Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өчигдөр Төрийн ордонд болжээ. Энэ хурлаар ирэх дөрвөн жилд Улаанбаатарыг удирдан авч явах мэдлэг чадвартай, туршлагатай 45 нэр дэвшигчээ дотоод ардчиллын зарчмаар сонгосон байна.
Сонгуулийн тухай хуулийн дагуу 23.10 цагт Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг дуусгажээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “МАН багаараа дахин нэг том сонгуулийн өмнө ирлээ. Манай нам улстөрийн өндөр соёлтой байж хуулийн хүрээнд өрсөлдөх болно. Мөн бусад сонгуульд оролцож байгаа намууд, бие даагчдадаа ч уриалж байна” гэсэн юм. УИХ-ын сонгуулиар МАН-аас гаргасан мөрийн хөтөлбөртэй уялдуулж, энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Ирэх дөрвөн жилд утааг бууруулсан амжилтаа ахиулан агаарын бохирдлыг 80-90 хувиар дахин бууруулах, хотын түгжрэл, автозам, цэвэрлэх байгууламж зэрэгт онцгой анхаарна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-ны пүрэв гарагт болно. Энэ сонгуулиар бид орон нутгийн хурлын төлөөлөгчдийг сонгох юм. Энэ удаагийн ээлжит сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн дагуу зохион байгуулна. Нэр дэвшигчдийн нэрс өнөөдөр ил болно.
УИХ-ын гишүүдээс ялгаатай нь тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэнийг төлөөлөгчөөр сонгодог. Тэгэхээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өрсөлдөж буй сум, дүүрэгтээ амьдардаг байх шаардлагыг хуульд тусгажээ.
Эх сурвалж: Gogo.mn
Сэтгэгдэл бичих