Монголын ард түмэн ЗХУ-д өөрийн зүгээс сэтгэлийн өргөл, тусламж болгож 32 мянган агт морьдыг нэмж өгсөн билээ. Энэ нь зургаан морьт дивизийг бүрэн хангах хэмжээний морьд гэсэн үг юм. Ер нь бол 1943-1945 онуудад байлдаанд оролцож явсан таван морь тутмын нэг нь монгол адуу байжээ.
Хагас зэрлэг, тэсвэр тэвчээртэй монгол адуу Зүүн фронтын хүнд хэцүү нөхцлийн аяыг хамаагүй сайн дааж байсан тухай маш олон баримт байдаг.
1941-1945 онуудад морьт механикжуулсан анги нэгтгэлүүдийг удирдаж дайн байлдаанд оролцсон генерал Исса Плиев хожим нь монгол морины ид хавын талаар ингэж дурссан билээ. “Биеэр жижиг ч хөл чангатай, тэсвэр хатуужилтай монгол адуу Зөвлөлтийн танктай мөр зэрэгцэн Берлинд хүрсэн юм” гэж тэрбээр бичиж үлдээсэн юм.
Мөн Аугаа Эх орны дайнд оролцож, Монгол морьтой нөхөрлөж явсан Зөвлөлтийн армийн байлдагч, түрүүч, офицерүүд Монгол морины тухай дурсахдаа: -“Монгол морийг магтаж хэлэх үг олдохгүй” хэмээн дурсан ярьцгаасаар байна.
Улаан армийн генерал И.А.Андреев: "Монгол морьд давхихад амьсгаа багатай, зугатааж яваа дайсныг хөөхөд заавал гүйцнэ. Монгол морьдод гайхамшигтай чанар олон байлаа. Хүрье гэсэндээ хүрдэг, дайны ширүүн цагийн яаруу тэвдүү байдалд яг дүйсэн, хазаартай мөртөө өвс ногоо идээд байдаг, идүүлэхгүй бол өл даадаг, эцэж цуцаж зогсдоггүй нь даанчиг сайхан. Миний Васка их үнэнч, эх оронч морь байлаа" хэмээн өөрийн дурсамжиндаа цохон тэмдэглэсэн юм.


Сэтгэгдэл бичих