» » Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз дээ?

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз дээ?

УИХ-ын сонгууль болдог. Ард түмэн таалагдсан нэр дэвшигчээ сонгодог. Гэхдээ шинэ гишүүдийг тангаргаа өргөөд хагас жил болоогүй шахам байхад нөгөө дэмжиж, дээш нь гаргаж ирсэн “буянтай сайн” хүнээсээ сэтгэл буруулаад эхэлдэг.
“УИХ тар. Тэрийг эргүүлэн татая” гэх жишээтэй уур хорсол дүүрэн хараал ерөөлийн үгс сошиал хүрээнээс хальж  гудамж талбайгаар дүүрэн цуурайтдаг. Төрийн түшээд боловсролгүй, ёс зүйгүй, иддэг уудаг, ард түмнээ бодох сэтгэлгүй учраас л тэр юм байх. Монгол Улс бол парламентийн засаглалтай орон гэдэг утгаараа маш өндөр боловсролтой, дээд ёс зүйтэй улсуудаас бүрдэх ёстой. Гэтэл тэр шаардлагыг нь хангаж чадахгүй байгаагаас ард түмэн голоод, хийсэн сонголтдоо харамсаад байгаа хэрэг.
1992 онд УИХ-ын анхны сонгууль болсон. Тухайн үед өрсөлдсөн намууд, ялангуяа МАН үнэхээр улс орныг аваад явж чадахуйц хэмжээний боловсрол, мэдлэгтэй, бэлтгэгдсэн гэж болохоор кандидатуудаа шилж сонгож дэвшүүлэх гэж ихэд хичээсэн гэдэг. Тухайн үедээ л нэлээд чамбай хүмүүс МАН-аас нэр дэвшиж, ихэнх нь ялалт байгуулж байлаа. АН-ын хувьд цагаан морин жилийн хувьсгалд идэвхийлэн оролцож, олонд танигдсан партизанууддаа найдвар тавьж байв. Тухайн үед улстөр харьцангуй цэвэр, улстөрчдийн ухаан бодол, сэтгэл оюун бохирдож амжаагүй байв. Харин дараа, дараагийн сонгуулиуд анхны сонгуулиа бодвол олон зүйл дээр ухарсан.
Уг нь нийгмийн хуулиар бол цаг хугацаа улирах бүр аливаа юмс, үзэгдэл өөрчлөгдөн хөгжиж байх ёстой биз дээ? Манайд эсрэгээрээ сонгуулиас сонгуульд сурталчилгааны хар технологи нэвтэрсэн, мөнгө төгрөг цацдаг болсон, хүний мөн чанар утгаа алдсан. Намаа ялуулж, өөрсдөө эрх мэдэлд  хүрч л байвал хүний нэр төр, амьдрал, хувь заяа шороотой хутгалдах нь огтоос хамаагүй гэдэг дэндүү муухай зарчим үйлчлэхээр  гарах үр дагавар нь тодорхой шүү дээ. Улс орны эдийн засаг доройтно, нийгмийн асуудал шалдаа унана, баян, хоосны ялгаа нэмэгдэнэ. Ард түмэн сонголтоо харамсана. Тэгээд гудамжинд цагаан хоолой бариад гарна. Сүүлийн 30 жил ийм үзэгдэл тасарсангүй. Нэр төртэйгөөр тайван амгалан бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсан УИХ, Засгийн газар ардчиллын гэх 30 жилд нэг ч байгаагүй. 
Хөрөнгө бэлтэй хүмүүс томоохон намд элсч ороод мөнгө төгрөг хандивлаж, нэр дэвших эрхээ олж авдаг. Улмаар мөнгө цацаад төрийн дээд эрх мэдэлд хүрдэг. Харамсалтай нь улс орон, ард түмнээ гэхээсээ хувийн болон бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө ажилласаар дөрвөн жилийн хугацаагаа дуусгадаг. Дахиад зохицуулах ажил, өргөжүүлэн тэлэх хэрэгцээ хувийн эрх ашигт нь үүсдэг учраас мөн л нэр дэвших гэж зүтгэнэ. Сүлжээ нь хүссэн ч, хүсээгүй ч тийм шаардлагыг тулгадаг. Хамгийн “гоё” нь ядуу олны сонирхол дээр тоглолт хийж ихэнх нь улираад  шинээр бий болсон ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхийн тулд төрийн алба, эрх тушаалыг ашиглана. Ийм л байгаа  учраас Монгол орон, монголчууд олигтойхон өндийж босолгүй өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн бодлогыг хэдэн арван жилээр тодорхойлж чадах мэдлэг, туршлагатай хүмүүс биш голдуу бизнесмэнүүд төрд гараад байхаар Монгол Улс чөдөртэй морин дээр суучихсан хүн аятай л дороо дэвхцээд байгаа юм. “Та үнэхээр улс эх орондоо хэрэгтэй хүн байна. Бид судалж үзсэн. Таныг манай намаас нэр дэвшихийг хүсч байна” гэдэг үгийг оюуны өндөр потенциальтай чадварлаг хүмүүст хэлж байсан түүх байгаа болов уу? Эсрэгээрээ мөнгө бариад ирсэн хүнд нь намуудын хаалга 24 цаг нээлттэй биз дээ? 
2008 оны УИХ-ын сонгуулийг сайн санаж байна. Тухайн үед АН-ын дарга байсан хүн 50 сая төгрөг намдаа өгч чадахгүй, олж чадахгүй хүмүүс УИХ руу санаархаад хэрэггүй гэх ухааны үг хэлж байлаа. МАН-ын хувьд нэр дэвшигчиддээ чимээгүйхэн 20 сая төгрөгийн босго тавьж байсан гэдэг. 
Саяхан АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж  УИХ-ын сонгуульд нэр дэвших эрэгтэй 100 сая, эмэгтэй нь 60 сая төгрөг тушаах шийдвэр гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 15 гэхэд эхний 40 сая төгрөгөө намын данс руу хийх ёстой хэмээн “лүндэнджээ”. Улстөрийн нам татвар тогтоодог эрх бүхий субьект биш болохоор татвар гэхэд хаашаа ч юм. Хандив гэх үү, нэр дэвших эрхээ олж авах авлига гэж ойлгох уу? Ямартаа ч энэ нам бизнесмэнүүдийн халаасанд орохгүй гэх баталгаа нэг л харагдаж өгөхгүй байна. 2016 оны сонгуулиар зарим аймаг, дүүргийн АН нэр дэвшихийг хүссэн хүмүүстээ мөн л 100 сая төгрөгийн “ял” тулгаж, нэлээдгүй гишүүдийнхээ уурыг бараад авч билээ. Тухайлбал, Ж.Батзандан “БЗД-ийн АН УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгний татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шүү дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга. Оффшор данстай улстөрчдийн эсрэг дуугараад ирэхээр намайг хааж боож байна. Ирүүлсэн албан бичгийг нь хар даа. 100 сая төгрөг нэхсэн албан бичигтээ “Татвар тогтоох тухай...” гээд биччихсэн байх юм. Татварыг дүүргийн нам тогтоодог юм уу? АН феодалын нам болжээ” гэх зэргээр нервтэж байсан нь өчигдөрхөн мэт. Гэтэл 4 жилийн дараа энэ үзэгдэл тус намд дахин давтагдлаа.
2020 оны сонгууль өмнөхөөсөө ялгарах юмгүй болж, нөгөө л хуучин цикл дунд бүх зүйл өрнөх нь. Хамаг л болохгүй бүтэхгүй бүхний үндэс суурь болсон иймэрхүү урвуу тогтолцоо хэвээр байсан цагт хэдэн ч удаагийн сонгууль явуулаад байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Муу нэртэй социализмын үед боловсон хүчний бодлого хамгийн тэргүүн зэргийн асуудал байсан гэдэг. Аливаа албан тушаалд хэнийг дэвшүүлэхээ ярилцаж, улмаар ул суурьтай нарийн судалгаа хийж байж зохих албан тушаалд томилдог байсан түүх бий. Одоо бол чи хэн байх нь гол биш, мөнгө байвал бүх зүйл ок...
Харамсалтай нь үүнээс л бүх алдаа завхрал үүсэн бий болоод байгаа юм даа.
 
Дажсүрэнгийн Лхагвадорж 
sonin.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болно

Улс төрийн намууд Ерөнхийлөгчид хандана

“НЭГ ТОЙРОГ” ХЭМЭЭХ МОЛИГО

Монгол Улсад УИХ-ын сонгуулийн нэг тойрог байхын ДАВУУ ТАЛ

​Б.Ууганцэцэг: Хүн ажлын байран дээрээ эерэг хандлагатай

Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргасан уу

Сэтгэгдэл бичих