» » ХУВЬЦААНЫ ГОЛ ТОГЛОГЧ БУЮУ ХОГИЙН ЦЭГИЙН ТЭРБУМТАН А.ЧУЛУУН

ХУВЬЦААНЫ ГОЛ ТОГЛОГЧ БУЮУ ХОГИЙН ЦЭГИЙН ТЭРБУМТАН А.ЧУЛУУН


       ...Би түүнтэй өнгөрсөн хавар Үндэсний номын баяраар таарсан юм. Тэр Төв талбайн голд байрлах нэгэн асрын ойролцоо том шар, халтар шуудай үүрээд, номын хуудас эргүүлээд зогсож байсан. Хэд хэдэн асар дамжиж, худалдаж авсан  номоо шуудайндаа хийгээд, худалдаачдаас “Бизнесийн ном байна уу” гэж лавлаж байгаа нь  хоёр ч удаа сонсогдсон. Угтаа түүний үүрсэн шар шуудай номын баяраас бусад өдөр шил, лааз, хоёрдогч түүхий эд цуглуулах зориулалттай гэдэг нь илт байлаа.

   Хоёр, гурван асар хэсээд хайж байсан номоо олсон бололтой төд удалгүй Төв талбайгаас гараад явчихсан. Магад тэр надтай таа­рахаа­саа өмнө олон асраар аянчилсан ч байж мэднэ. Тэр явснаар бидний анхны “уулзалт” дууссан би­лээ. 
    Энэ уулзалтаас тун удаагүй цахим орчинд түүн­тэй дахин “уулзав”. Нэгэн эмэгтэй түүнтэй хамт авахуулсан зургаа нийтэлж, тайлбар нь “На­майг асарт суудаг болсноос хойш энэ ах байнга л хиртэй, хуучин муу шуудай үүрээд явж харагддаг байв. Тэр миний мэдэхийн нэг ч номын баяр алга­саагүй. Хир даг болсон хувцастай, сахал үсэн­дээ баригдсан, сэмэрхий шар шуудай үүрсэн өвгөн ах өнгөрсөн намар манай асарт ирсэн юм. Ах надаас таван багц ном 230 мянган төгрөгөөр худалдаж аваад явсан. Түүнийг халааснаасаа бэлэн мөнгө гаргаж ирээд, ном худалдан авахад нь үнэхээр гайхсан шүү. Ахтай жич танилцана аа” гэсэн байлаа.
        Энэ өдрөөс хойш бор үс нь чихийг нь, саарал сахал нь хацар, эрүүг нь дараад “нэвсийтэл” ур­га­чихсан, хүрэн саравчтай малгай, саарал цамц, брюкн өмд, цайруу пүүзтэй, шуудай үүр­сэн, бага зэргийн бөгтөр нуруутай, шавилхан бие­тэй өвгөний эрэлд бид гарлаа. Үнэндээ түү­нийг хогийн цэгт амьдардаг хэрнээ хувьцаа худалдаж авдаг, Монголын Хөрөнгийн биржийн гол тоглогч, эдийн засагч, олсон мөнгөө ходоо­дондоо биш, толгойдоо зарцуулдаг, тэрбум төг­рөгийн хөрөнгөтэй гээд итгэмээргүй, сонин амь­дардаг тухай нь сонссон юм.
    Угтаа түүний амьдарч буй он цаг хугацаа, түү­хийн хуудсыг бид товчлоод ч болтугай сонсохыг, уншигчдадаа хүргэхийг хүсэн эрэлд гарсан нь энэ. Эцэст нь, түүнийг Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хэсэгт амьдардаг А.Чулуун гэж хүн болохыг мэдэж авлаа. Хэсгийн ахлагчаар нь түүний гэрийн хаягийг заалгаж, уулзахаар хэд хэдэн удаа гэрт нь очиход “оруулаагүй”. Учир нь, тэр өглөө, өдөр, оройн цагаар гэрийнхээ үүдийг хааж, хашааныхаа хаалгыг дангинатал түгжиж, нохдоо сул тавьчихаад гараад явчихдаг юм билээ. Хашаанд нь юу байгааг гаднаас нь харах боломжгүй. Надаас гурван тохой өндөр хашаатай. Дээр нь хашаа руу нь хоёр алхам ойртоход л халтар нохойных нь архирсан араа шүд цухуйгаад, хашааны ёроолоор  урд хоёр хөлөөрөө газар ухаж тэмтчээд жигтэйхэн эвгүй. Хэд хэдэн удаа цоожтой хаалга мөргөсөн бид өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр эдийн засагч А.Чулуунтай уулзаж, түүний өвөрмөц амьд­ралын түүхийг сонсох боломж олдлоо.
       Энэ удаад шар төмөр хашааг нь балбаж, “Чулуун гуай, Чулуун гуай, хүн байна уу, хүн байна уу” гэж 20 орчим минут хашхирсны дараа тэр хаалгаа тайлав. Нохойгоо хөөж, “Хэн бэ” гээд бидэн рүү гайхсан нүдээр цоргиулав. Мэнд мэдээд, “Тантай уулзах хэрэг гараад” гэсэн чинь зүүн талын чихээ ойртуулаад “Юу гэсэн бэ” гээд дахиж асуув. Уулзах тухайгаа дахин хэлж, хашаа руу нь орох зөвшөөрөл авлаа. Гаднаас нь харахад шар төмөр хашаа хэрнээ дотроо хүн явах зайтай нарийхан жимээс бусдад нь хүмүүсийн хаясан хогийг бараг хашаанаасаа өндөр болтол овоолсон байв.
          Гэрийн баруун талд янз бүрийн бичигтэй лааз, урдуур нь төмөр сав, төмпөн, шанага, зүүн талаар нь барилгын материалын хаягдал, богинохон ян­дан зоосон төмөр зуух, зуухны хажууд тогоо байх ажээ. Хашаандаа овоолсон, цуглуулсан түүний хогон дундаас дөрвөн ханатай жижиг гэр дөнгөн данган цухуйна. Гэрийнх нь халцархай шар хаалга хагас онгойж, салбархай цагаан бүрээс нь зүүн талдаа тунаад салхинд дэрвэж харагдав. Тэр гэрийнхээ үүднээс төмөр сандал авч, элгэндээ тэврээд, “Ийшээ орцгоо доо” гэж хэлээд хаалгаа дэлгэлээ. Хойморын хананы толгойд шар хадаг өлгөөтэй, урд талд нь модон бор шүүгээ байрлуулж, тавцан дээр нь бурхны эд зүйл, бор өнгийн жижиг радио тавьжээ. Хажуу талд нь гэрийн өндрийн хэмжээтэй ижил, гялгар уутыг нь аваагүй цагаан хөргөгч байрлуулж, дээд талд нь шар даавуунд өлгийдсөн судар тавьсан байлаа. Зэрэгцүүлээд нимгэн дэлгэцтэй, хар телевизор өлгөжээ. Харин зүүн талын хананд шар сампин хавчуулж, доод талд нь ор зассан байлаа. Дэрнийх нь завсар “Гарааны бизнесээр хэрхэн баяжих вэ” нэртэй ном хавчуулаастай, урд талд нь бор тэмдэглэлийн дэвтэр, хар бал тавьжээ. Гэрийн баруун, зүүн хаяанд цаасан хайрцаг, хонь, ямааны арьс, гол хэсэгт хатаж, хөгцөрсөн хэвийн боов, ууттай боорцог, хэмхэрч, хэлбэрээ алдсан ундаа, бэлэн гоймон бас бус зүйлийг хүнсэндээ хэрэглэхээр ч юм уу эсвэл хаяхаар хураасан байв. Гэр дотор нь түүний хогийн цэгээс цуглуулж, авчирсан эд зүйл хөл тавих зайгүй шахам байх нь тэр. Л.Чулуун гуай галаа түлэхээр сууж, халааснаасаа хоёр ширхэг соруул гаргаж ирээд, “За, та хэд наад хэсэгтээ багтаад суугаарай. Манайх ч миний цуглуулсан хөрөнгөнд дарагдаад суух зай ховор байх шиг байна” гээд жуумалзав. Тэгснээ “Та хэдийн ард талд манай ах, дүү нарын ирэхээрээ унтдаг модон ор бий” гээд заав. Угтаа бол бидний ард ор байгаа гэж мэдэгдэхийн аргагүй болтол шуудай, хайрцагтай хог овоолоотой, суучих газар ер харагдсангүй. 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХООС ӨМНӨХ ТҮҮНИЙ АМЬДРАЛ

     Тэр Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат гэнэ. Долоон хүүхэдтэй айлын хамгийн том нь. Түүний бага нас Баян-Уулын хөндийд бусдын адил мал маллаж, ижий, аавдаа тусалсаар өнгөрчээ. Гэрийнхнээс нь сургуульд сурч, нутгаасаа хол явсан хүн байхгүй гэнэ. Аав, ээж хоёр нь хүүхдүүдээ хол явуулах дургүй, сургуульд ч сургадаггүй байж. Харин Л.Чулуун гуай нагац ахыгаа дагаснаар сургуулийн сурагч, тэр бүү хэл их сургуулийн оюутан болж байсан гэнэ. Тэрбээр “Манай удмынхан эмээ, ээж хоёроос болж сургуульд сурч чадаагүй. Нагац ах маань барилгын цэргийн ангид алба хааж, барилгын мужаан мэргэжил эзэмшиж байсан юм билээ. Ах 1953 онд цэргээс халагдаж ирээд, Онон голын сангийн аж ахуйд ажилд орж, намайг өөр дээрээ авсан юм. Ахтай цуг амьдардаг болсон тулдаа би сургуульд сурсан. Энэ хугацаанд ээж намайг хоёр ч удаа сургуулиас гаргаж байсан. Ах бид хоёр Төв аймгийн Эрдэнэ сум руу нүүж, хоёр жил сургуульд сурсан. Дараа нь нагац эгчийндээ амьдрах болсноор Төв аймгийн төв рүү нүүсэн. Тухайн үед эгчийнх хөдөө учраас сургуулийнхаа дотуур байранд орсон. Тэр үед хүүхдээ дотуур байранд суулгавал жилд нэг бод авдаг байсан юм билээ. Гэхдээ намайг төгссөний дараа ар гэрээс нь мал авахаа больсон. Ингэж, тэгж явсаар би 1963 онд арван жилийн сургуулиа төгсөж, их сургуулийн оюутан болсон доо. Ахлах сургуулиа онц дүнтэй төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эдийн засагч мэргэжлээр сурч, дүүргэсэн” хэмээв.    

      Тэр сургуулиа төгсөөд Төв аймаг дахь Барилгын яамны харьяа Барилгын конторт эдийн засагчаар ажилд оржээ. Тухайн үед сайн ажиллаж байсан ч дөрвөн жил болоод ажлаасаа гарсан гэнэ. Учир нь, тухайн үеийн удирдлагууд нь түүнд дургүй байснаар матаасанд орж, “Чулуун гэдэг хүн чинь эдийн засаг гэдэг үгний Э-г нь ч ашиглаж чадахгүй, эдийн засгийн алуурчин” гэх яриа яамны удирдлагуудын чихэнд хүрч, арга буюу өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Улмаар ажил хайж явсаар Төв аймгийн Борнуур сумын сангийн аж ахуйд ажилд орж, тэндээ долоон жил ажилласан гэнэ. Энэ хугацаандаа цэргийн албанд явахаар хэд хэдэн удаа бүртгүүлсэн ч чих муу гээд тэнцээгүй. Төрийн албанд эдийн засагчаар ажиллаж болох байсан ч тэр шахаа, арын хаалганы хүмүүсийн “ач”-аар халагдаж, дахиж хаалгыг нь татаагүй гэсэн. Энэ тухай тэр “Ямар ч аргагүй болоод саналаараа ажлаасаа гарсан. Шударга нийгэм байгаагүй, тэр үед. Манай даргын ах нь Намын төв хороонд ажилладаг. Ах руугаа матаас бичсээр байгаад намайг явуулсан. Шударга байхаар арын хаалганы танил талтай хүмүүс үздэггүй байлаа. Яамнаас ажил шалгаж ирэхээр байгууллагынхаа хамгийн муу ажилтан нь болох шахдаг байлаа. Шалгалтгүй үед бол ажлаа сайн хийдэг хүн. Бодит амьдрал, цаасан дээрх дүн хоёр яах аргагүй зөрөөд байсан. Тэгээд л ажлаасаа гарчихсан юм. Борнуурт эдийн засагчаар ажиллаж байгаад 1982 онд Улаанбаатар хотод ирсэн. Хэсэг ажилгүй таваргаж, гудамж метрлэсэн дээ. Дараа нь цэргийн ангид нэг хэсэг нормчин хийж байгаад барахгүй болохоор нь больсон. Угтаа тэнд намын гишүүн болж, ажил төрөлтэй, амьдралаа сайжруулах санаатай очсон ч өнөөх л арын хаалга гэдэг зүйл нөлөөлж, чадаагүй. Тэр цагаас хойш төрийн алба руу зүглээгүй, хувийн бизнес эрхэлж эхэлсэн. Ундаа, самар зарж, анчдын бригадтай тарваганд явж, арьсыг нь хуулдаг байлаа. Ийм л товчхон намтартай хүн шүү дээ. Тэр үеийн нийгэм намайг ийм богинохон намтартай болгосон” гэв.

        Хувийн бизнес эрхэлж, аж амьдралаа хөөсөөр тэр ардчи­лалтай золгожээ.  Тэртээ 1968 он буюу оюутан байхдаа Улс төрийн товчооны орчуулагч С.Төмөр-Очир гуайн орчуулсан “Мөнгө” зохиолыг уншиж байжээ. Тэр номоос хувьцааны тухай мэдэж, мөнгөтэй, хувьцаатай танилцаж байсан гэ­нэ. Тухайн үедээ “Хөрөнгөтөн орны эдийн засаг, зах зээл зугаатай, хөгжилтэй байдаг юм байна” гэсэн бодолтой үлдэж байсан гэнэ.

ХУВЬЦААТАЙ НӨХӨРЛӨСӨН ТҮҮНИЙ 30 ЖИЛИЙН АМЬДРАЛ

      Эндээс түүний сүүлийн 30 жилийн амьдрал, хувьцаа эзэмшигч, тэрбумын хөрөнгөтэй хэрнээ хогийн цэгийг гэр, хашаанд авчирсан “нууц ноёнтон”-ы амьдрал эхэлнэ. Тэр 1992 онд Хөрөнгийн зах зээлд хөл тавьж, “Мөнгө” номонд гардаг хувьцааны бизнесмен болжээ. Түүнийг хувьцаа худалдан авч байх үед нь хариуцаж байсан брокер нь гайхдаг байсан гэнэ. Хувьцааны үнэ, ханшаа асуухаар очих бүрд нь “Танаас өөр хүн байгаа хөрөнгөө цаасан дээр бай­гаа хувьцаагаар солихгүй” гэж хэлж, толгой сэгсэрдэг байсан гэнэ.
     Тэр ярихдаа “Анх хувьцааны тухай ном уншиж байхад унаж, боссон хүн олон байсан. Зарим нь учиргүй баяжаад алга болсон бол хэсэг нь дампуурч, олонх нь хувьгүй, эргэлдүүлэх ч хөрөнгөгүй болж, зах зээлээс арчигдсан байдаг. Намайг анх хувьцаа худалдаж авахад үнэ нь яг өсөж байсан юм. Ердөө Хөрөнгийн зах зээл нээгдэж байсан үе шүү дээ. Ямар ч хувьцаа авсан төвөггүй зарагддаг, эрэлттэй байлаа. Гэхдээ зарим хүн нэг компанийн 25 хувийн хувьцааг худалдаж аваад, бирж дээр очоод “Би эзэн нь байна” гэдэг байсан юм билээ. Тэгээд компанийн эзэн болж яваад, компанийн хөрөнгийг идэж, дампуурсан болгодог байсан. Энэ мэт аргачлалаар 200 гаруй компани дампуурч, зах зээлээс алга болсон. Дампуурсан компани дунд миний хувьцааг нь авсан олон газар бий. Дампуурлын хууль үйлчилж, компанийн үлдсэн хөрөнгийг хувь­цаа эзэмшигчдэд тараадаг байх ёстой. АНУ-д яг ийм схемээр хувьцааны бизнес явдаг шүү дээ. Харамсалтай нь, манайд Дампуурлын хууль үйлчилдэггүй, идсэн хүний зол, алдсан хүний хохь болоод л дуусдаг. Би анх 60 гаруй компанийн хувьцаа худалдан авч, эргэлтэд оруулж байсан. Тухайн үед худалдаж авсан компанийн хувьцаа одоо л надад ашгаа өгч, компаниуд нь тодорч байна. Хувьцааг нь худалдаж авсан газрууд зах зээлийн шуурга, уналт босолтод тэсэж, үндсэн хөрөнгөтэй болж, сайхан боллоо. Одоо хамгийн их үнд­сэн хөрөнгөтэй нь АПУ, “Говь” компани шүү дээ. Миний эзэмшдэг томоохон хувьцаа энэ хоёр компанийнх. Одоогийн байдлаар би дампуурсан, дампуураагүй 100 гаруй ком­панийн хувьцаа эзэмшиж байгаа. Энэ дотроос одоогоор 10 гаруй компани жилдээ хувьцааны ногдол ашиг гэж хуваадаг” гэлээ.
     Тэр хувьцааны зах зээлээс гараагүй. Са­наандгүй уншсан ном, эдийн засагч мэргэжил, анхны эргэлдүүлсэн хувьцааны ашиг нь түү­нийг зах зээлээс явуулаагүй. Тэр “Хүмүүс намайг яагаад хувьцаа руу орчихсон юм бэ” гэдэг юм. Би чинь эдийн засагтаа сонирхолтой, хувьцааны гол ашиг, чухал ач холбогдлыг нь ойлгочихсон, эргэлтэд оруулж, ашиг олж үзсэн учраас одоо хүртэл хувьцаа худалдаж аваад байгаа юм. Би жилдээ 5-6 орчим сая төгрөгийн хувьцаа худалдаж авдаг. Өмнө нь бол жилдээ 10 орчим сая төгрөгөөр хувьцаа авдаг байсан. Авсан хувьцаагаа зарна гэж байхгүй. Хувьцаагаа зарахгүйгээр үнийн өсөлтөөс хэдэн төгрөг олдог юм. Жилд тав орчим сая төгрөгөөр хувьцаа худалдаж авлаа гэхэд жилдээ өссөөр хоёр дахин нугарна. Хувьцааны захаас ашиг олно гэдэг урт хугацааны хүлээлт шүү дээ. Хувьцааны зах зээлд ороод 30 жил болж байна. Одоо л хүссэн хэмжээндээ хүрэх гэж байна шүү дээ. Одоогоор миний авсан хувьцаа 260 орчим сая төгрөг болоод байна. Өнгөрсөн жил 400 орчим сая төгрөгт хүрсэн. Өвөл хувьцааны үнэ унах үеэр 260 сая төгрөг болоод буусан. Энэ намар өсөөд 500 орчим сая төгрөг болно. Ирэх жилийн тооцооллоор нэг тэрбум хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Хувьцааны үнэ өсөөд байгаа гол шалтгаан нь компанийн захирал болох, хувьдаа авах тэмцэл. Хувьцаагаа бүгдийг нь худалдаад авчихвал тэр хүний хувийн хөрөнгө болно шүү дээ. Ийм учраас л эрэлт нэмэгдэж, хувьцааны үнэ өдрөөс өдөрт өсөөд байдаг юм” гэв.
     Тэр тэтгэврийн мөнгөөрөө хувьцаа худалдаж авдаг гэнэ. Харин хэрэглээний мөнгөө шил, лааз, хог түүж олдог. Түүний хашаан дотор хураасан хог сүүлийн 30 жилийн “хөрөнгө” нь. Бага сагаар хүмүүсийн хэрэггүй болсон эд зүйлсийг цуглуулж, хашаандаа хураасаар энэ хэмжээнд хүрчихсэн юм билээ. Бид түүнээс “500 сая төгрөгтэй, тийм хэмжээний хувьцаатай хүн хог түүж, хогон дунд амьдарч байна гэхээр хүмүүс итгэхгүй байж мэднэ. Яагаад ингэж амьдардаг юм бэ. Хураасан хувьцаагаа зарж борлуулаад, зах зээлд эргэлдүүлж, өөрөөр амьдаръя гэж та бодож байгаагүй юу” гэж асуулаа. Тэр инээсхийгээд “Биз­несийн ухаан”-ы номонд “Хүн өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг юмыг хийх хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрнэ” гэж бичсэн байдаг. Тэгэхээр миний хамгийн сайн хийж чадах ажил хувьцаа худалдаж авах, энэ зах зээлд өрсөлдөх юм. Миний хийж чадах ажил энэ мөн байгаа биз дээ. Харин шил, лааз түүх нь амь зуулгад нэмэртэй. Хувьцааны хөрөнгө, тэтгэвэр рүүгээ гар дүрэхгүй болгоод байдаг юм. Уг нь залуу байсан бол хувьцааны хөрөнгөө хүссэн хэмжээндээ хүргэчихээд эргэлдүүлэх байлаа. Одоо оройтсон. Юу ч хийхгүй. Хувьцаагаа ч зарахгүй. Энэ чигээрээ байсаар л дуусна. Одоо би 77 настай, гурван жилийн дараа гэхэд л байхгүй болж мэднэ” гэлээ.

ХУВЬЦААГАА ДҮҮГИЙНХЭЭ ЗЭЭНЦЭРТ ӨВЛҮҮЛНЭ

       Уншигч танд “Одоо тэгээд энэ их мөнгөө яах юм. Үр хүүхэд гэж бий юү. Юунд зарцуулах юм бэ” гэсэн асуулт урган гарч ирж байгаа байх. Тэр энэ асуултад хариулахдаа “Одоо надад гарц үлдээгүй. Надад авсан эхнэр, төрсөн хүүхэд байхгүй. Хэрэв гэр бүлтэй байсан бол миний зорилго өөрчлөгдөх байсан байх. Тэр тэгээд дээр үед бүтээгүй л дээ. Насаараа ганцаараа амьдарч байна. Харин дүүгийн охины хүүхдүүд өсөж том болж байна. Би тэдэнд хөрөнгөө өвлүүлэхээр зэхсэн. Манай дүүгийн зээнцэрүүд миний цуглуулсан хэдэн төгрөгийг зарцуулах байх. Тэд боловсролдоо зарцуулаасай гэж би хүсдэг. Би тэдэнд энэ тухайгаа хэлчихсэн байгаа. Одоо том охин нь 13 настай. Намайг хувьцааны зах зээлээс нэрээ татахад тэр хүүхэд их сургуульд суралцах юм. Ийм л төлөвлөгөөтэй амьдарч байна даа. Би энд хүрэх гэж л энэ замыг сонгосон. Хүмүүс миний өмнөөс халаглаж, харамсаж л байдаг юм. Ялангуяа брокер, хувьцаа эзэмшигчид. Тэд намайг “Ядаж дулаахан байр аваад, тухтай, хүн шиг амьдрахгүй” гэдэг юм. Би өөрийнхөө хэмжээнд тухтай, дураараа, эрх чөлөөтэй, хүссэнээрээ амьдарч байгаа нэгэн. Ингэсээр л дуусна. Байр аваад яах юм бэ. Хэдэн тавилга авна, багтахгүй, би хэрэглэхгүй шүү дээ. Дөрвөлжин ханан дунд амьдрах юу нь сайхан гэж. Надад энэ амьдрал минь хамгийн сайхан байна. Миний амьдралын гол зорилго хөрөнгийн зах зээлийн тоглогч болох байсан. Би тэрэндээ хүрсэн хүн” гэлээ.

    Гудамжинд таарвал тэр жирийн л нэг хоёр­догч түүхий эд цуглуулагч, бүр заримд нь гуйл­га гуйдаг өвгөн. Гэрт нь очвол тэр мөн л хогон дунд амьдардаг бас л нэг ядарсан өвгөн. Харин Хөрөнгийн бирж дээр очвол хувьцааны гол тоглогч. Хамгийн тууштай явж, өнөөдөрт хүр­сэн хувьцаа эзэмшигч. Биржийн захад түү­нийг танихгүй хүн ховор юм билээ. Ямар ч ком­панийн хувьцаа эзэмшигч, захирал түүнтэй хувь­цааны зах зээлийн талаар яриа дэлгэх, сонир­хох дуртай гэнэ. Түүнд уншаагүй ном хо­вор гэсэн. Тэр дундаа бизнес, түүхийн номыг тэр гар татахгүйгээр худалдан авч, уншдаг ажээ. Тэрбээр “Энэ амьдралд би хоолноос илүү ном л худалдаж авсан байх. Хэчнээн ном уншсан гэдэг нь ч барагцаагүй болсон. Миний цуглуулсан гур­ван том хөрөнгө нь хувьцаа, ном, энэ ха­шаан доторх эд зүйл. Харамсалтай нь, манай байшин шатаад миний цуглуулсан ном байхгүй болсон. Сүүлд цуглуулсан номоо шатаачихгүй, үрэгдүүлчихгүй юм сан гэсэндээ би гадаа энд, тэнд хадгалж байгаа. Гэртээ хадгалж байтал дахиад шатчихвал яана” гэлээ.
       Түүний элбэг дэлбэг, хангалуун амьдрахыг хүсдэггүй, адаглаад шинэ, цэвэрхэн хувцаслахыг юман чинээнд тооддоггүй шалтгааныг сонссон учраас бас мөрөөдөлдөө хүрчихээд дотроо хэчнээн баяртай, баян хангалуун явааг нь мэдэрсэн болохоор илүү зүйл нэмж асуусангүй.

    Биднийг яриагаа дуусгаад, дахин уулзахын ерөөл өргөөд явах болоход “Ахынх нь ингэж амьдарч байгаа ер нь хэнд ч хамаагүй. Надад болж байвал надад л хамаатай. Болохгүй бай­сан ч надад л хамаатай. Хувьцааны зах зээлд боломж байдаг юм шүү гэдгийг зарим нэг сонир­хогчид ойлгуулах гэхдээ л чамд ярьчихлаа. Түү­нээс миний хувьцаа мувьцаа хүмүүст битгий хэл бүр надад ч хамаагүй. Хүн ер нь юунаас ч хамааралгүй амьдраад сурчихсан байхад юу ч дутахаа, хүсэхээ больчихдог юм” хэмээн хог, шороон дунд атлаа саяхан угаасан сувилагчийн гэмээр цэвэрхэн гэж жигтэйхэн гараараа “Баяр­тай” гэх шиг дохичихоод хашаа руугаа орлоо.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн урт аян" номын

ДОЛОО ХОНОГТ 7 ШУУДАЙ ТҮЛШ ХУДАЛДАХААР БОЛЖЭЭ

"Таван толгой түлш" компани иргэд, аж ахуй нэгжээс түлшний

Б.Жамбалдоржийн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” ном

Өндгөн чулуун дээр зурагдсан үндэсний зураг

“Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг

Сэтгэгдэл бичих