Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа. Нийслэл анх удаа бие даан бонд гаргах зөвшөөрлөө авсан. Бидний яриа энэ талаар өрнөлөө.
-УИХ 2021 онд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар нийслэлд тодорхой эрх мэдлүүдийг өгсний нэг нь үнэт цаас гаргах эрхтэй болсон шүү дээ. Энэ хүрээнд нийслэл анхны бонд гаргах зөвшөөрлөө Засгийн газраас авлаа. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 30 жилийн дараа шинэчлэн баталсан. Уг шинэчлэлээр хот бие даасан санхүүгийн эх үүсвэр буюу хоёр чиглэлээр бонд гаргах эрхийг нээсэн. Нэгд, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх бонд. Хоёрт, дахин санхүүжилтийн бонд гаргах боломжтой. Нийслэлийн удирдлагууд хоёр жилийн өмнөөс бонд босгох боломжийг эрэлхийлж, бэлтгэл ажил хангаж байсан. Харамсалтай нь, цар тахал болон эдийн засгийн амаргүй үе таарсан. Дээр нь, эрх зүйн хувьд ойлгомжгүй байсны улмаас ажил хэрэг болж чадаагүй. Харин одоо хуулийн хувьд ч, эдийн засгийн хувьд боломж нээгдэж байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна. Хуульд заасан улсын өрийн таазанд тулгахгүйгээр нийслэл бие даан бонд гаргах орон зай гарч байна. Бидэнд энэ жил 500 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газар, Сангийн яамнаас олгосон.
-Нэг талаараа нийслэлийн хөрөнгө оруулалтыг тэлэх, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх санхүүгийн боломжийг нээж өгч байна гэж харж болох уу?
-Монгол Улс нэгдсэн төсөвтэй. 21 аймаг, нийслэл Улаанбаатар хот төсвийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэдэг. Нэгдсэн нэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулиар бүгдийг тэгшитгэж авч үздэг байдлаар явж ирсэн. Улсын төсвийн хуваарилалтыг хийхдээ адилтгах зарчим баримталж ирсэн. Энэ нь нэг талаараа сонгуулийн мажоритар тогтолцоотой холбоотой. Сангийн яам нэгдсэн төсвөө цуглуулж, эргээд хуваарилахдаа газар нутгийн байдлаар нь тэгшитгээд хуваарилчихдаг. Ингэж тэгшитгэх хуваарилдаг байдал нь аймаг, нийслэлийн бие даасан онцлогоор хөгжих нөхцөл бололцоог нь хаачихсан. Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь амьдардаг ч аймгуудтай адилтгаж төсөв хуваарилдаг. Нөгөө талд хүн амынх нь 50 хувь амьдарч байгаа гэдгээр нь илүү төсөв хуваарилах эрх зүйн боломж байхгүй. Ингэж адилтгаж хуваарилснаас болж нийслэлийн асуудлууд нь хуримтлагдаж, нөгөө талд үндсээр нь асуудлыг шийдэх санхүүгийн хэрэгцээ өссөөр байна. Хотын үе үеийн удирдлагууд энэ асуудлыг төсвийн бус замаар шийдэх ёстойг ойлгодог. Харин эрх зүйн хувьд боломжгүй өнөөг хүрсэн. Төсөв бол гол хөрөнгө, санхүүгийн гол эх үүсвэр. Мөн төсвөөс гадна санхүүгийн баталгаатай нэг эх үүсвэр бол бонд. Урьдчилж өрийн бичиг үүсгэх замаар санхүүжилт татаад том асуудлаа шийдэж, орж ирэх орлогоосоо хуваарилалт хийж өрөө барагдуулах арга хэлбэрийг ашиглах зам руу нийслэл орж байна гэсэн үг.
-500 тэрбум бол нийслэлийн нийт орлогын дөрөвний нэг, том ачаалал үүсэхгүй байх. Гэхдээ өр нэмэгдэнэ. Өмнөх хаадын нэртэй бондын араас орох вий гэсэн шүүмжлэл ч бий. Нийслэл нэмэлтээр татан төвлөрүүлсэн санхүүжилтээ юунд зарцуулах юм бэ?
-Нийслэл хоёр их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнтэй харьцуулахад 500 тэрбум төгрөг бол боломжийн дүн гэж харж байгаа. Иргэдийн өмнө тулгамдсан нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь төрийн үүрэг. Энэ талаасаа нийгмийн шинжтэй төслүүдийг хүссэн хүсээгүй санхүүжүүлнэ. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн үр ашигтай төслүүд тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэнэ. Одоогоор бид 7-8 төсөл жагсааж, НИТХ-аар батлуулахаар бэлтгэж байна. Эдийн засгийн үр өгөөж талаас нь харвал парк шинэчлэлийн төсөл, тойрог зам, Сэлбэ сэргэлт, хөгжлийн корпорацын шугамаар хэрэгжүүлэх төслүүд бий. Түүнчлэн, нийгмийн хувьд өндөр ач холбогдолтой, он дамжиж хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгыг дуусгах төсөл багтсан.
Хот иргэдийн татварын мөнгийг барьцаалж өрийн бичиг гаргаж байгаа учраас зөв төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой, өндөр хариуцлага ч үүрнэ. Нөгөө талд нийслэл өөрөө бие даан санхүүгийн эх үүсвэр татсанаар мөнгөгүйн зовлонгоос бага багаар ангижирч, нэн шаардлагатай төслүүдээ эхлүүлэх, хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц нээгдэж байгаа. Хотын зүгээс бонд босгоход маш олон шаардлагуудыг давж байна. Засгийн газар, Сангийн яам, НИТХ-д төслүүдээ танилцуулж, санал шүүмжийг авч, олон талын ач холбогдлыг нь харж төслүүд эцэслэн батлагдана. Иргэдийн шүүмжилдэг үргүй зардал, алдаа гаргахгүй ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Бондын эх үүсвэрийн 50 хувийг нийгмийн шинж чанартай, 50 хувийг дэд бүтцийнх ч байдаг юм уу, ийм харьцаа байх уу?
-Шууд ашиг олох төслүүд санхүүжүүлнэ гэж хэлэхэд хэцүү. Мэдээж бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулбал шууд ашиг олно. Гэхдээ хот хувийн хэвшилтэйгээ уралдаж бизнес хийхгүй. Харин хотын эдийн засагт эергээр нөлөөлөх нийгэм, эдийн засгийн төслүүдэд хөрөнгө оруулна гэж харах хэрэгтэй. Шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлсний үр дүнд түгжрэл бага багаар буурна. Энэ хэрээр иргэд, аж ахуйн нэгжийн бизнес өргөжиж, орлого нэмэгдэнэ. Жишээ нь, сургууль, цэцэрлэгийн дуусгал бол нийгмийн өндөр ач холбогдолтой төсөл. Нийслэл сүүлийн жилүүдэд гол хөрөнгө оруулалтаа түгжрэлийг бууруулах чиглэлд хийсэн. Харин сургууль, цэцэрлэгийн барилгууд дээр хөрөнгө оруулалт бага тавигдсанаас болж хуримтлагдсан асуудал асар их болж байна. Сурагчид гурван ээлжээр хичээллэж, зарим сургууль, цэцэрлэг ашиглалтад орохгүй олон жил болж байна. Ялангуяа сүүлийн гурван жил хөрөнгө оруулалтыг нь бүрэн олгоогүйгээс үнийн өсөлтөөс 40 хувийн зөрүү үүсч, алдагдал хүлээж байна. Цаашид эдгээр төслийг бүрэн дуусгаж, шийдэхгүй бол 50, 60 хувийн алдагдал үүрнэ. Тиймээс мөнгөний бодлогын хүүтэй тэнцэхүйц өртгөөр эх үүсвэр татаж, 30-40 хувийн алдагдал хүлээгээд байгаа төслүүдийг цэгцлээд явах ёстой л гэж харж байгаа юм. Эдийн засгийн талаасаа харвал, бонд гаргаад хуримтлагдсан асуудлуудыг шийдэх нь оновчтой шийдэл. Хэдий нийгмийн шинж чанартай ч өртөг зардал, эдийн засгийн талаасаа харвал өгөөжтэй. Бид татан төвлөрүүлсэн бондын эх үүсвэрээсээ сургууль, цэцэрлэгийн 36 дутуу хөрөнгө оруулалттай барилгыг санхүүжүүлж, хамгийн сүүлийнхийг нь 2024 оны намар гэхэд ашиглалтад оруулна. Задалбал, 2024 оны эхний хагаст 24 төслийг, 2023 оны төсгөлд 10 гаруй төслийг дуусгах юм.
-Дотоодын зах зээл дээр банкууд IPO гаргаж, хөрөнгө оруулалт тийш нэлээд чиглэсэн. Хотын бонд хөрөнгө оруулагчдын анхаарлыг юугаар татах вэ, хөрөнгө оруулагчид юунд итгэж хөрөнгө оруулах вэ. Эхлээд зөвхөн дотооддоо бонд гаргахаар төлөвлөсөн үү?
-Анхных учраас эхлээд дотооддоо гаргана. Мэдээж өрсөлдөхүйц үнэтэй бонд гаргана. Зах зээлд хөрөнгө оруулах хангалттай эх үүсвэр байна гэж харж байгаа. Харин нийслэлийн бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадах уу гэдэг асуулт бий. Бид бол хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадна гэдэгтэй итгэлтэй байгаа. Нэгд, Засгийн газрын бондтой дүйцэх хэмжээний баталгаатай. Эргэн төлөлт дээр асуудал гарахгүй. Хоёрт, хөрөнгө оруулагч “Миний оруулсан мөнгөөр юу хийх вэ” гэдгийг хардаг. Тиймээс бидний хэрэгжүүлэх төслүүд Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.5 сая иргэний асуудлыг шийдэж, хөгжлийг дэмжинэ. Тэр бүгдэд хөрөнгө оруулагчид гар бие оролцож байна гэсэн үг. Гуравт, банкны хадгаламжийн хүүгээс өндөр хүү санал болгох учраас хөрөнгө оруулагчдад ч ашигтай. Хот эхний бондоо амжилттай гаргаснаар цаашдын зам улам тод нээгдэнэ. Эдийн засаг сайжирч, бодлогын хүү, инфляц буурвал дараа дараагийн бондыг гаргаж, асуудлаа шийдээд л явах ёстой. Ер нь бонд гаргаснаар нийслэлийн эдийн засаг тэлнэ. Хоёрт, анхны бонд бага зэрэг үнэтэй гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ чухал асуудлаа шийдэж байгаа учраас хэтдээ бондын хүүгийн төлбөр багасна. Гуравт, хот санхүүгийн хувьд бие даах нь нийслэлийн хөгжлийг тэтгэх нэг гарц. Тиймээс бид энэ талын санхүүжилтийн замыг нээх ёстой. Нийслэл том хэмжээний асуудлаа санхүүгийн хувьд өөрөө бие даан шийдэх боломж нээгдэнэ. Төсвийн хувьд ч том шинэчлэл авчирна гэж харж байна. Харин 10 гаруй хувийн хүүтэй, үнэтэй мөнгийг хөрөнгө оруулагч нараас авчихаад зарцуулж чадахгүй бол алдагдалд орно, үргүй мөнгө төлнө. Тиймээс Нийслэл өрийн удирдлага болон санхүүжилтийн бодлогодоо маш сайн анхаарна.
-Одоо босгох бондоо хэдэн жилийн хугацаатай, ямар үе шаттай гаргахаар төлөвлөж байна вэ?
-Хугацаа таван жил орчим байх бөгөөд 3-4 транчтайгаар 500 тэрбум төгрөг татан төлөвлөрүүлнэ гэж тооцож байна. Наймдугаар сард багтаад эхний хөрөнгө оруулалтаа татна. Одоо хоёр даваа үлдсэн. НИТХ-аар бондын эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслүүдээ батлуулна. Хоёрт, нийслэлийн төсөвт тодотгол хийж, төслийн санхүүжилтийг тусгана. Ер нь үнэтэй мөнгийг сул байлгаад байж болохгүй учраас босгосон даруйд нь сонгосон төслүүдэд зарцуулах зарчим барина. Эхний хэсгийг 2023 ондоо төслүүдэд санхүүжилт хийж, үлдсэн хэсгийг 2024 оны эхний хагаст санхүүжилтийг нь олгоно.
-Бондын арилжаа нээлттэй болбол нийслэлчүүд хотынхоо бондыг авах боломжтой юм байна?
-Тодорхой хувийг Хөрөнгийн бирж дээр нээлттэй гаргана. Тэгэхээр иргэд бонд худалдан авч, хотынхоо хөгжилд гар бие оролцохыг уриалж байна. Хоёрт, нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй банкны хадгаламжаас өндөр хүүгийн ашиг хүртэх боломж гарна. Мөн хотын хөгжилд хувь нэмрээ оруулдаг аж ахуйн нэгж байгууллагууд ч оролцох боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих