» » Аминаас үнэтэй ашиг гэж үгүй

Аминаас үнэтэй ашиг гэж үгүй

Хууль бусаар ашигт малтмал хайж, олборлох нь амьдралаа залгуулах гэхээсээ илүүтэй амиа алдах, буруутах, гэм зэм хүртэх өндөр эрсдэлтэй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, олборлохыг завдсан бол 1-5, энэ хэргийг үйлдэхдээ төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн бол 2-8 жил хорих ялтай хүнд гэмт хэрэг билээ. Хөнгөндөө байгаль орчинд учруулсан хохирлоо хэдэн зуу дахин нугалж төлөх хариуцлагатай. Тийм хэдий ч иргэд эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж энэ төрлийн хэрэгт холбогдсоор байна. Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн нутаг, Төмстий сэрвээ гэх газар өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос иргэд ихээр цугларч хууль бусаар алтны баяжмалтай чулуу олборлож эхэлсэн аж. Харин цагдаагийн байгууллагаас иргэдийг тарааж, дээрх талбайг хамгаалалтад авсан юм. Гэтэл урьд нь ял шийтгэл эдэлж байсан Б, Э нар бусдыг удирдан зохион байгуулж, энэ сарын 1-нд уг талбай руу нэвтэрсэн гэнэ.
Түүгээр зогсохгүй хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, биед нь халдсан сурагтай. Улмаар алтны баяжмалтай чулуу олборлосон байгаа юм. Тус газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон 45 иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.2-т заасны дагуу хэрэг бүртгэлтийн 10 хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Мөн эд мөрийн баримтаар алтны баяжмалтай 700 кг чулууг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрынхан хураан авч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн 11 хэрэгслийг улсын орлого болгохоор битүүмжилсэн гэнэ. Ер нь сүүлийн нэг сарын хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулахыг завдан, хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн цөөнгүй хэрэг гарчээ. Тиймээс аймгийн Цагдаагийн газраас Экологийн цагдаагийн албаныхантай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй юм. Үр дүнд нь хэргийн газраас зугтсан этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, баривчлан, дээр дурдсанаас гадна хэрэг үйлдэхдээ ашигласан 19 автомашин, багаж хэрэгслийг хураажээ. Үүнээс гадна мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байцаагчидтай хамтран пост ажиллуулж, хяналт, шалгалт байнга зохион байгуулж буй. Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн нутагт өнгөрсөн сард ч хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд бүлэг иргэн ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчдыг зодож, тусгай хэрэгслийг нь эвдэж, сүйтгэсэн тохиолдол гарсан. Энэ он гарсаар хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан хэрэг өсжээ. 
Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг энэ талаар “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 110 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 85 хэргээр буюу 3.5 дахин өссөн үзүүлэлт. Энэ төрлийн гэмт хэрэг нь дээрх хугацаанд бүртгэсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 40.1 хувийг дангаараа эзэлж байна. Өссөн шалтгаан нь “Ковид-19” цар тахалтай холбоотой. Байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, иргэдийн орлого буурч, амьжиргааны түвшин доошилсон. Нийгмийн энэ мэт үзүүлэлттэй холбоотойгоор хууль бусаар ашигт малтмал олборлох нь ихэслээ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс бусдыг өдөөн хатгаж байна. Тэд “Алттай газар илэрсэн, хамт явъя, ашигтай” гэх мэтээр бусдыг уруу татдаг. 
Тэр ч бүү хэл, зарим иргэн байр, машинаа барьцаанд тавьж, алт олборлохоор улайрч эхэллээ. Харамсалтай нь, ашиг орлого олох нь битгий хэл, амь амьдралаараа хохирох тохиолдол их. Үгүйдээ л хууль, шүүхийн байгууллагад дуудагдаж, гэмт хэрэгтэн болж байна. Хууль бусаар алт олборлоод ашиг орлого олсон иргэн цөөн, олонх нь хохироод дуусдаг” хэмээлээ. Он гарснаас хойш зургаан аймгийн долоон газарт давхардсан тоогоор 2500 орчим иргэн гар аргаар ашигт малтмал олборлосон баримт байна. Тэднээс гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэсэн, завдсан зургаан бүлэг, 77 этгээдэд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Нинжа нар өнгөрсөн саруудад улсад 834.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Энэ төрлийн хэргийн тоо өссөн нь нөгөө талаар Экологийн цагдаагийн алба байгуулж, хяналт шалгалт сайжирсантай холбоотой аж. ЦЕГ, БОАЖЯ хамтран 2020 оны I улиралд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв аймагт хяналт шалгалт хийсэн байна. Улмаар орон нутагт хууль бусаар алт олборлох нь ихсэж, нөхөн сэргээлт хийгээгүй зөрчил цөөнгүй байгааг илрүүлжээ.
Ийнхүү байгаль эх рүүгээ дайрснаар иргэд өөрсдөө хохирохоос гадна нөгөө талдаа байгаль дэлхий сүйдэж байдгийг мэргэжилтнүүд хэлсэн. БОАЖЯ-наас гаргасан Монгол орны байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайланг сөхлөө. Тайланг хоёр жил тутамд нэг удаа гаргадаг. Тиймээс доор дурдах тоо шинэ дүн мэдээ юм. Энд бичсэн албан ёсны мэдээллээр улсын хэмжээнд уул уурхайн ашиглалтын улмаас 2018 онд 24 347 гаруй га газар эвдэрсэн байна. Үүнээс ашигт малтмал олборлоод орхисон газрын байршлын тоо 1491 байгаа бол нэн даруй нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээ 9381 га аж.
2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд “Хууль бусаар ашигт малтмал олборлож, “ноцтой” хохирол учруулсан бол нөхөн төлүүлнэ” гэх агуулгатай заалт оруулсан. “Ноцтой” хохирол гэснийг Улсын дээд шүүх тайлбарлаагүй тул прокурор, шүүгч өөрийнхөөрөө тайлбарлаж, гэмтнээр хохирлыг төлүүлэхэд хүндрэлтэй байжээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “ноцтой” гэснийг “их хэмжээ”-ний болгож зассан юм. Улмаар “их хэмжээ”-ний гэдгээ ч тодорхойлж өгсөн байна. Тиймээс энэ төрлийн хэргийг шалгахдаа хуульчид өөрсдийн үнэлэмжээр хандахгүй, хэрэгтэнд хариуцлага тооцоход дөхөм болсон гэдгийг цагдаагийнхан өгүүлсэн юм. Гэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн тухай хуульд дахиад ч өөрчлөлт оруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон хэрэгт хүлээлгэх хариуцлагыг улам боловсронгуй болгох шаардлагатай аж. Тухайлбал, хууль бусаар ашигт малтмал олборлохдоо ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгох асуудлыг албажуулж, хуульд тусгахаар Экологийн цагдаагийн албанаас холбогдох газарт саналаа өгчээ. Энэ дагуу Засгийн газраас 17 тоот тогтоол гаргаж, дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ХЗДХ-ийн сайдад даалгасан байна. Улмаар ажлыг хэсэг гарч хуулийн төсөл боловсруулан, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн ч уг асуудал сонгуулийн дуулианд дарагдаж, энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэх найдваргүй болов.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Энэ эрхээ эдлэхийн тулд иргэд уг хуулийн 17.1 дэх хэсгийн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэснийг ёсчлон дагах учиртай юм. Иргэдийн биелүүлэх үүрэг их энгийн юм билээ. Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4.2-т зааснаар иргэд байгаль орчныг хамгаалах, уламжлал, зан заншил эзэмшиж, хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох, наад зах нь хог хаяхгүй гэх мэт эх дэлхийдээ хортой нөлөөлөл үзүүлэхгүй, өөрийн буруугаас учирсан хохирлоо төлчихдөг, байгалийн баялгыг ашигласан, гэмтээсэн, сүйтгэсэн хэн нэгний хууль бус үйлдлийг мэдвэл тухайн орон нутгийнхаа Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид тэр дор нь хэлэх ёстой. Ердөө л энэ. Харин иргэд наад захын эл үүргээ биелүүлдэггүйгээс амь, амьдралаа алдаж, эрүүгийн хэрэгт холбогдох, цаашлаад байгаль эхээ өвтгөсөөр байгаа билээ.

Эх сурвалж: Өнөөдөр.мн

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ашигт малтмал газрын тосны газрын даргын мэндчилгээ

“Иргэдийн интернет банк руу нэвтэрч, мөнгийг нь авах цахим

Сэлэнгэ аймгийн Засаг дарга дэрвэгэр жиргэрүү “наймаалсан”

Хулгай хийсэн, төрд болон бусдад учруулсан гэм буруугаа

“Гадаадын тусгай албатай хамтран ажиллахаар тохиролцсоноо

Хотын даргын ОРЛОГЧ эрүүгийн хэрэгт ХОЛБОГДОЖ байжээ

Сэтгэгдэл бичих