Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн парад Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар 10.00 цагаас эхэллээ. Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадын сонирхол татах зүйл нь Батлан хамгаалах сайдын хөлөглөх автомашин гэж тодотгож байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ удаагийн цэргийн парадыг командлахдаа үндэсний үйлдвэрлэлийн Aurus лимузинийг хөлөглөлөө.
Энэ жилийн Ялалтын баяраар гаднын улсын төрийн тэргүүн нарыг албан ёсоор уриагүй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Тэгвэл Ялалтын баярын парадад Казахстан улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев хүрэлцэн иржээ.Энэ жилийн жагсаалд нийт 13600 цэргийн албан хаагч, 130 гаруй орчин үеийн дугуйт болон гинжит техник, зэр зэвсэг, 74 нисдэг тэрэг оролцох талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Тодруулбал, "Искандер-М" пуужингийн систем, стратегийн пуужингийн "Яарс" болон "Армата" систем, БМП "Курганец", БТР "Бумеранг" танк, стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95МС, Ту-22М3, сөнөөгч Су-35С болон Су-30СМ зэрэг агаарын 74 хөлөг онгоц оролцож байна.
Тус улсын Батлан хамгаалах яамнаас танилцуулснаар, механикжсан цувааг уламжлал ёсоор Ялалтын бэлгэ тэмдэг болсон “Т-34-85” хуягт танкууд тэргүүлэх юм байна. Механикжсан цуваа явж өнгөрсний дараа Улаан талбай дээгүүр цаг агаарын байдал таатай байвал Агаар-сансрын хүчний нисэх онгоцууд сүр хүчийг үзүүлнэ. Мөн 170 гаруй нь нисэх онгоцны багийхан дэлхий дахинд сүрт жавхлан үзүүлбэрийг үзүүлэхээр төлөвлөж байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан агаарын үзүүлбэрийг цуцалсан байна. Нисэх онгоцнууд 200-550 км/ц хурдтайгаар 150-450 метрийн өндөр дүүлэн, үзүүлбэр үзүүлэх ёстой байжээ.
Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ "Бидний бахархал, уйтгар гунигт өдөр, нацизмыг ялсан эх орныхоо хамгаалагч нарт талархаж байна. Өнөөдөр тэд бүгдээрээ ялалтад хүрлээ. Манай орны түүхэн дэх баатарлаг амжилтууд олон бий, гэхдээ нацистуудыг ялсан нь бидний түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг. Өнөөдөр хэд хэдэн улс дайны үйл явцыг буруугаар тайлбарлаж буйг бид харж байна. Жинхэнэ баатруудыг хамгаалах нь бидний ариун үүрэг. Тэд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа ч гэсэн тэдний ялалтыг хэн ч булааж чадахгүй.
ОХУ терроризмыг эсрэг хүчтэй зогсож, бүгдтэй нь хамтран ажиллахад нээлттэй байх болно. Ялалтын баярын өдөр бол та бүхний баяр. Энэ баяр залуу үеийг ахмадтай дайчидтай хамгийн их ойртуулдаг баяр. Би та бүхнээр бахархаж байна" гэв.
Ялалтын баярын парадын агаарын үзүүлбэрийн цуцалсан тул ийнхүү парад өндөрлөлөө. Үүний дараа орон нутгийн цагаар 13.00 цагаас Москва хотын өнцөг булан бүрт баярын арга хэмжээ эхэлж, 15.00 цагаас Улаан талбайд «Мөнхөд дуурсагдах дайчид» жагсаал уламжлал ёсоор болно. Энэхүү жагсаалд 700 мянган хүн оролцохоор бүртгүүлжээ.
Ялалтын баярын өдөр оросууд дайны тухай уран сайхны кино үзэж, төрөл бүрийн тэмцээнд оролцож, мөн 1940-өөд оны хөгжим дор бүжиглэцгээдэг билээ. Мөн соёл, амралтын хүрээлэн бүрт дайны цаг үеийн дууг эгшиглүүлсэн тоглолт болдог бөгөөд томоохон зэвсэг техник, дайны он жилүүдийг харуулсан зургийн үзэсгэлэн гарчээ.
Сэтгэгдэл бичих