Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордонд болов.
Ээлжит хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж, хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэй оролцлоо.
Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй.
Хуралдаанаар хорооны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилт, ЖҮХ-ны дэргэдэх салбар зөвлөл (14), салбар хороод (31)-ын жэндэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайлантай танилцаж, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа.
Түүнчлэн Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд "Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-ний төслийг танилцуулан хэлэлцүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
Жендэрийн үндэсний хорооноос 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн тэгш оролцоог дэмжихэд чиглэсэн гурван зорилт бүхий 36 ажлыг тусгажээ.
Цаашид стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой асуудлаар Жендэрийн үндэсний хорооны гишүүдийн уулзалт, семинарыг зохион байгуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарахаар гишүүд санал нэгдлээ.
Сэтгэгдэл бичих