Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Таван толгой түлш" ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэр болон төвийн нөөцийн талбайн ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр дараах 4 чиглэлээр ажиллахыг хүсжээ.
Үүнд:
- 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлд нийт сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх
- Баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг хийх, нүүлгэх ажлыг хэрхэн шат дараатай зохион байгуулах
- Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулбал тус дүүргийн айл өрхийг түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжийг судлах
- Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд шаардагдах төсөв, зардлыг шийдвэрлэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зуны сардаа базааж дуусгах ажлуудын шат дараатай зохион байгуулах асуудлуудыг ажлын хэсэгтэй хэлэлцэж, үүрэг өгсөн байна.
Хорио цээрийн улмаас түүхий эдийг татан авах, техникийн сэлбэг хангамж удаашралттай байгаа бөгөөд одоогоор 26 машин сул зогсож байгаа аж.
2020 онд дөрвөн бүсэд агаарын чанарыг сайжруулахаар зорьж, хамрах хороодын тоог заасан. Эдгээр бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг хангахад өнгөрсөн онд "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр 525 мянган тонн сайжруулсан шахмал түлш хийсэн байна.
Сэтгэгдэл бичих