» » У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу

У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу

–ШҮҮХ ДЭЭР ДУБАЙН ГЭРЭЭГ УНАГАЖ, БҮЛЭГ ДЭЭР ЗОДООН ҮҮСЭХ ХЭМЖЭЭНД МАРГАЖЭЭ-
Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаас /2019.11.18/ Дубайн гэрээтэй холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ГУРВАН удаагийн захирамжийг ХУУЛЬ ЗӨРЧСӨН гэж үзэв. Утгачилвал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, үүнийг хүлээн зөвшөөрч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд  нар гэрээнд  гарын үсэг зурсан асуудлыг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ  шийдвэр юм.
Нэг ёсондоо шүүхээс Дубайн гэрээг бүхэлд нь хууль зөрчсөн гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Дубайн гэрээг цуцлах эсэх асуудлыг хөндөн ярилцсан. Салбарынх нь чухал асуудлыг ярьж байхад Д.Сумъяабазар сайд эзгүй. Гишүүд нэгнийгээ “Чи Оюутолгойгоос мөнгө авч лоббинд орсон”, “Чи шантааж хийж, мөнгө авахыг оролддог” гэх утга бүхий зүйлсээр маргалджээ.
Ерөнхийдөө Засгийн газрын гишүүд болон өмнө нь парламентад сууж байсан УИХ-ын гишүүд “Дубайн гэрээг цуцалвал эдийн засаг зогсоно” гэж дуугарч, “мөнгө авсан” ангилалд шилжсэн байна. Улмаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг Ц.Нямдорж сайд “Чи олон жил шантааж хийсэн. Дубайн гэрээг цуцалвал эдийн засагт хортой” гэснээс үүдэж, тэд барьцалдаж авчээ. Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдорж сайдын хоолойг боож түлхсэнд А.Сүхбат, Ч.Хүрэлбаатар нар тэднийг салгасан аж. Уг маргааны дараа Х.Болорчулуун “Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз” хэмээн цоллосон юм.
АМНАТ-ийн асуудал ҮХЦ дээр унаж, цэцийн дарга нь хэрэг тарьсан эгзэгтэй үеэр өмнө нь 20 гауй хойшлоод байсан шүүх хурал гэнэт болж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гурван удаагийн үйлдлийг эрх үүдгээ давуулан ашигласан гэж үзлээ. Цаашид хэрхэх вэ гэдэг асуудал У.Хүрэлсүхийн Засгийн газрын толгойны өвчин болов.
У.ХҮРЭЛСҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛВЭЛ ЭДИЙН ЗАСАГ ЗОГСОНО, ДАВЖ ЗААЛДВАЛ Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ӨМӨӨРСӨН БОЛНО
МАН-ын бүлэг дэрээ “Ерөөсөө энэ асуудлаа ҮАБЗ дээр хэлэлцүүл” гэж яригдаж. Үнэхээр ч өчигдөр /2019.11.19/ ҮАБЗ өргөтгөсөн хуралдаан хийж, Дубайн гэрээг цуцлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. ҮАБЗ-ийн хуралдаан 5 цаг орчим үргэлжилж, Засгийн газар Үндсэндээ буланд шахагджээ. Тэд Оюутолгой төслийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг давж заалдах шаардлага үүсч буй. Энэ тохиолдолд “Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалсангүй. Ч.Сайханбилэгийг өмөөрлөө” гэх эрүү шүүлтэд орно.
Нөгөө талаас Оюутолгой төсөл зогсвол эдийн засагт шууд цохилт өгөх учраас У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар сонгуулийн өмнө асар хүнд байдалд орох юм. Нэг ёсондоо Ч.Сайханбилэгийн гарын үсэг бүхий гурван захирамжаар У.Хүрэлсүхийн Засгийн газар “шийтгүүлэх” бодит нөхцөл байдал үүслээ. Уг асуудлаар өмнө нь Засгийн газар нууц хэлбэрээр хуралдаад нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй.  
Одоо ч хэрхэх эсэх дээр тэд таг гацав. УИХ, Засгийн газар  хоёр  ажлын хэсгүүдээ нэгтгэж, Дубайн гэрээг цуцлах саналаа чуулганаар хэлэлцүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх нөхцөл байдлын өмнө тэд юу хийх вэ. Асуудал хүндэрсэн тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалтад Оюутолгойн ордыг барьцаалан зээл өгсөн гадны 14  банк менежментээ хэрэгжүүлэх нөхцөл байдал үүснэ.
Цаашлаад зээлийн багцаа тэд зарна гэвэл хэн хамгийн түрүүнд гаднаас орж ирэх үү. Энэ хооронд манай дотоодын улс төр хаашаа эргэх үү гэхчлэн маш олон асуултууд бүрхэг, хариултгүй, эрсдэлтэй нөхцөл рүү шилжив.
Ж.Мядагбадам 
Эх сурвалж: eguur.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол

Т.Аюурсайхан: Дубайн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлтэй.

Үндэсний компаниа хааш нь чирч эхлэв ээ?

Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ашиг сонирхлын зөрчил

Хариулт нэхсэн Цагаан захтнуудын хавтаст хэргүүд…

Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийнхний луйвар буюу

Сэтгэгдэл бичих