» » АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу

АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу


Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 11-ний өдөр  АНУ-ын Конгрессын Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин монголчууд бидний аж амьдралтай холбоотой нэгэн хуулийн төслийг Конгресст өргөн барьсан. Тэр бол Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль юм.  Хэрэв энэ хууль дэмжиж батлагдвал  Монголын ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийг  Америкийн зах зээлд  борлуулах боломж бүрдэнэ.  
АНУ бол 320 гаруй сая хүн амтай асар том зах зээл.  Иргэдийнх нь худалдан авах чадвар өндөр.  Энэ улсад  одоогоор  жилд 3 сая гаруй ноолууран сүлжмэл хувцас борлуулагддаг гэсэн тооцоо бий. Үүнийхээ дийлэнхийг импортоор хангадаг болохоор Монголын  ноолууран бүтээгдэхүүнд маш таатай боломж  байна гэсэн үг. БНХАУ-аас экспортлох ноос, ноолууран бүтээгдэхүүнд АНУ импортын тариф тогтоогоод байгаа нь үүлэн чөлөөний сиймхий гэсэн үг.
Ер нь тэгээд хийж л чадвал зах зээл байна аа, байна. Тухайлбал, Европын холбоо гэж  дундаршгүй зах зээл байна. Тус холбоо Хятадаас жилд 225 мянган ширхэг ноолууран бүтээгдэхүүн импортлох хязгаартай тул цаана нь  хэрэглээний багагүй  орон зай үлдэж байна гэсэн үг. Энэ бас л Монголын ноолуурын үйлдвэрлэл, экспортод ирж байгаа боломж.
Бидний хувьд боломжоо ашиглаж чадах эсэх асуудал л байна. Харамсалтай нь энэ тал дээрээ тун дутуу дулимаг хэвээр байна.  
Европын холбоо гэж дундаршгүй зах зээл байна. Тус холбоо Хятадаас жилд 225 мянган ширхэг ноолууран бүтээгдэхүүн импортлох хязгаартай тул цаана нь хэрэглээний багагүй орон зай үлдэж байна гэсэн үг. Энэ бас л Монголын ноолуурын үйлдвэрлэл, экспортод ирж байгаа боломж.
Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг  Монгол  Улс эзэлдэг. Харин эцсийн боловсруулалтын 15 хувийг дотооддоо боловсруулдаг гэсэн мэдээлэл байна. Үлдсэн хувийг нь түүхийгээр болон хагас боловсруулан  экспортолдог. Өөрөөр хэлбэл өртөг шингээж чадахгүй шахам гадагш нь гаргаж байна гэсэн үг.
Гэтэл дэлхийн ноолуурын зах зээлийн 48 хувийг бүрдүүлдэгманай урд хөршийнхэн  ноолуурааа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон өндөр өртгөөр  зах зээлд борлуулж энэ салбараасаа ихээхэн хэмжээний валютын орлого олж байна.  Тус улс  боловсруулаагүй ноолуур экспортлохыг хориглосоны үр дүнд  ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрхи эцсийн бүтээгдэхүүний 60 хувийг дангаараа хангаж байна.
Харин бидний хувьд дүр зураг огт өөр байна. Тухайлбал, 2017 оны байдлаар нийт ноолуурын экспортын 20 хувийг бэлэн бүтээгдэхүүн эзэлж байжээ. Өөрөөр хэлбэл үлдсэн 80 хувь нь  түүхий болон хагас боловсруулсан ноолуур гэсэн үг.
Энэ байдлыг халж 2021 онд  ноолуурын экспортонд бэлэн бүтээгдэхүүний эзлэх хувийг 60%-д хүргэхээр Засгийн газар зорьж байгаа юм.
Ноос ноолууран бүтээгдэхүүний экспортоос Монгол Улс уул уурхайгаас дутахааргүй орлого олох боломжтой гэж ярьдаг.  Цаашилбал, эдийн засгийн нэг тулгуур болох боломжтой.  Энэ зорилтыг хангахад АНУ-ын Конгресст өргөн барьсан дээрхи хууль чухал нөлөөтэй  бөгөөд энэ талаар дэлгэрүүлэн тодотгоё.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэ хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын төлөөлөгч Дайна Тайтус, Стив Коэн, Дэвид Прайс, Жэймс Макговерн, Сюзи Ли болон Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын төлөөлөгч Брайн Фитцпатрик, Ральф Норман, Дон Яанг  гэхчлэн олон хууль тогтоогчид дэмжиж байгааг тухайн үед мэдээлж байв.
Гэвч энэ хуулийн төсөл хэлэлцэгдэж амжилгүйгээр АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсон бөгөөд үүнтэй холбоотойгоор дээрх хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин Конгресст дахин өргөн бариад байгаа юм.  Хуулийн төслийг мөн шинэ бүрэлдэхүүний нэр бүхий гишүүд дэмжиж байгаа гэх мэдээлэл бий.
Хэрэв АНУ-ын Конгрессын танхимд хэлэлцүүлэхээр дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдвал Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох юм. Ингэснээр оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа билээ. Мөн Монголын Хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд эергээр нөлөөлж, ноос, ноолуурын салбар, эмэгтэйчүүдийн орлого бодитоор нэмэгдэх хүлээлт байна.
 Г.Хантулга
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

АНУ руу ноос ноолууран бүтээгдэхүүн ТАТВАРГҮЙГЭЭР

АНУ-ын стратегийн 17 дахь түнш нь Монгол болов

Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын хүрээнд 30 мянган эмэгтэй

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ

Монгол Улсад УИХ-ын сонгуулийн нэг тойрог байхын ДАВУУ ТАЛ

Сэтгэгдэл бичих