-"Люмино" хамтлагийн сүүлийн үеийн сонин сайхан юу байна?
-"Люмино" хамтлаг 2020 онд гурван тоглолтыг төлөвлөсөн байсан. Гэсэн ч “Covid-19” цар тахал газар авснаар аялан тоглолтын ажлууд маань хойшиллоо. Энэ онд “Хэмнэл нэрэгч”, “Best of Lumino I, II” гэсэн хоёр цомгийг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Яг одоо гурван шинэ дуун дээр ажиллаж байна.
-Нууц биш бол шинэ дуунуудынх нь стиль жанр нь юу вэ?
-Нууц ч юу байхав дээ. Ямар ч байсан шинэ цомогт маань орох учраас чанартай, сонсголонтой настртай дуу хийхийг л зорьж байна даа.
-Танай хамтлагийн анхны дуу хэзээ бүтэж байв?
-Манай хамтлаг 1998 онд байгуулагдаж, Монголд хип хопыг үүсгэсэн гурван хамтлагийн нэг болж байлаа. Тэр үед дэлхийд Гангста реп хэмээх урсгал ноёлж байсан юм. Нэг ёсондоо “Old school” халагдаж шинэ үе гарч ирж байсан гэж хэлж болно. Тухайн үеийн урсгалын реп дуучид өдгөө Америкийн шилдэг продюсерууд, домогт репперүүд болсон байна. Бид ч цаг үеэ дагаад “Өвөл”, “Үнсэн хот”, “Гангста реп” зэрэг дуунуудыг хийж эхэлсэн. Миний гардаж хийсэн анхны дуу бол “Би чамд хайртай”. Хайрын буюу мөнхийн сэдвээр урсгалаа хөгжүүлж, хип хоп сонсогчдыг нэмэх төлөвлөгөөтэй хийж эхэлсэн нь тэр. Тэр маань ч бүтэлтэй болж хип хопын эрин үе Монголд бий болсон доо.
-"Люмино" хамтлаг тасралтгүй 22 жил уран бүтээлээ хийж байгаа Монголын цорын ганц хип хоп хамтлаг. Та бүхний амжилт, эв нэгдэл юун дээр тогтдог вэ?
-Бидний энэ хүртэл явж ирсэн зам тийм ч дардан байгаагүй. Уналт, босолт гээд олон зүйлтэй учирч явлаа. Хип хоп урсгал Монголд унасан, юу ч хийсэн нөгөөх нь газар авахгүй үе бишгүй байсан. Хип хоп гэдэг урлаг, түүнийг хийдэг хүн бүхэн хогийн шаар, нийгмийн шавхруу байх албагүй гэдгийг харуулах гэж олон жил явлаа. 2000-аад оны дундуур реп дуучин гэхээр л “хогийн шаар” гэдэг ойлголт нийгэмд маш хурдан тархаж байсан. Бид цаг ямагт энэ ойлголтын эсрэг байр суурьтай байж, өөрсдийнхөө амьдралаар харуулах гэж зөв явахыг, зөв амьдрахыг эрмэлздэг байлаа. Ер нь аливаа юм удам угшил, гарал үүслээсээ шууд хамаардаг байх. Одоо цаг өөр болж, реп дуучид шинэ түвшинд гарч ирж бид нарын хүсч байсан шиг урлагийн төрөл болсонд баяртай байдаг. Бид анх зорилгоо тодорхойлохдоо “түүхэнд үлдэнэ, эцсээ хүртэл явна” гэсэн үзэл дээр нэгдэж байсан. Одоо ч энэ байр сууриндаа бат зогсож байна. 1990-2020 он хүртэл бүх л цаг үед биднийг дэмжиж ирсэн сонсогчиддоо л их баярладаг даа.
-Танай хамтлаг 150 гаруй дуу хийсэн гэгддэг. Дууны үг, санаагаа хамтарч гаргадаг уу?
-Хамтлагийн дуунуудын санаа, үгний зохилдлогоонуудыг продюсерийн хувьд би найруулдаг. Анхаа өөрийнхөө хэсгийг бичдэг. Сүүлдээ Бажи бас дуунууд дээр ажилладаг болсон. Ер нь тэгээд хамтлаг учраас нэг нэгнээ нөхөөд явдаг даа.
-Реп хөгжим Монголд хурдацтай хөгжиж байна. Монгол репперүүдийн дууг гадаадынхан их сонсдог болжээ. Ер нь Монголын хип хоп хөгжим дэлхийд гарах боломжтой юу?
-Реп дуулж эхлээд, “Люмино” гэдэг хамтлаг байгуулахдаа хүүхэд насны дэврүүн хүслээр л урагшилж байлаа. Тэр үед хүмүүс наад урсгал чинь зөвхөн хүүхэд насны гажиг зүйл, хурдан алга болно ухааны юм ярьдаг байсан. Гэтэл энэ урсгал хөгжөөд, дэлхийн хамгийн том шоу бизнесийн нэг болжээ. Энэ хооронд нөгөө цагийг эзэлсэн “Boyband”-ийн урсгал дэлхийгээс арчигдсан. Харин сүүлд “Big bang” эхлэлийг нь тавьж, “BTS” гээд үргэлжилж буй K-pop урсгалын хамтлагууд мундаг явж байна. Интернэт хөгжиж бүх зүйл амархан болсон энэ цагт сайн бүтээл хийсэн бол хүнд хүргэхэд амархан болж. Гадаад улсад монгол репийг хүргэх боломжтой зүйл. Гэхдээ туршлагатай “Label”-тэй гэрээ байгуулахгүйгээр гадны зах зээл рүү гарна гэдэг бүтэхгүй зүйл байх. Люминогийн хувьд 2005 онд үндэсний цөөхүүл хөгжимтэй монгол хип хоп “Ламбагуайн нулимс” цомгийг “THE HU” хамтлагийн жанраар буюу орчин үетэй язгуур урлагийг хольж гаргаж байсан. Тэр үед дэлхий хавтгай биш, бөөрөнхий байсан болохоор гадагшаа гаргаж чадаагүй.
-"Люмино" хамтлагийн ойрын таван жилийн төлөвлөгөө юү?
-Хийхээр төлөвлөсөн зүйл бидэнд их байгаа. Том тоглолт, шинэ цомгууд гээд л… Гоё дуу хөгжмөөр сонсогчдоо баясгаад, сонгсогчдоо харж өөрсдөө баясаад л амьдраад байна гэж боддог доо./инээв/
-Сүүлийн үеийн дуунууд нь илүү трап маягийн болжээ. Ер нь цаашид трап дуу гаргах төлөвлөгөө бий юү?
-Гангста репийн эрин үед "Люмино" болон тэр үед үүссэн хамтлагууд хамаардаг. Одоо гэнэт “Трап” гэдэг урсгал гараад ирсэн юм шиг юм хүмүүс бодоод байдаг. Гэтэл энэ нь цаг хугацаанд хувьсаж явсаар “Трап” гэсэн нэрээ олсон урсгал. Энэ хөгжмийн эхлэл аль 2000-аад оны эхээр “Dirty South” нэртэйгээр эхэлж байсан. Тэгээд Люминогийн 2003 онд гарсан “Гэрэлт хорвоод” цомогт дөрөвний хоёрт хуваагддаг “Шог гар” гэж дуу орж байсан. Тэгээд 2010 онд “Дахиад гарч ирэв” гэж дуу гарахад бас л шинэ стилл болж байлаа. Цаашдаа хэвийн боов шиг “Трап”-ийг бид хийхгүй байх. Ямар нэгэн онцлогтойгоор л “Трап” хийвэл хийнэ. Тэрнээс одоо гарч байгаа биднээс дүү хүүхдүүдийн дуулаад байгаа шиг зүйл хийхгүй.
-Шинээр гарч ирж байгаа уран бүтээлчидтэйгээ хамтарч уран бүтээл хийх үү?
-Шинэ залуучуудтай дуунууд хийхээр төлөвлөж ярилцаад хөгжмөө эхэлсэн хоёр дуу байгаа. Тэр шинэ цомогт маань орох учир одоохондоо нууцхан байж л байг.
-Уран бүтээлч хүн үргэлж шинийг эрэлхийлэх шаардлагууд үүсдэг. Өөрсдийгөө хэрхэн мотивацижуулдаг вэ?
-Хүн хүний эрч хүч авах өгөгдлүүд нь өөр өөр байдаг байх. Би хийгээд л байвал цаашаа хөврөөд л байдаг. Хийхгүй удахаар төсөөрөөд нөгөө хүнээ дуудах гэж хэд хоног суудаг. Нөгөө хүн гэхээр гайхаж байгаа байх, онгод бөө юм уу гэж. /инээв/ Суугаад удахаар ороод ирдэг. Харин нэг ирсэн үед нь нижгээд юм амжуулж авахгүй бол дахиад ирэх гэж хэд хононо. Би Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай “номер 1” хип хоп цомог болох “Гэрэлт хорвоо” цомгийн дуунуудыг нэг сарын дотор бүгдийг нь бичиж дуусгаж байлаа. Сүүлд өөрийнхөө хоёр цомгийг нэг дор бичсэн гэхчлэн.
-Танай хамтлаг ихэнх дуундаа 1980,1990 оны дуунуудын зарим хэсгийг ашигласан байдаг. Энэ бас сонсогчдод илүү хүрдэг. Энэ талаараа хуучлахгүй юу?
-Энэ бол дэлхийн бүх урлагт байдаг зүйл. За дэлхийн хөгжмийг Америкийн гэж яривал 1990 оноос 2000 оны хооронд 100 хувь зохиогдсон дуу маш ховор байдаг. Бараг бүгд 1950-иас 1970-аад оны дуунуудыг шинэчилсэн найруулгаар дуулсан байдаг. Хэрэв хөгжим сонсдог хүн бол тэдгээрийг ихэнхийг нь мэдэх ёстой. Одоо ч тэр дахин дуулагдаж байгаа дуунууд дэлхий дээр гарсаар л байгаа. Бид ч таарсан “sample” олдуул Монголынхоо өнгөрсөн үеийн урлагийг ухсаар л байх болно. Өнгөрсөн үеийн хөгжимд гайхалтай классик зүйлс оршсоор байдаг.
-Монголын шилдэг 100 дуунд багтсан “Намайг дагаад цэнгэ” дууг хүн бүхэн л дуулдаг. Энэ дуу бүтсэн түүхээс хуваалцаач.
-Тэр дууг 2003 оны гуравдугаар сард бичсэн. Тухайн үед “Muse” хэмээх диско клубтэй “Люмино” гэрээ байгуулж, баасан гаригийн орой болгон дуулдаг байлаа. Тэгээд нэг удаа дуулах гээд очсон байхдаа нэг зүйлийг олж харсан. Хоёр давхраас доошоо харахад гэрэлд харагдах олон хүн дундаас ганц хоёр эмэгтэй хүний урт үстэй толгой шовгонож харагдаад, тэгээд “хүүе хаая” гээд дуу дуугаа авалцаад дискодож байсан. Тэрнээс авхуулаад “Дуу дуугаа бид бүхэн авалцаж байна, Дур хүсэл бүр аймар оволзож байна, Хөөрхөн охин тэр доор жоволзож байна, Харин минийх эндээ болболзож байна” гэж энэ дөрвөн мөрт тэр дороо орж ирсэн. Тэгээд “Намайг дагаад цэнгэ” гэж гарчиглаад дуугаа удалгүй дуусгаж байлаа. Жинхэнэ тэсрэлт болох гэж тэрийг л хэлдэг байх. Хар амьдрал, хайр дурлал хоёр дуулдаг байсан Монголын хип хоп-д “зугаа цэнгэл”-ийг яаж дуулж болох вэ гэдгийг харуулсан бас нэг шинэ хуудас нээсэн дуу гэж боддог. Одоо ч хүмүүс энэ дууг хүссээр л байдаг.
-Сүүлд “Ganjenjoo” дуугаа гаргасан шүү дээ. Энэ дуугаар ямар санааг сонсогчдод хүргэхийг зорьсон бэ?
-Энэ дуу бол яахав дээ бэлэн юм битгий хар, өөрөө зорилго тавиад тэрэндээ хүр, бэлэн юм амтална гэвэл “гонжийнжоо голионы баас” л гэсэн утгатай дуу. Сонсогчдод бас тэгж ойлгогдсон гэж анзаарагдсан. Ер нь өөрийн гараар босгосон бүхэн хичнээн амттай гэдгийг л хэлэх гэсэн санаа л даа.
-Хамтлаг болгон өөрийн гэсэн том зорилгуудыг урдаа тавьсан байдаг. Танай хамтлагийн хамгийн том зорилго юу байна вэ?
-Бидний зорилго бол сайн уран бүтээл хийгээд, тэрийгээ харж баясаж, кайф авах явдал. “Люмино” бол чанар гэдэг үгний тодорхойлолт гэж боддог. Бидний 2000 онд бичүүлж байсан анхны дискний дууны дуугаралтууд өнөөдөр ч чанараа алдалгүй дуугарч байдаг. Монголын хөгжмийн ертөнцийн түүхэнд тодоос тод үлдэх, урсгалдаа дөрөв дэх арван жилээ тасралтгүй уран бүтээлээ хийж буй цор ганц хип хоп хамтлагийн хувьд одоо хийх юу үлдсэн байна, тэр бүгдийг хийнэ гэсэн зорилготой байгаа даа. Тэгээд аймшигт муухай өвчин газар авах гээд байгаа энэ цаг дор хүн бүр дороо хичээгээд, дээрээс зөвлөж байгаа дүрмийн дагуу хамтдаа даваад гарцгаая. "Хурд" хамтлаг телевизийн лайв тоглолт хийж хандив цуглуулсан шиг тоглолтыг “Люмино” хамтлаг хийхэд бэлэн байгаа. Энэ тухайгаа Улсын Онцгой Комисст санал хүргүүлсэн. Хэрэв тэр тоглолт болохоор бол үзэгчидтэйгээ удахгүй онлайн тоглолтоор уулзах нь байна. Та бүхэнд аз хүсье!
С.Лхамсүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл бичих