ОРОН СУУЦНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО 2022/10/13 281 Хуваалцах НЗДТГ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран, Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд өнөөдөр тус төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тодруулбал энэхүү төсөл хэрэгжих хугацаанд Улаанбаатар хотын угсармал орон сууцуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд буй ажээ. 2027 он хүртэлх хугацаанд хэрэгжих тус төслийн хүрээнд насжилт өндөртэй 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдалтай угсармал орон сууцны барилга Улаанбаатар хотод 1077 байгаагаас эхний ээлжид 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний зарцуулалт багасаж, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж тооцоод буй юм. Тухайлбал өмнөх 2018-2022 онд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын нийт 22 сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар, иж бүрэн дулаалга хийсэн нь барилгын эрчим хүчний хэмнэлт 47-60 хувьтай гарч байжээ. Иймд ирэх таван жилийн хугацаанд энэхүү “Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр болоод буй юм.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих