» АРАВ ГАРУЙ ЖИЛ АШИГЛААГҮЙ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ЦУЦАЛЖ НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАРТ БҮРТГЭЛЭЭ

АРАВ ГАРУЙ ЖИЛ АШИГЛААГҮЙ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ЦУЦАЛЖ НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАРТ БҮРТГЭЛЭЭ

Арав гаруй жил ашиглаагүй газар эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг нураах, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцлах ажил үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 8-ны  А/758 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23А байрны хойд талын 2000 ам метр орчим талбайг өчигдөр чөлөөллөө. Тус газрын эзэмшигч нь Газрын тухай хуулийг зөрчин эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул ийнхүү Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хашааг буулган, нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зөрчилтэй газруудын жагсаалтыг гарган, судалгаа хийсэн. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах уг газар нь зориулалтын дагуу ашиглалгүй хоёр ба түүнээс дээш жил болсон байв. Иймд тус газрыг чөлөөлөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааны үед зарим хүмүүс ийм байршлууд дахь газраар улс төр хийн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглах байдал ажиглагдаж байгаа. Нэгэнт Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцлах шийдвэр нь гарчихсан, газар чөлөөлөлтөд шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байсан. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа хийхээр төлөвлөсөн, үүрэг чиглэл нь тодорхой болсон ажлуудыг битгий ашиглаарай” хэмээж байлаа.
Тус хорооны 22А байрны оршин суугч Б.Пүрэвжав “Бараг арав гаруй жилийн өмнөөс энэ хэсгийг хашаалчихсан. Тэгээд архичид их орж холхидог, үндсэндээ хогийн цэг шиг болчихсон газар. Өнөөдөр ийнхүү уг газрыг чөлөөлж байгаад туйлын баяртай байна. Манай энэ хавьд хүүхдийн цэцэрлэг байхгүй тул хүүхдүүдээ Таван шар, Москва хорооллын цэцэрлэг рүү зөөдөг. Тиймээс уг чөлөөлсөн газартаа хүүхдийн цэцэрлэг бариасай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Нийслэлийн Засаг дарга суурьшлын бүсүүдэд нийгмийн дэд бүтцийн сүлжээ буюу сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, энэ мэт зөвшөөрөлгүй, хууль бус газруудыг үе шаттайгаар чөлөөлөн иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогыг барьж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Сандагсүрэн онцолж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболд “Манай хорооны 23А байрны ард хашаа татаад арав гаруй жил болсон. Хашаа хатгахаас өмнө хүүхдийн тоглоомын талбай байлаа. Зундаа хөл бөмбөгийн талбай, өвөлдөө мөсөн талбай болчихдог болохоор энэ хавийн хүүхдүүд их тоглодог байсан. Гэтэл хашаалснаас хойш ямар ч ашиглалтгүй, хогийн цэг шиг болчихсон юм. Тиймээс манай хорооны иргэд хамтраад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод бусад албаныханд хандсан. Уг талбайг нийтийн эдэлбэр газар болгох, газар эзэмших зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг тавьсны хариуд бидний хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр ийнхүү газрыг чөлөөлж байна. Иргэд, оршин суугчдын маань хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн нарт хорооны оршин суугчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэв.
Уг чөлөөлсөн байршилд иргэд хүүхдийн цэцэрлэг барих хүсэлтэй байгаа ч Хот байгуулалт хөгжлийн газраас цэцэрлэгт хүрээлэн бий болгох саналыг дэвшүүлсэн байна. Тиймээс иргэд, оршин суугчдын саналыг сайтар судлан, чөлөөлсөн байршилд хийх бүтээн байгуулалтыг төлөвлөх аж.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 25, 26 ДУГААР ХОРООНД ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ

Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Ж.Сандагсүрэн

Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх ажлыг дүүргийн

41 байршилд явган хүний зам гаргалаа

“Ю Би Констракшн”-д төв талбайн газрыг чөлөөлөх мэдэгдэл

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц

Сэтгэгдэл бичих