Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /04.04/ эхэллээ.
Хурлын эхэнд шүүгдэгч " Цагдан хоригдож байгаа тул өмгөөлөгч авах боломжгүй байна. Иймээс шинээр өмгөөлөгч авах, хэргийн материалтайгаа танилцах боломжоор хангаж өгнө үү" гэв.
Мөн түүний өмгөөлөгч Л.Баттогтохын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд түүний учруулсан хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлэхэд бэлэн болохыг хэллээ.
Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/хахууль авах/, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт/Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл бичих