Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудал дахиад сулрав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны намар танхимдаа сэлгээ хийж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тус яамны сайдаар томилогдсон. Гэвч нэгэн арга хэмжээн дээр нэн ядуу айлуудыг “Улныхан” хэмээн хэлснээсээ болж унасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ийнхүү нэг сар л ажилласан Д.Сарангэрэлийн орыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан залгаж “Давхар дээл” нөмөрч байв. Гэсэн ч Засгийн газраас өрнүүлсэн нүүрсний хулгайч нарыг нам дарах ажиллагаанд тэрбээр өртөж, мөн л сайдаасаа чөлөөлөгдлөө. Тиймээс “Эзэнгүй яамыг хэн толгойлох вэ” гэдэг марафон эрх баригч хүчинд эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч “хурд”-аа авч Төрийн ордноор гүйдэлтэй болжээ. Тэрбээр шадар хүн Б.Тулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зүтгүүлсэн ч МАН-ынхан “Гаднаас сайд томилохгүй” гээд халгаагаагүй аж. Харин Н.Энхбаяр өөр нэгэн “хөзөр” дэлгэж хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг сайдаар томилуулах лоббиг хийж яваа дуулдана. Гэхдээ юу л бол... УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон Э.Батшугарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилуулахыг МАН-ынхан дэмжихгүй. Учир нь ирэх жил сонгууль болно. Сонгуулиар нүүр тахалж орох хамгийн чухал салбараа тэд Н.Энхбаяр болон түүний хүүд бэлэглэхгүй нь тодорхой.
Л.Эрдэнэ
http://www.analiz.mn/postview/57116
Сэтгэгдэл бичих