Өөрийгөө хөгжүүлсэн нэгэн аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн байдаг. Тиймээс зорилго мөрөөдлөө биелүүлж, өөрийгөө хөгжүүлэх талаар “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа хувь хүний хөгжлийн сургагч багш Г.Даваажавтай ярилцлаа.
Иргэдээ дагаж нийгэм, улс орон хөгжинө
-Хувь хүний хөгжлийн институт нь манай улсад 2013 оноос сургалт явуулдаг анхдагч байгууллага болж гарч ирсэн. Хувь хүн хөгжих нь гэрэл гэгээтэй нийгмийг бүтээдэг. Учир нь иргэдээ дагаж нийгэм, улс орон хөгжинө. Би 2015 оноос хойш хувь хүний институтэд багшаар ажилласан. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийг зорьж буй хүмүүст сурч мэдсэн зүйлээ түгээсэн юм. Энэ хугацаанд нэг хариултыг мэдэж авсан нь хөгжсөн хүн тохиолдсон бэрхшээлээ шийдвэрлэх арга замаа мэддэг байхыг хэлнэ. Хүн бүрд асуудал тулгардаг учраас амьдралынхаа туршид үргэлж суралцсаар байдаг. Үүний үр дүнд л хөгжинө.
12-16 насныхан хувь хүний хөгжлийн мэдлэгийг их сонирхдог
-Би өсвөр насны хүүхдүүдтэй түлхүү ажилласан. Учир 12-16 насныхан хувь хүний хөгжлийн мэдлэг мэдээллийг их сонирхох юм билээ. Энэ насандаа хүүхэд өөрийгөө хөгжүүлэх эрэл хайгуулыг эрэлхийлдэг.
Тухайлбал, би хэн бэ, ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэдгийг бодно. Мөн өөрийгөө таньж мэдсэн хүн сул болон давуу талаа ойлгодог. Багаасаа хувь хүний хөгжлийн мэдлэгийг мэдэж хэрэгжүүлсэн бол арай өөр амьдрах байжээ гэсэн сэтгэгдлийг олон удаа сонсож байсан.
Учир нь 50-60 насны хүмүүст сургалт ороход “энэ зүйлийг эрт мэдэх минь яав даа” гэж хэлдэг. Тиймээс залуудаа өөрийгөө хөгжүүлбэл өөрийн хүссэн зүйлээ хийж, утга учиртай амьдрах боломжтой. Хувь хүний хөгжил гэсэн ойлголтод хувийн зохион байгуулалт, эмх цэгц, өөрийгөө танин мэдэх чадвар, ирээдүйн мөрөөдөл зорилгоо тодорхойлох зэрэг багтана.
Шинэ зүйл 15-30 хоногийн хугацаанд дадал болж хэвшинэ
-Хүн нэг удаагийн сургалтад суугаад, ном уншсанаар өөрчлөгдөх боломж тун бага. Тухайн мэдээлэл нь зөв дадалд суралцах, өөрийгөө хөгжүүлэх сэдэл өгнө. Үүнийг зуршил болгох хугацааг судлаачид гаргасан байдаг. Аливаа нэг шинэ зүйл 15-30 хоногийн хугацаанд дадал болж хэвшинэ. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй. Аливааг хурдан сурдаг, эсвэл удаан сураад огт мартдаггүй онцлогтой. Тиймээс 15 хоног тухайн зүйлийг тасралтгүй хэрэгжүүлснээр дадал болно. Үүнд төлөвлөгөө чухал. Би сурагч байхдаа хичээлдээ суугаад урсгалаараа явдаг байсан. Харин оюутан болоод аливааг төлөвлөж бичиж сурсан нь өөрчлөлт, үр дүнд хүргэсэн гэдгийг онцолмоор байна.
Тухайлбал, би найман жил тасралтгүй “Амжилтын хөтөч” тэмдэглэлийг хөтөлсөн. Анх хөтөлж эхлэхэд амаргүй байсан. Гэхдээ өдөрт 15 минутыг өөртөө зарцуулаад төлөвлөгөө бичиж эхэлсэн. Харин одоо төлөвлөгөөгүйгээр ажлаа хийх нь зорилго чиглэлгүй санагддаг.
Шинэ он гарахаар хүмүүс зорилго мөрөөдлөө бичдэг. Эхний хэд хоног хөтөлж байгаад орхих нь бий. Тууштай бичиж чадвал зуршил болно. Амьдралын үнэ цэнтэй зүйлсээ тодорхойлж, алсын хараатай болох хэрэгтэй. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ мэдэх юм. Ирээдүйд ийм болно гээд бичээд орхивол хэзээ ч биелэхгүй мөрөөдөл хэвээр үлдэнэ. Хүн бол нийгмийн амьтан. Нийгмээс тусгаарлагдвал хэн ч биш.
Олон дотор ороод танилцаад сургалтад суувал “энэ хүн ийм зуршилтай юм байна” гэдгийг мэдээд суралцаад явна. Харин ганцаараа байхыг илүүд үздэг хүн уншиж судлаад хөгжих боломжтой. Тиймээс өөрөө хийж хэрэгжүүлснээр дадал болно.
Хүмүүстэй ярилцахаар хувь хүний хөгжлийн талаар мэдлэгтэй юм шиг санагддаг. Харин амьдралд нь өөрчлөлт гараагүй нь хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой. Ардчилсан нийгэмд хүн эрх чөлөөтэй аж төрж байна. Учир нь нийгэмд болж буй бүх зүйл ил тод, нээлттэй бий. Тиймдээ ч цахимаар бүх мэдээллийг хүлээж авдаг. Үүнээс эерэг талыг нь олж харж болно. Тухайлбал, Геннисийн амжилт тогтоосон хүн, дэлхийд урлаг спортоор амжилт гаргасан мэдээлэл байна. Манай Z үеийнхэн хөгжлөө дагаад техник технологийн мэдлэг асар өндөртэй. Харин харилцааны ур чадвар орхигдоод байгаа нь ажиглагддаг. Тухайлбал, хүнтэй мэндлэх, харилцааны ур чадварт суралцвал бүрэн хөгжинө.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичих