа газар, нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцов.
Сэтгэгдэл бичих