» » НҮҮРСНИЙ ХУЛГАЙ НЬ ИЛЧЛЭГДМЭГЦ УЛАЙЖ, УУРЛАЖ, ГҮРИЙСЭН ЭХНИЙ ӨДРИЙН “ОД”-ОД

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ НЬ ИЛЧЛЭГДМЭГЦ УЛАЙЖ, УУРЛАЖ, ГҮРИЙСЭН ЭХНИЙ ӨДРИЙН “ОД”-ОД

“Нүүрсний хулгай”-н хэргийн нотлох баримтуудыг нийтэд дэлгэх Нээлттэй сонсгол эхэллээ. Эхний өдөр “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан компаниудын нотлох баримтуудыг нийтэд зарлав. Тэдний хулгайлсан 5.2 сая тонн нүүрс нь 5.0 тэрбум ам.доллар буюу 17.5 их наяд төгрөгтэй тэнцэх ажээ. Өөрөөр бол, манай улсын бүхэл бүтэн нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө хэдхэн компанийн данс руу сул ашиг болоод орчихсон байх аж.  
Тэгвэл хэн хэн гэгч эрх мэдэлтнүүдийн ямар компаниуд дээрх 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр хилээр гаргаж хулгайлсныг нэгтгэн танилцуулж байна. 

ГЕГ-ЫН ДАРГА АСАН Х.БААТАРЫН ХҮҮ, СҮ.БАТБОЛДЫН ХҮРГЭН, ҮХС-НЫ ДАРГА Б.БАТДАВАА- 1.1 САЯ ТОНН НҮҮРС

      Гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил гаргасан нүүрсний хэмжээгээрээ ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан тэргүүлжээ. Тодруулбал, Ц.Амгалан нь Сингапурын хөрөнгө оруулалттай “И коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгвэл “И коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн нүүрс тээврийн найман охин компани буюу Ц.Амгалангийн удирддаг компаниуд нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нийт 1.1 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр хилээр гаргажээ. Тухайлбал, 
  • “Дэлгэрэх цагаан овоо” ХХК нь 105,782 тонн
  • “Эко глобал ложистикс” ХХК нь 425,638 тонн
  • “Алтаннууц” ХХК нь 138,198 тонн
  • “Цэций гуа” ХХК нь 130,000 тонн
  • “Хан сахиус” ХХК нь 6424 тонн
  • “Аранзал алаг” ХХК нь 53,110 тонн
  • “ВВ транс” ХХК нь 5049 тонн
  • “Шанхын хэц” ХХК нь 180,810 тонн нүүрсийг тус тус гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан байна. Гэтэл дээрх найман компанийг хариуцдаг Ц.Амгалан “Хаанаас авсан нь тодорхойгүй энэ нотлох баримтуудад чинь бид итгэхгүй. Бид өмгөөлөгч авсан байгаа” хэмээн гүрийсэн. Харин ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Шинжээчид юмаа сайн нягтлаарай” гэж даналзсан. 
     Тэгвэл ҮСХ-ны дарга Б.Батдаваа, түүний эхнэр Ц.Амгалан нар нь асар том артай, холбоо сүлбээтэй ажээ. Тодруулбал, Ц.Амгалангийн аав нь Т.Цэрэнпүрэв гэж хүн бий. 2009 онд Сү.Батболд Ерөнхий сайд болмогцоо Т.Цэрэнпүрэвийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилон ажиллуулж байсан. Харин Т.Цэрэнпүрэвийн аав Цэрэнгийн Түдэв нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, мөн 1996-2004 онд УИХ-ын гишүүн Сү.Батболдын “Чингис” зочид буудалд захирал, зөвлөхөөр ажиллаж байсан.  
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд Т.Цэрэнпүрэвийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж, аав Ц.Түдэвийг нь “Чингис” зочид буудалдаа захирлаар ажиллуулж байсны учрыг тайлбарлъя. Учир нь, Ц.Түдэв нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын ээж Ц.Янжингийн төрсөн том ах нь. Өөрөөр хэлбэл, Т.Цэрэнпүрэв, Сү.Батболд нар төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд буюу үеэлүүд юм. Сү.Батболд өмнө нь Сүхбаатар дүүргээс нэр дэвшдэг байсан ч 2020 оны УИХ-ын сонгуулиар “Ээжийн минь нутаг” хэмээн Дундговь аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр Т.Цэрэнпүрэвийн охин буюу 1.1 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүй хил давуулсан “И коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амгалан нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын дүү гэсэн үг. Мөн Т.Цэрэнпүрэвийн хүргэн, ҮСХ-ны дарга Б.Батдаваа нь ч Сү.Батболдын хүргэн болж таарч байгаа юм.  
    Цаашилбал, ҮХС-ны дарга Б.Батдаваагийн төрсөн аав Хорлоогийн Баатар нь 2000-2005 онд Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Улмаар 2005 онд одоогийн УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамт асар их хэмжээний авлигын хэрэгт холбогдож байв. Тухайн хэрэгтээ Х.Баатар найман жилийн хорих ял сонсож, харин Ш.Адьшаа сугарч үлдсэн. Тухайн үед Х.Баатарын хамсаатнуудаар Сангийн сайд асан Ч.Улаан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Т.Бадамжунай, Шадар сайд асан Ц.Оюунбаатар гээд асар олон хүн нэр холбогдож байлаа. Дуулиан дагуулсан энэ хэрэг нь Х.Баатарыг “Гаалийн Баатар” хочтой болгосон түүхтэй. Х.Баатар найман жилийн ялынхаа гурван жилийг нь эдлээд 2008 онд суллагдсан. Улмаар 2016 оны сонгуулийн дараа Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирлаар томилогдон дахин төрд орж ирсэн. Ингэж харвал, 1.1 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил гаргасан Ц.Амгалан, Б.Батдаваа нар том байхаас аргагүй ажээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА- 188 МЯНГАН ТОНН НҮҮРС

     Гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил гаргасан нүүрсний хэмжээгээрээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “аман хүзүүдэв”. Тодруулбал, Түр хорооны шинжээчид УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий 11 компани нь 188 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан нотлох баримтыг танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2009 онд “Алтанговь транс” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2010 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн анхны нүүрс тээвэрлэгч, нүүрс ачиж буулгах талбай түрээслэгч болж нүүрсний бизнест орсон байдаг. Гэхдээ өчигдөр Ш.Адьшаа “Би болон миний ах дүү нар 2012 оноос хойш ямар ч нүүрс зөөгөөгүй. Та нарын гүтгэлэг арай хэтэрч байна” хэмээн гүрийж, их л уурлаж харагдсан.  
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуяг болон Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхжаргал нарын үүсгэн байгуулсан, хамаарал бүхий 11 компани 188 мянган тонн нүүрсийг хэрхэн хувааж хил давуулсныг танилцуулъя. Тухайлбал, 
  • “Баялаг ложистик транс” ХХК нь 548  тонн
  • “Таван тив групп” ХХК нь 11,237 тонн
  • “Ай фронтиер” ХХК нь 272 тонн
  • “Галба ус” ХХК нь 1561 тонн
  • “АУМ алт” ХХК нь 688 тонн 
  • “Шанх ложистик” ХХК нь 247 тонн
  • “Шанх транс” ХХК нь 65,706 тонн нүүрс тус тус гаалийн бүртгэлгүй хил давуулжээ. 
Мөн Ш.Адьшаагийн зөвлөх Шагдарсүрэнгийн Мөнхжаргал болон түүний аав Б.Шагдарсүрэнгийн компаниуд болох: 
  • “Эм Жи Өү транс” ХХК нь 52,262 тонн
  • “Энх дэлгэр говь” ХХК нь 21,105 тонн 
  • “Зүүн хөхий” ХХК нь 759 тонн
  • “Мөнх цаст транс” ХХК нь 34,320 тонн нүүрс тус тус гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН- 8655 ТОНН НҮҮРС

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хавар буюу нүүрсний хулгайг анх ярьж эхлэхдээ “Том, жижиг таван толгойд нүүрсчид үүрлэчихсэн байна. Тэнд нүүрсээр дагнасан асар том мафи, асар том далд эдийн засаг бий. Удахгүй энэ мафийг, энэ далд эдийн засгийг дэлбэлж, ил болгоно. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд олон хүн ил гарч ирнэ” гэж мэдэгдэж байв. Тэгвэл өчигдрийн Нээлттэй сонсголын нотлох баримтаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нүүрсний хэмжээгээрээ Ш.Адьшаагийн араас гуравт жагсав. Тодруулбал, А.Адъяасүрэн нь өөрийн төрсөн эгч А.Аюушийн хамт БНХАУ-ын иргэдтэй хамтран нүүрс тээврийн долоон компани эзэмшиж байсан бөгөөд 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо “Friendship & fortune s corporation” компанид шилжүүлж өнгөлөн далдалсан байдаг. Тэгвэл 
  • “Дагалай шарга наян найм транс” ХХК нь 1954 тонн
  • “Далангол” ХХК нь 2556 тонн
  • “Хишиг сайхан ундрах” ХХК нь 1021 тонн
  •  “Даалингийн хишиг тээвэр” ХХК нь 952 тонн
  • “Топ транспорт” ХХК нь 1405 тонн
  • “Прайд транс” ХХК нь 427 тонн
  • “Ивээл сар транс” ХХК нь 340 тонн нүүрсийг тус тус гаалийн бүртгэлгүйгээр хулгайгаар хил давуулжээ.
Ноцтой нэг баримт нь, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, түүний төрсөн эгч А.Аюуш нарын үүсгэн байгуулсан нүүрсний компаниудыг нэр дээрээ шилжүүлж авсан “Friendship & fortune s corporation” компани нь 2023 тавдугаар сард Британийн виржинийн арлуудад бүртгэгдэж оффшор компани болжээ. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Би 2020 онд гишүүн болсноосоо хойш бизнест оролцоогүй. Огт мэдэхгүй байна” гэж улайсаар Нээлттэй сонсголыг дуусгасан. 
Түүнчлэн эхэн дурдсан 5.2 сая тонн нүүрснийг гаалийн бүртгэлгүйгээр хил давуулах хулгайд оролцсон, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий дахиад 16 компани бий. Жагсаалтыг танилцуулъя. 
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Бүргэд транс” ХХК нь 47,375 тонн
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Золжаргалын “Мэнд транс” ХХК нь 28,774 тонн
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын дүү Б.Болдмаагийн “Их хурд хүч” ХХК нь 28,007 тонн
  • ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын “Сокобура” ХХК нь 9172 тонн
  • Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч О.Эрдэнэбаярын “Эрдэнэс галба” ХХК нь 7287 тонн
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүү Б.Батбаярын “Шинэс өргөө транс” ХХК нь 4363 тонн
  • ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын “Нэмэх тээвэр” ХХК нь 4185 тонн
  • УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах Ё.Ууганбаярын “Голден фрейт” ХХК нь 2911 тонн, “Арвин хишиг логистик” ХХК нь 278 тонн
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайханы “Говь транс” ХХК нь 2717 тонн
  • УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн дүү Р.Бадралын “Элст гүрэн” ХХК нь 2604 тонн
  • УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү П.Бат-Эрдэнийн “Рийч рөүд” ХХК нь 2431 тонн, “Бридж гүрэн транс” ХХК нь 2377 тонн
  • УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгийн “Стандарт майнинг транс” ХХК нь 1386 тонн
  • Сангийн сайд Б.Жавхлан “Шууд хур” ХХК нь 717 тонн
  • Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Болдбаатарын “Цогт цэцийн шанх транс” ХХК нь 598 тонн
  • АТҮТ-ийн Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалын “МБТанд” ХХК нь 1278 тонн
  • “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн Дэд захирал Д.Басбишийн “Говь күрүма” ХХК нь 501 тонн
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Золжаргалын дүү Т.Гаригцацралтын “Шандас транс” ХХК нь 317 тонн нүүрс тус тус хилээр хулгайгаар гаргажээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Т.Бадамжунайгийн “ургийн мод”-ны ээлжит булхай дэлгэгдлээ

ЭКСПОРТ 1.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСЧЭЭ

Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 530 МЯНГАН ТОНН НҮҮРС УУРХАЙГААС АЧЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК мэдэгдэл гаргажээ

М.АМАРБАЯР: “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ

Сэтгэгдэл бичих