» » Ч.Раднаабазар: Налайх дүүрэгт дахиад нэг түүхэн үе эхэллээ гэж үзэж байгаа

Ч.Раднаабазар: Налайх дүүрэгт дахиад нэг түүхэн үе эхэллээ гэж үзэж байгаа

Ugluu.mn сайт “Өглөөний зочин” буландаа Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарыг урьж, Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар ярилцлаа.
  • Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр баригдхаар шаваа тавьчихлаа. Налайх дүүргийнхний хувьд ямар хүлээлттэй байна вэ?
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт дахиад нэг түүхэн үе эхэллээ гэж үзэж байгаа. Манай дүүрэг олон үндэстний өлгий нутаг гэдгээрээ их онцлог. 18 аймаг болон хотоос залуучуудыг нэгдсэн журмаар авч ирж аж үйлдвэрийг эхлүүлж байсан түүх бий. Тухайн үед шилний үйлдвэр, уурхай, барилгад орж байсан бүх л үйлдвэрлэл энд явагдаж, Улаанбаатар хотыг хангаж байлаа. Улаанбаатраас түүхий эдээ авч ирээд энд үйлдвэрлэлээ явуулаад бүтээгдэхүүнээ гаргадаг байсан. Энэ түүхийн үргэлжлэл болж энэхүү үйлдвэр сууриа тавьж байна. 
1990 оноос хойш иргэдийн маань 70-аад хувь нь ажилгүй болсон. Аж үйлдвэр зогсож, шууд зах зээлд ороход ард түмэн бэлтгэгдээгүй байсан учраас улс даяараа уналтад орж, ажилгүйдэл ихэссэн. Тэр үеэс эхэлсэн ажилгүйдэл манай Налайх дүүрэгт үргэлжилсээр байсан. Иргэд маань гар аргаар нүүрс олборлож амьдралаа болгодог байв.
Сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулснаар эдийн засгаа, аж үйлдвэрээ сэргээж,  айл өрх нь ч, иргэн нь ч ажилтай, орлоготой, амьдралтай болж, айл гэрт хүүхдийн дуу цангинаж, инээд баясал улам төгөлдөршиж, 100 хувь тэсрэлтийн шатанд очно гэж харж байгаа. 
Иргэдийнхээ дуу хоолойг сонсож, иргэдийнхээ дунд байхад юу хэрэгцээ шаардлагатайг төр засаг нь илүү сайн мэддэг, ойлгодог
  • Шахмал түлшний үйлдвэрийг Налайх дүүрэгт байгуулна гэдэг санаачлага энгийн иргэнээс гарсан гэж сонссон?   
Нийслэлд шахмал түлшний үйлдвэр байгуулагдаад, эхний ээлжинд төвийн зургаан дүүргээ түлшээр хангана, яваандаа үлдсэн гурван дүүргээ хангана гэж байсан учир өнгөрсөн өвөл манайх утаатай өвөлжсөн. Дээрээс нь цахилгааны хөнгөлөлтөд манай дүүрэг хамрагдадгүй байлаа. Энэ асуудлыг шийдүүлхээр санал тавиад явж байсан.
2017 оноос эхлэн иргэдийнхээ оролцоог хангахаар иргэдээсээ санал авсан. Энэ үеэс эхлээд улирал бүр, хороо бүр дээр засаг даргын явуулын өрөө ажиллаж иргэдийнхээ саналыг авч эхэлсэн. Аль болох иргэдийнхээ дэвшүүлсэн санал, санаачлага, асуудлуудыг зэрэг шийдээд явахыг хичээдэг. Манай гуравдугаар хорооны нэг иргэн Иргэдийн нийтийн хурал дээр “Утаагүй түлш гэдгийг хэрэгжүүлээд эхэлбэл яадаг юм бэ” гэдэг асуудал дэвшүүлсэн. Санал болгоныг хэрэгжүүлхэд хөрөнгө, мөнгө шаарддаг учир энэ асуудлыг зөвлөлөөрөө хэлэлцээд юун түрүүнд нийгэмд шаардлагатай байгаа асуудлуудыг эрэмбэлээд, хөрөнгө оруулалтаа хийдэг. Утааг багасгах, утаагүй болох нь мэдээж нэгдүгээрт шийдэх ёстой асуудал байсан. Сүүлийн 10-аад жилд утааны асуудлаас болж эрүүл мэндээрээ хохирох, хүүхэд эхийн хэвлийд байхдаа эндэх гэх мэт сэтгэл түгшээсэн зүйлтэй нүүр тулж ирсэн. Тийм учраас утааныхаа асуудлыг шийдэхийн тулд шахмал түлшний үйлдвэрийг дүүрэгтээ барих нь зүйтэй юм байна гэдэг рүү анхаарсан. Утаагүй бүсчлэлд орох хүсэлтэй иргэдийнхээ хүсэлтийг нэгтгээд дүүргийнхээ иргэдийн хуралд асуудлаа боловсруулаад, дараа нь НИТХ-д дүүргээ төлөөлж буй, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд уламжлахад нааштай хүлээж авсан. Цаашид томоохон төсөл хөтөбөрийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн. Яагаад гэвэл Налайх, Багахангай, Багануур гэсэн гурван дүүрэг алслагдсан учраас бүх л шийдэрийн гадна үлдэж байсан. Эдгээр алслагдсан дүүргүүд хөгжвөл хотын төвлөрөлийг сааруулна, дүүрүүд маань тэлнэ. Ингээд шахмал түлшний үйлдвэрийг ийшээ оруулъя гэж шийдсэн. Тэгэхийн тулд замыг нь, дэд бүтцийн хурдан хугацаанд шийдвэрлэх шаардлагатай болсон. Ингээд 2019 ондоо дэд бүтцээ шийдэж чадсан. Иргэдийнхээ дуу хоолойг сонсож, иргэдийнхээ дунд байхад юу хэрэгцээ шаардлагатайг төр засаг нь илүү сайн мэддэг, ойлгодог. Энэ бүх асуудлыг дээш дэвшүүлж дор, дор нь шийдвэрлэх систем нь хэрэгжээд эхэлсэн. Иргэн төвтэй төр байхын тулд төрийн бодлого, шийдвэр нь бодлогоороо дамжиж иргэндээ хүрч байх ёстой. Энэ зарчмын дагуу эхний ээлжинд замаа шинэчилсэн. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Засгийн газарт өргөн барьж, Засгийн газар хуралдаад Налайхад төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр Налайх, Багахангай, Багануурын утааны асуудал шийдэгдэх нь ээ. Мөн Төв аймаг байна. Эдгээр дүүргүүд болон ойролцоо сумдыг түлшээр хангах нь хамгийн зөв эдийн засгийн эргэлт болно. Энэ бол хөгжлийн гарц л гэж хараад байгаа юм бид. Зам дагаж хөгжил, хөгжлөө дагаад хөгжлийн түүчээ, алхам болгоноороо эдийн засгийн эргэлт рүү оруулж байгаа хэлбэр юм. Энэ үйлдвэр нь агаарын бохирдол, эрүүл мэнд, боловсролын асуудал, зам дэд бүтцийг багтааж чадсанаараа эдийн засгийн том ухагдахуун, зөв шийдэл нь юм. 
Дүүргийн татвар нэмэгдэнэ гэдэг нь эдийн засгийн суурь үзүүлэлт сайжирна, зөв голдиролдоо орно гэсэн үг
  • Налайх дүүрэгт ажилгүй байгаа хичнээн иргэн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байраар хангагдах боломжтой хичнээн ажлын байр байгаа вэ?
Манай дүүрэг 40-өөд мянган хүн амтай. Үүний 3300 орчим нь ахмад настангууд, 13000 орчим нь хүүхдүүд. Ингээд харахаар 18-55 насны 20,000 орчим нь ажиллах боломжтой иргэд байна. Үүнийгээ дахиад ангилсан. 1,880 хүн нь төрийн болон хувийн байгууллагад ажиллаж байгаа. 14,500 орчим нь ажиллах боломжтой гэсэн судалгаа бий. 3,500-аад хүн ажлын байргүй байна. Үүнээс 1,800 орчим нь үнэхээр ажиллах сониролтой гэсэн судалгаа Засаг даргын явуулын санал асуулгаар гарсан. 350 орчим нь ажил хийх сонирхолгүй гэсэн хариулт өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй, асрамжлуулдаг хүмүүс мөн тодорхой хувийг эзэлж байна. Ажиллах хүсэл байвч нөхцөл байдлаасаа, биеийн эрүүл мэндээсээ шалтгаалаад ажиллах боломжгүй байдаг. Ийм судалгаа бидэнд бий. 
Яг үйлдвэр дээр 1,500 ажлын байр гарна гэж байгаа. МСҮТ-д бэлтгээд гаргачихсан 240 орчим мэргэжилтэн бэлэн байгаа. Дунд боловсролтой 271 хүн, их дээд сургууль төгссөн 5 хүн байна. Ажлын байранд мэргэжилтэй хүн хэрэгтэй учир бид бага дунд боловсролтой 270 орчим хүнээ хөдөлмөр халамж үйлчилгээний төв, МСҮТ-тэй хамтран мэргэшүүлхээр бэлдэж байгаа. Үсчин, тогооч, засварчин, операторчин гэх мэт 18 төрөлд хүмүүсээ бэлтгэхээр бэлтгэлээ хангасан. Ингээд бэлэн байгаа мэргэжилтэн болон бэлдэж байгаа мэргэжилтэн гээд 600 орчим хүн шахмал түлшний үйлдвэрт ажиллахаар бэлэн байна. 
Гол нь манай уурхайчидад ажлын байр байхгүй. Яагаад гэвэл амьдралын эрхээр бүрэн дунд сургуулиа төгсөөд шууд уурхайд ажиллачихсан. Энэ хүмүүсээ мөн сургалтад хамруулаад мэргэжилтэй болгочихвол ажлын байраар хангагдах боломжтой. Бид ч боломжит хугацааг нь гаргаж өгөхийг хичээж байна. Ингээд дүүргийнхээ иргэдийн 70-80 хувийг ажлын байраар хангана гэсэн тооцоо байна. Энэ бол өнөөдрийн бодит тооцоо. 
  • Иргэд ажлын байраар хангагдахаас гадна эдийн засгийн хувьд ямар үр өгөөж байна вэ?
Гаднаас мах, ногоо, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийхгүйгээр манай дүүргээс хангалтаа хийвэл энэ үйлдвэрийг дагаад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг иргэдийн ашиг орлого нэмэгдэнэ. Нөгөө талаар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжээд, хөрөнгө оруулалт хийвэл эргээд ААН-үүд татвараа төлж эхэлнэ. Дүүргийн татвар нэмэгдэнэ гэдэг нь эдийн засгийн суурь үзүүлэлт сайжирна, зөв голдиролдоо орно гэсэн үг. Гэх мэтээр дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдийн бизнесийн ахиц гарснаар эдийн засгийн хөшүүрэг болно гэсэн нөхцөлтэйгээр эдийн засгийн маш том алсыг харж байгаа. 
  • Үйлвэр баригдах газар нутаг нь хаана харъяалагдах вэ?
Газар нь төв аймгийнх. Гэхдээ хаана байршхаасаа илүү гол зүйл нь төвлөрөл, төвлөрөл нь Налайх дүүрэг. Төв аймгийн Сэргэлэн сум болон Налайх дүүргийн хилийн зааг дээр л байгаа юм. Сэргэлэн сум ч гэсэн ажлын байраар хангагдах хүсэлтэй иргэдээсээ саналыг нь авсан. 130-аад хүн ажлын байрны санал ирүүлсэн. Ингээд хоёр талаас иргэдээ 100 хувь ажлын байраар хангах боломжтой. 
Энэ үйлдвэр арваннэгдүгээр сард ашиглалтад орсноор үйлдвэрийн ажилчдаас гадна борлуулагч, түгээгч гэх мэт 10,000 орчим иргэн ажлын байраар хангагдана гэсэн тооцоо бий. Эдгээр ажлын байр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс бүрдэнэ гэсэн үг. 
  • Сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор дүүргүүд өөрсдөө түлшний нөөцөө бүрдүүлэх ёстой гэсэн үүрэг өгсөн. Танайх энэ дээр яаж ажиллах вэ?
Сайжруулсан шахмал түлшийг бороо, салхи, тоосноос ангид, аюулгүй орчинд, хамгаалалттай битүү газар хадгалах ёстой. Бид судалгаагаа гаргасан. Борлуулалт хийх 20 цэг гаргана. Тэр цэгүүд дээрээ савууд бэлдэнэ. Мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж  байгаа цэргийн ангиудтай ангарын асуудлыг шийдвэрлэж өгөхийг ярилцаж байгаа. Энэ талаар холбогдох газарт нь хүсэлтээ тавьчихсан. Цэргийн ангийн Ангарт нөөцөө бэлдэнэ. Ямар ч байсан дүүргийнхээ 20 цэгийг хангалттай хангах хэмжээний нөөцийн асуудлаа шийдчихсэн гэж хэлж болно. 
  • Борлуулалт, түгээлтийн ажилчдийг хаанаас цалинжуулах вэ?
Гарах зардлуудыг Засгийн газар хэлэлцэж шийдвэрлээд тодорхой хэмжээний зардал тусгана. Яг энэ чиглэл рүү зардал тавигдаж байгаагаараа их онцлог. Ер нь манай дүүрэг 100 хувь татаасын дүүрэг. Нийслэлээсээ татаас авч амьдардаг. Одоо үйлдвэрлэл явуулаад, ААН-үүдээ дэмжээд ирвэл биеэ даах чадвар илүү нэмэгдэнэ. Энэ үедээ борлуулалтад ажиллах иргэдийн цалингаа дүүрэг өөрөө шийдээд байх боломж гарна.     
Ярилцсан: Б.Нямзул

Эх сурвалж: Өглөө.мнскачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сайжруулсан түлшний нийлүүлэлт борлуулалтыг дүүргүүдийн

Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулна

Агаарын бохирдол 49.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэв

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх аргыг иргэдэд ойлгуулах нь

Шадар сайд Ө.Энхтүвшин Тавантолгой түлш ХХК-д ажиллав

БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ТҮЛШЭЭР ХАНГАХААР НЭМЭЛТ

Сэтгэгдэл бичих