» » Ц.Пүрэвхүү: Сайжруулсан түлш хоргүй гэдэгт итгэлтэй байна

Ц.Пүрэвхүү: Сайжруулсан түлш хоргүй гэдэгт итгэлтэй байна

Ц.Пүрэвхүү: Сайжруулсан түлш хоргүй гэдэгт итгэлтэй байна
"Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагынхан өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын утааг бууруулах асуудлаар жагсаал, цуглаан зохион байгуулж, төрд байр сууриа хүчтэй илэрхийлж ирсэн билээ. Гэвч өнгөрсөн өдрүүдэд утаанд иргэд угаартан эрүүл мэндээрээ хохирч, амиа алдаж байхад тус ТББ-ынхан чимээгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж буй юм. Иймд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар "Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагын тэргүүн, "Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа. 
-Утаанд иргэд хордож, найман хүн амиа алдаад байна. Сүүлийн үед "Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагынхан яагаад чимээгүй болчихов?
-Хүмүүс угаартаж амиа алдсанд маш их харамсаж байна. Ээж хүний хувьд хүнд тусаж байна. Бид Утааны эсрэг ээж аавууд группийнхээ үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа. Зургаан админтай. Иргэдээс утаатай холбоотой мэдээлэл ирэх бүрт нь нийтэлдэг. Мөн гэр хорооллын иргэдэд гэр, байшингаа дулаалах сургалтыг явуулж байна. Энэ чиглэлийн мэргэжлийн хүнд нь төлбөр төлөөд хичээл заалгадаг.
Бид агаарын бохирдлыг бууруулах шаардлага тавьж, "Жилдээ 0-4 насны 135 хүүхэд амиа алдаж байна” гэдэг баримтыг гаргаж, утааг бууруулах шаардлага тавьж ирсэн төрийн бус байгууллага. Манай байгууллага шаардлага тавьсныхаа дагуу би Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд гишүүнээр орж ажиллаж байна.
Мөн энэ Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад хийж буй далайцтай ажил нь түлшний бодлого. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр дотор сайжруулсан түлшний асуудал тусгагдсан. Сайжруулсан түлшийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа байгууллагын удирдлагад бид орж хянах ёстой. Компанийн засаглал ёсоороо ТУЗ-ийн 11 гишүүний гурав нь хараат бус гишүүн байх ёстой. "Тавантолгой түлш” компанийн ТУЗ-д төрийн бус байгууллагын гурван төлөөлөл байдаг. Бид бодлогод нь нөлөөлөх гэж оролдож байна шүү дээ.
Манай ТББ өмнө нь түлшээ сайжруулахыг маш их эсэргүүцдэг байсан. Яагаад гэхээр гэр дотор галлагаа байсан цагт агаарын бохирдол буурахгүй. Тиймээс утааг бүр байхгүй болгох ёстой гэж үздэг байв. Гэтэл жилд 100 гаруй хүүхэд нас барж байна гэсэн судалгаа бий. Бид урт хугацааны бодлого ярьж, дунд болон богино хугацааны бодлогоо орхиж, хүүхдүүд амиа алдахыг хараад суух нь хүний эрхийг орхигдуулсан мэдрэмжгүй, хариуцлагагүй үйлдэл болох юм билээ. Үүнийг би энэ салбарт ажиллаж үзэж байж ойлгож авсан. Тиймээс аргагүй эрхэнд түлшний бодлогыг зөвшөөрсөн.
-"Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүнээр хэзээ томилогдсон бэ?
-Өнгөрсөн 2018 оны долоодугаар сард ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Түлшний бодлого хэрэгжүүлж, гүйцэтгэж байгаа байгууллагад нь иргэний хяналт байхгүй байж огт болохгүй. Тэр тусмаа өвлийн хүйтэнд зургаан удаа жагссан бид нар хяналт тавьж орохгүй бол өөр хэн хяналт тавих юм. Улсын үйлдвэр зөвхөн төрийн албанаас томилсон бүтэцтэйгээр явж болохгүй. Анх ТУЗ-д ороод ажиллахад сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэсэн цаасан дээр л төлөвлөгөө байсан. Сайжруулсан түлшийг өмнө нь яагаад 10 мянган тонныг ч гаргаж чадаагүй вэ гэхээр хүнд хэцүү ажил юм билээ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнийхээ хувьд түлшний үйлдвэрүүдийн татаасыг нь цагт нь олгуулж, түлш үйлдвэрлэх ажлыг хийлгэх гэж шахаж шаардаж үзсэн. Чаддаггүй юм билээ. Тийм учраас "Тавантолгой түлш” компани түлш үйлдвэрлэж эхэлсэн. Бид гадаа жагсаж явсаар байгаад Засгийн газар утааг бууруулах ажил санаачилж, түүнд нь хяналт тавих хүнээр сонгогдож байгаадаа тодорхой хэмжээний амжилт гэж боддог. Хяналтыг бий болгохын тулд би "Тавантолгой түлш” компанийн ТУЗ-д хараат биш гишүүнээр суух ёстой.
-Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд олноороо хордож, хэд хэдэн хүн амиа алдлаа. Энэ нь юутай холбоотой вэ?
-Би шууд ийм зүйлээс боллоо гэж хэлэх хэцүү юм. Яагаад гэхээр би сайжруулсан түлш хоргүй гэдэгт итгэлтэй байна. Зуухны галлагаа, бүрэн бүтэн байдлын асуудлыг би ойлгож байна. Ер нь зуух болон галлагаатай холбоотой утаа гарах асуудал байдаг. Миний танил нэг эгчийн гэр бүлийн гурван хүн 2017 оны арванхоёрдугаар сард угаартаж нас барсан юм. Тэр дариу гэр дотор зуух байгаа цагт угаарын асуудал байна гэж ойлгоод нүүрсний хор хөнөөлийг ойлгуулахын тулд энэ  асуудлыг судалсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс жилд хэчнээн хүн угаартаж амиа алддаг вэ гэдгийг нэхэж байж мэдээллийг авсан. 2015, 2016 онуудад тус бүр 13 хүн, 2014 онд 19 хүн угаартаж нас барсан гэдэг тоон мэдээллийн авсан. Энэ тоонд би ерөөсөө итгээгүй. Учир нь тэр үед агаарын бохирдлын хор хөнөөлийг төрийн байгууллагынхан дарж мэдээлдэг үе байсан. Энэ тоо магадгүй гурав дахин дарсан тоо байхыг үгүйсгэхгүй.
-Иргэд угаартсан нь сайжруулсан түлшний найрлагатай холбоотой байж болох уу?
-Бид сайжруулсан түлшийг өнгөрсөн зун хоёр түвшинд туршиж үзсэн. Зургаан өдрийн турш хоёр ширхэг монгол зуух тавиад нэг зууханд нь Налайхын уурхайн нүүрс, нөгөөд нь Тавантолгойн түлш хийгээд, хоёуланд нь 800 грамм мод нэмж туршиж үзсэн. Мөн Багануурын уурхайн нүүрс болон "Хотын түлш” компанийн сайжруулсан түлшийг туршсан. Тэгэхэд хоёр зүйлд би итгэлтэй болсон. Сайжруулсан түлшний хувьд илчлэг сайтай. Зуухны гадаргуу дээр дулаан хэмжигч барьж үзэж байж сайжруулсан түлшийг илчлэг сайтайг тогтоосон. Хоёрдугаарт сайжруулсан түлш түлээд унтарсан ч дулаанаа барьсаар л байсан. Мөн би сайжруулсан түлшийг хортой гэж огт бодохгүй байна. Ямар эрүүл ухаантай хүн 1.5 сая хүнд хортой түлш үйлдвэрлэж өгөх юм бэ. Шоронд орно шүү дээ. Тоглоом биш. Монгол Улсын хоёр том лабораторид сайжруулсан түлшийг шинжлүүлж байнга харьцуулдаг. Сайжруулсан түлшний стандарт гэж бий. Энэ стандартдаа хүрч байна уу, бохирдуулагч бодисууд ямар байна, түүнийг нь яаж багасгах вэ гэдэг дээр анхаарч ирсэн. Үйлдвэр байгуулагдсанаас хойш түлшинд сайжруулалт хийж ирсэн.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал дээр анх би "Сайжруулсан түлшийг айлуудад туршиж үзээч” гэж хэлж байж зөвшөөрүүлсэн. Ингээд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба, "Утааны эсрэг аав ээжүүд” ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон анхны сайжруулсан түлш үйлдвэрлэсэн Эм Си Пи Ти компанийг оролцуулаад анхны түлшийг туршиж үзсэн. Сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс гарч буй агаарын бохирдлын тоосонцрын хэмжээтэй харьцуулахад 9 орчим хувиар буурч буй үзүүлэлт гарсан. Бүх агаарын чанарыг нь явуулын станцаар дүгнэе гэхээр Улаанбаатар хотын түүхийг нүүрсний агаарын бохирдол Морингийн даваа руу маш их орж ирдэг юм билээ. Улаанбаатар хотын түүхий нүүрсний агаарын бохирдлын нөлөө Морингийн даваа руу орж ирж байгаа ч сайжруулсан түлшний тоосонцрын хэмжээ 9 хувиар буурч байгаа үзүүлэлт харагдсан. Хэрэв түүхий нүүрсний агаарын бохирдлын нөлөө байхгүй бол хортой тоосонцрын хэмжээ дор хаяж 15 орчим хуваарь буурах юм байна гэдэг итгэл үнэмшлийг олж авсан. Хоргүй чанарын хувьд лабораторийн дүгнэлтэд итгэж байна.
Улаанбаатар хотын хэрэгцээг хангах 600 мянган тонн нүүрсний 200 мянгыг нь хувийн үйлдвэрүүд, 400 мянгыг нь "Тавантолгой түлш” компани үйлдвэрлэх ёстой байсан ч хувийн үйлдвэрүүд 10 мянган тонн ч сайжруулсан түлш үйлдвэрлэж чадаагүй.
-Өмнөх жилүүдэд иргэд угаартаж амиа алдаж байсан нь үнэн. Гэхдээ саяны тохиолдол шиг нэг шөнө 100 гаруй хүн угаартаж, зарим нь амиа алдаж байсан тохиолдол байхгүй шүү дээ?
-Одоо дүгнэлт хийхэд арай эрт байна. Нэгдүгээрт гадаадад явуулсан түлшний шинжилгээний дүгнэлт гараагүй. Гэхдээ сайжруулсан түлшинд би ерөөсөө эргэлзэхгүй байна. Олон хүнийг хамарсан төсөл хэрэгжүүлэх явц дундаа иргэдэд галлагааны арга технологийг сургах сургалт сурталчилгаа дутагдсан байна гэж би ойлгож байгаа. Хотын захиргаа сургалт сурталчилгаа сайн явуулах ёстой байсан. Үйлдвэр дээр сургалт сурталчилгааны ажлын төсөв мөнгө бага. Гэхдээ "Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн баг хамт олон айлуудаар тогтмол яваад олон төрлийн зууханд туршилт хийсээр ирсэн. Одоо ч туршилт хийж байгаа. Тэр хүмүүс маань ирээд асуудлаа компанидаа тавьдаг. Гэхдээ түлшнээс болж угаартсан гэж бодохгүй байна.
-Түүхий нүүрс түлж байгаад сайжруулсан түлш түлэхэд галлах арга технологи нь арай өөрчлөгдсөн. Үүнийг иргэдэд сайн ойлгуулах ёстой байсан байх?
-Үүн дээр л сургалт сурталчилгаа дутуу хийсэн.
-Тэгвэл иргэдэд сайжруулсан түлшийг хэрэглэх зааварчилгаа өгөх ёстой байгууллага хэн бэ. "Тавантолгой түлш” компани уу, Нийслэл үү?
-Энэ салбарт ажиллаж байгаа бүх л газрууд буруутай гэж бодож байна. Нэгдүгээрт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон хариуцлагагүй хандсан байна. Хоёрдугаарт, үйлдвэрийнхэн том төсөл хэрэгжүүлж байж энэ асуудлыг бодох ёстой байж. Мөн хотын захиргааныхан их хойрго хандсан. Түлшний асуудалд тал талаасаа оролцож байхад, тээвэрлэлт, хадгалалтыг хариуцаж байсан хотын захиргаа муу ажилласан. Одоо ингээд асуудал гараад хотын захиргааныхан хөдлөөд байгаа байхгүй юу. Ер нь хэн хэний маань л чадамж дутсан.
Иргэд бид ч хариуцлагатай байх ёстой. Яндангаа хөөлж, пийшингээ цэвэрлэх гээд. Хаа хаанаа л хариуцлагагүй хандсан. Оролцогч талууд бүгдээрээ л буруутай гэж бодож байна.
-Иргэд угаартсантай холбоотойгоор танай компанийн ТУЗ хуралдсан уу?
-Хуралдсан. Угаартсан асуудал юунаас болов, угаарын аюул үүсгэхгүйн тулд юун дээр анхаарах ёстойг хэлэлцсэн.
-Тэгвэл иргэд угаартаж эрүүл мэндээрээ хохирсон, зарим нь амиа алдсан явдалд буруутай хүмүүс хариуцлага хүлээх ёстой болов уу?
-Цагдаагийн байгууллага л буруутай хүмүүсийг тогтоох ёстой. Түлш хортой биш учраас яг юунаас болсныг хуулийн байгууллага тогтоосны дараа түүн дээр үндэслэж хариуцлагын асуудал ярих ёстой байх.
-Төрийн байгууллагуудын мэдээлэл өгч байгаагаар иргэд галлагаа буруу хийснээс болж угаартсан гэдгийг хэлж байгаа. Иргэд өөрсдөө буруутай гэдэг тайлбарыг л өгөөд байгаа л даа?
-Хүн амиа алдчихаад байхад төрийн байгууллагынхан гарч ирээд  "хаяа хаяагаа манаж” байгаа нь онцгүй санагдсан. Эхлээд харамсах ёстой. Гэхдээ түлшний бодлого руу улс төржилт хэтэрхий их байхаар асуудлаа үнэнээр нь яръя гэхээр түүн дээр нь улс төржилт орж ирээд түлшний бодлогоо унагачих гээд байгаа эрсдэл их байна. Бид ядаж эхний жилдээ үр дүнгээ харах ёстой. Яагаад өмнө нь өчнөөн сая доллар зарцуулсан зуух үр дүнгээ өгөөгүй юм. Дахин төлөвлөлт яагаад үр дүнгээ өгсөнгүй вэ. Нэг юмныхаа эцсийн үр дүнг үзэх ёстой. Сайжруулсан түлшийг мөн энэ мэтээр зогсоох оролдлого хийж байна.
-Угаартаж амиа алдсан иргэдийн ар гэртэй та очиж уулзаж, болсон явдлын талаар тодруулав уу?
-Утсаар холбогдсон. Тэр хүмүүс асуудлуудаа надад ярьсан. Надад ярьсан зүйлээр олон нийтэд битгий гаргаарай гэж байсан.
-Сайжруулсан түлшийг хэрэглэснээр утааг хэдэн хувь бууруулах вэ?
-Сайжруулсан түлш миний бодлоор 30-40 хувь л бууруулна. Агаарын бохирдлыг 30 хувь бууруулж чадвал үнэхээр сайн. Гэхдээ утаа 30 хувь буурсныг нь олон нийт утаа буурсан гэж үзэхгүй байх. Тэгээд дараа жилээс хэрвээ Засгийн газар солигдвол түлшний бодлого унах эрсдэлтэй. Би үүнээс л айж байна. Нэг аргаар утааг 30 хувь бууруулна гэдэг бол өндөр үр дүн. Орон сууцанд л оруулахгүй юм бол сайжруулсан түлшийг дангаар нь хэрэглээд 50-60 хувь буурахгүй. Гэр хорооллын 20 хувийг орон сууцанд оруулахын тулд 1.7 их наяд төгрөг болно. Энэ мөнгө чинь Боловсролын салбарын жилийн төсөв. Тэгэхээр тийм боломж байхгүй. Нийтээр нь орон сууц барьж утааг бууруулах төгс шийдлээ хийж чадахгүй ч урт хугацаанд хийдгээрээ хийгээд богино хугацааны ажлаа заавал хийх ёстой. Утааг бууруулах богино хугацааны ажил гэдэг нь сайжруулсан түлш, зуух. Бид эхэндээ түлш, зуух солих асуудлыг үзэн яддаг байсан. Яг салбарт нь ороод ажиллаад ирэхээр бодит байдалтайгаа эвлэрээд, хөрсөн дээрээ бууж байна.
-Утаа байх ёстой хэмжээнээсээ хэд дахин нэмэгдсэн юм бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1 метр куб доторх бохирдуулагч бодисын хэмжээ 50 хүртэл микрограмм байх ёстой гэж үздэг. Гэтэл манайд 1 метр куб доторх бохирдуулагч бодисын хэмжээ 3320 микрограмм хүрдэг. Тэгэхээр бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах ёстой. Нэг аргаар, нэг өвөл шууд огцом бууруулна гэж байхгүй. Утааг 30-40 хувь бууруулна гэдэг шууд нүдээр хараад мэдэх боломжгүй байх. Гэхдээ хэмжилтээр мэдэх боломжтойг ойлгох ёстой. Хятадууд утаагаа 10 хувь бууруулахын тулд хоёр жил бэлдэж байж, гурав дахь жилдээ техникийн шийдэл рүү гээ орсон. Тэгэхээр 20-30 бууруулах ажлаа улс төрчид нь хийрхэж, 50-60 хувь бууруулах байсан юм гэж ярьж, үгүйсгээд түлшний бодлогоо унагачих вий гэж үнэхээр их айж байна.
Тэгэхээр бидний өмнө хамгийн том тулгарах асуудал бол дээрх агаарын бохирдлыг бууруулж буй багахан үр дүнгээ дэвшил гэж харахгүй бодлогоо унагаж хаях вий. Угаарын асуудал дэгдэнгүүт сайжруулсан түлшийг хэсэгчилсэн байдлаар түлэх үү гээд ярьж байна. Энэ бол ухралт шүү дээ.
Түүнчлэн Барилга хот байгуулалтын яам агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны бодлогоо ерөөсөө хэрэгжүүлэхгүй байна. Эрчим хүчний яамныхан эрчим хүчний өргөтгөлийн ажил сайн хийж байгаа ч шинэ эх үүсвэр нэмэхгүй байгаа. Яагаад V цахилгаан станцын асуудал яригдахгүй байна вэ. Ерөнхийлөгч яагаад дагуул хотоо барихгүй байна вэ. Засгийн газартайгаа сайн ойлголцдог л гэсэн биз дээ. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны бодлогоо додомдож яваад бага багаар ч гэсэн утааг бууруулах ёстой.
-"Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүн нь ямар цалин, хангамж авдаг вэ?
-Анхны жил "Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүн 340 мянган төгрөг байсан. Саяхнаас 540 мянган төгрөг болж нэмэгдсэн. Биднийг сошиалд тендер авсан мэтээр ярьж, бичсэн байсан. Тендер авсан нэг ч зүйл байхгүй. Нэг ч тендерт орж үзээгүй. Би юу гэж тендертэй хутгалдах вэ. Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тендерийн үнэлгээний хороонд заримдаа л гишүүнээр орж, хяналт тавьдаг ажилтай. Би ерөөсөө тендер авч байгаагүй.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

М.Ганбаатар: Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага

300 БАЙР НЭХЭЖ БАЙГАА БАГШ НАР ИЧИГ ИЧИГ

Г.Батхүү агсны хэргийг шалгахад гадны дарамт, шахалт

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0168-Р АНГИЙН АЛБА ХААГЧ АМИА АЛДСАН

Н.Цэрэнбат: ЦЕГ дөрвөн тусгайлсан пост гаргаж, түүхий нүүрс

Байгальд халтай мухар сүсэг

Сэтгэгдэл бичих