Азийн аваргаас Монголын холимог баг мөнгөн медаль хүртлээ
Жүдо бөхийн Ази тивийн аварга Хонг Конгт эхэлж, өнөөдөр/2024.04.23/ сүүлийн холимог багийн барилдаан боллоо. Олимпийн өмнөх гэдэг утгаараа зарим улс орнууд гол тамирчдаа бэртэл гэмтлээс сэргийлж, нөөсөн бол зарим тамирчид олимпийн өмнөх формоо олох гэж оролцлоо. Нийт 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин тивийн аваргадаа өрсөлдөв. Монголын жүдочид багийн дүнгээр хоёрдугаарт гурван алт, гурван мөнгө, таван хүрэл медальтай Японы араас бичигдлээ.
Тэгвэл багийн барилдаанд финалд үлдэж, Японы багт дийлдсэнээр мөнгөн медалийн эзэд боллоо. Нэгдүгээр тойрогт Монголын холимог баг Тайванийн багийг 4-2 гэсэн харьцаатай хожсон. Харин үүний дараа Узбекистаны багтай учраа таарч, 3-3 гэсэн харьцаатай тэнцсэнээр нэмэлт барилдаан хийх болсон. Улмаар нэмэлт барилдаанд Л.Энхрийлэн өрсөлдөгчөө буулган авч, 4-3 гэсэн харьцаатай Монголын баг ялж, финалд шалгарсан юм. Финалд Японы баг 4-0 гэсэн харьцаатай ялснаар алтан медаль хүртлээ.
Сэтгэгдэл бичих