
Ходоодны шарх үүсгэх өөр нэг шалтгаан нь хеликобактерийн халдвар юм. Энэ бактери нь бохирлогдсон хоол хүнс, ахуйн замаар халдварлагддаг ба бохирлогдсон гар, халдвартай хүний алчуур, аяга таваг, бохирлогдсон эд зүйлээр халдвар тархдаг. Хеликобактерийн халдвар нь хүүхэд, залуучуудын дунд 70 орчим хувийн тархалттай байдаг гэсэн тоо судалгаа байдаг. Хеликобактерийн эмчилгээ нь эмчийн заавраар бус эмийн сангийн худалдагч нарын заавраар зөв бус эмчилж байгаа нь нууц биш юм. Ингэж нарийн мэргэжлийн эмчийн тодорхой үечилсэн схемээр зөв эмчлэхгүй, хайнга хяналтгүй ханддагаас ходоодны хавдарт шилжих эрсдэлтэй байдаг. Хорт зуршлын хэрэглээ буюу архи, тамхины, өвчин намдаах эмийн замбараагүй хэрэглээ, стресс дээрх өвчнүүд үүсэх шалтгаан болно.
Мөн хоолны зохисгүй хэрэглээ, таргалалт зэрэг нь улаан хоолой, ходоодны сөөргөөт үрэвсэл үүсгэдэг ба 70 градусаас дээш хэт халуун хоол, цай хэрэглэж байгаа нь улаан хоолойн үрэвсэлт, шархлаат өвчин цаашлаад монголчуудын хэлдгээр нарийнтах буюу улаан хоолойн хавдар үүсэх үндсэн шалтгаан болдог.
Нойргүйдэл, маш их дарамт, стресс, ажлын хэт ачаалал зэрэг нь ходоодны салстыг хамгаалах тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Ходоод нь өөрөө хүчлээс хамгаалах тусгай тогтолцоотой. Уг хамгаалах тогтолцооны тэнцвэрт байдал алдагдсаны улмаас ходоодны шарх үүсдэг. Ялангуяа толгойны болон үе мөчний өвдөлт намдаах эмүүд болох цитромон, индомон, ибупрофен, дикло-денк зэргийг хэт замбараагүй хэрэглээ нь ходоодны хамгаалах салстыг гэмтээж ходоодны шарх, шархлаат өвчинг үүснэ.
Стрессийн шалтгаант ходоодны өвчлөлийн үед стресс бүхий л орчноос тусгаарлах, тайван орчинд ажиллаж, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай байдаг.
Сэтгэгдэл бичих