- Гурван жилийн өмнө дэлхийн хамгийн үнэлгээ өндөртэй Louis Vuitton, хоёр жилийн өмнө Zegna монголын зах зээлийг орхиж гарсан
Premier tailor компанийн захирал Т.Зоригттой ярилцлаа. Тэрбээр Монгол Улс ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төвлөрвөл таваас арван жилийн дараа дэлхийд өрсөлдөх боломжтой хэмээн онцлон хэлсэн юм.
-Танай компани сүүлийн жилүүдэд олон брэнд оруулж ирлээ. Монголын тансаг бүтээгдэхүүний зах зээлд брэндүүд ямар хэлбэрээр оршин тогтнож байна вэ?
-Бид гурван жилийн өмнө тансаг зэрэглэлийн зах зээлд дээр Италийн Isaia брэндийг mono хэлбэрээр оруулж ирсэн. Харин өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд тансаг зэрэглэлийн таван эмэгтэй брэндийг multi чиглэлээр нээсэн. Монгол Улсын тансаг зэрэглэлийн зах зээл их жижигхэн. Тиймээс таван брэндийг нэгтгэсэн. Гадаадын брэндүүдийн үзэж байгаагаар Монголын зах зээл дэх хамгийн зөв аргачлал нь энэ юм.
-Тансаг зэрэглэлийн хувцас худалдан авахдаа эрчүүдийн дийлэнх нь танайхыг зорьдог. Бас эмэгтэйчүүдийн брэндийг оруулаад ирлээ. Борлуулалт нь хэр тэнцвэртэй байна вэ. Ямар брэндийн борлуулалт Монголд давамгай байна вэ?
-Аливаа нэгэн брэнд оруулж ирэхэд эхний хоёр жил нь зах зээлд байршуулахад зарцуулагдаг учраас цэвэр ашиг хүлээлтгүй. Бид сүүлийн долоон жилийн турш эрэгтэй хувцасны зах зээлд үйл ажиллагаагаа явуулсан. Ингээд тогтворжлоо гэж үзсэн тул эмэгтэй брэндийн зах зээл рүү орж эхэлж байна. Эмэгтэй зах зээл нь эрэгтэйг бодвол илүү эрэлттэй. Одоогоор эрэгтэй нь, эсвэл эмэгтэй нь илүү гэдгийг хэлэхэд хэцүү. Манай эрэгтэй тансаг зэрэглэлийн зах зээлийн үйлчлүүлэгчид аль хэдийн тодорхой болсон учраас борлуулалт сайн байдаг. Эмэгтэй зах зээлийн хувьд, дөнгөж гурван сар болж байна. Аливаа улс оронд өндөр нэр хүндтэй брэндүүдийн борлуулалт сайтай байдаг. Манай сонгож оруулж ирсэн брэндүүдээс Gucci-гийн борлуулалт бусдаасаа илүү байна.
-Танай компани зах зээлдээ аль хэдийн тогтворжиж танигдсан учраас түүндээ түшиглэн эмэгтэй хувцасны зах зээл рүү орж ирж байна уу?
-Аливаа компани илүү өргөжиж дэвшихийг боддог. Тэр утгаараа бид дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй байгаа брэндүүдийг судалж, оруулж ирж байна. Манай компани олон улсын загварын чиг хандлагыг Монголд оруулж ирэх алсын хараатай. Тиймээс бид цаг тухайд нь судалгаа явуулж, гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилладаг. Үйлчлүүлэгч нартаа аль болох тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг ойроос авах боломж нээж өгнө гэх зорилгоор энэхүү брэндийг оруулж ирсэн.
-Монголын тансаг зэрэглэлийн хувцасны зах зээлийн багтаамж хэр зэрэг вэ?
-Үнийн дүнгээр үүнийг илэрхийлэх боломжгүй. Нэгдүгээрт, Монгол Улсад тансаг зэрэглэлийн брэндүүд байгаагүй. Тиймээс гаалиас авдаг мэдээллүүд нь тодорхой хэмжээнд зөв дүнтэй байдаггүй. Дийлэнхдээ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг үйлчлүүлэгч нар гадаадад аяллаар эсвэл албан ажлаар явахдаа брэнд бүтээгдэхүүн худалдан авдаг. Гурван жилийн өмнө дэлхийн хамгийн үнэлгээ өндөртэй Louis Vuitton, хоёр жилийн өмнө Zegna Монголын зах зээлийг орхиж гарсан. Тиймээс Монголыг үнэлэх үнэлгээ, тансаг зэрэглэлийн зах зээлийг тооцох тооцоолол харьцангуй унасан.
-Монголд үйл ажиллагаа явуулах нь БНХАУ эсвэл, Хонконгоос Татварын орчны хувьд илүү ашигтай байж чадаж байна уу. Монголд байгаа бүтээгдэхүүн өрсөлдөж чадахуйц байна уу?
-Европын зах зээлд орох хүсэлт илгээж, зөвшөөрөл авсанаар бид LVMH, Kering гэх хамгийн том хоёр групптэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Манайд эдгээр брэндийн бүтээгдэхүүн Европын дэлгүүрүүдтэй ижилхэн үнээр худалдаалдаг. БНХАУ, БНСУ зэрэг оронд, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд оноох татвар Монголыг бодвол харьцангуй өндөр байдаг. Гэхдээ тэд тээвэрлэлтээ далайгаар дамжуулж авдаг учраас тодорхой хэмжээний зардал хэмнэдэг байх. Монголын зах зээл, Европын зах зээлд харьяалагдаж, үнийн бодлогыг барьж байгаа нь үйлчлүүлэгчдэд давуу тал бий болгодог. Тиймээс ихэвчлэн Япон, БНСУ-ын жуулчид үйлчлүүлэх хандлага илүү байна.
-Монголд хийж байгаа бүтээгдэхүүн болон та бүхний худалдаалж байгаа олон улсын брэндүүдийн чанар хэр зэрэг ялгаатай вэ. Чанарын ялгаа, ур чадварын түвшинд бид хаана явж байгаа вэ?
-Аливаа нэг улс үндэстэнд өөрийн гэсэн соёл гэж бий. Олон арван жил тухайн зүйлээ хийгээд дасчихсан учир тэр их хөдөлмөрийг хэдхэн жилийн хугацаанд гүйцэх хэцүү. Гэхдээ манай улс ноолуурын экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Манай улсын ерөнхийлөгч Gucci брэндийн захиралтай уулзан, манайхаас арьс, арьсан бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийн талаар ярилцсан. Gucci багаа явуулж судалж үзэж байгаа юм билээ. Бүхнийг үйлдвэрлэнэ гэхээсээ ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнд илүү төвлөрч ажиллавал 5-10 жилийн дараа дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд очно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Засгийн газрийн мэдээ сонин
Сэтгэгдэл бичих