Форексийн зах зээл нь хөрөнгийн болон хувьцааны зах зээлийг бодвол биет ажлын газаргүй, 5 өдрийн турш 24 цаг нээлттэй байдаг, интернетээр холбогдож арилжаанд орох боломжтой таван их наяд долларын зaах зээл юм. Энэхүү дэлхийг хамарсан том зах зээлд ханшийн хэлбэлзлээс ашиг хийх боломж хүн бүрт нээлттэй. Тиймдээ ч сүүлийн арван жилийн хугацаанд хурдтай хөгжиж, энэхүү зах зээлийг сохирхогчдын тоо улам нэмэгдсээр өдгөө дэлхий даяар 10 гаруй сая хүн форекс зах зээлийн арилжаачид болжээ. Тэгвэл энэ нийтлэл маань анхан форекс арилжиж эхлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмжийг хүргэж байна.
1. Зөв брокерийн компани сонгох
Forex арилжаанд оролцохын тулд таны өгсөн захиалга брокер компаниар л дамжин гүйцэтгэгдэнэ. Олон форекс арилжаачид байхын хэрээр бас маш олон форекс брокерийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тиймээс хамгийн гол нь найдвартай, албан ёсны эрхтэй, олон улсын санхүүгийн хороонд бүртгэлтэй брокер сонгох нь чухал. Мөн тухайн брокерийн компани нь олгож буй бүтээгдэхүүн үйлчилгээндээ бусад брокероос ямар давуу талтай байгааг нь сайн судлах шаардлагатай.
Үүнд арилжааны шимтгэл бага байх, орлого зарлага хийхэд төвөггүй байх мөн брокероос гаргасан арилжааны платформ нь ашиглахад амар энгийн байх гэх мэт орно. Сонгосон брокер тань демо болон жинхэнэ данс нээхэд элдэв төвөггүй нээгдэж, толгой эргүүлэх зүйлгүй байх ёстой.
2. Форекс арилжаанд зайлшгүй мэдэх зүйлс
Форекс арилжаа хийж эхлэхээсээ өмнө та хангалттай цагийг шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад анхаарлаа хандуулаарай. Энэхүү зах зээлд арилжихын тулд та чамгүй олон шаардлагатай зүйлсийг эхлээд сурах нь зүйтэй. Та хэрвээ санхүү, эдийн засгийн мэдлэгтэй, түүнийгээ сорих хүсэлтэй бол форекс зах зээл танд тохирно. Арилжааны платформыг ашиглахад хэд хэдэн нэршлүүд, тэдгээр нь юуг илэрхийлж байгааг мэдэх нь арилжаанд ороход хэрэгтэй болно. Түүнчлэн хэрхэн захиалга өгөх, ханшийн мэдээллийг бүрэн ойлгох чадвартай байх шаардлагатай. Мөн ханшийн хэлбэлзэл нь эдийн засгийн байдалтай шууд холбоотой явагддаг тул та шинэ соргог мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхах нь чухал.
3. Сэтгэл санааны бэлтгэл
Форекс зах зээлд орсноор хурдан хугацаанд амар аргаар баяжих боломжтой гэж бодох нь эндүүрэл юм. Учир нь энэ нь тийм амархан биш ба судалгаагаар нийт арилжаачдын зөвхөн 10% нь л амжилт гаргаж тунаж үлдэж чаддаг байна. Форекс зах зээл байтугай энгийн борлуулалтын бизнес ч тийм амархан явдаггүй шүү дээ. Шунал, айдас гэх зүйлс таны тогтвортой арилжаа хийхэд саад болох эрсдэлтэй. Тиймээс сэтгэл санааны бэлтгэл амжилттай арилжаачин болоход тань маш том үүргийг гүйцэгтэнэ.
4. Их хэмжээний мөнгө шаардагдахгүй
Форекс арилжаа хийхийг хүсэх шалтгаануудын нэг бол өндөр хөшүүрэг юм. Форекс арилжаанд ороход заавал хэдэн арван сая төгрөгөөр эхлэх шаардлагагүй. Анхан арилжаанд орох гэж буй хүмүүс эхлээд багаар бодож 100$-оос эхлэж болно. Учир нь брокерууд 1:100, 1:200 гэх мэт өндөр хөшүүрэг санал болгодгоороо давуу талтай ба энэ нь 1 доллараар 100 долларын арилжаанд оролцох боломжийг нээж өгдөг юм.
5. Демо дансаар арилжиж туршлага суух
Жинхэнэ зах зээл дээр жинхэнэ ханшийн хэлбэлзэл дээр хуурамч мөнгөөр арилжих боломжийг демо данс олгодог. Жинхэнэ данс нээж ямарваа нэг эрсдэл хүлээхээсээ өмнө демо дансаар арилжаа хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Дараа нь та өөрийгөө хангалттай сурч мэдэж туршлагатай боллоо гэж үзсэн цагтаа жинхэнэ данс нээгээд явах бүрэн боломжтой шүү дээ.
Энэхүү 5 зөвлөгөө маань та бүхэнд форексийн зах зээлд хөл тавихад тань нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна. Ингээд энэ нийтлэлээ олз омогтой амжилттай арилжаарай хэмээн ерөөгөөд өндөрлөё.
Сэтгэгдэл бичих