
Монголын экспортын орлогын 70 гаруй хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ унаснаар төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдлийг дагуулсан бол залгуулаад нүүрсний экспорт сорилттой тулав.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны тайлбараар бол Хятадын Ганцмод боомт дахь нүүрс агуулах талбай дүүрснээс татан авалт удааширчээ. Нүүрс ачиж буулгах талбайнх нь 90 гаруй хувь дүүрсэн байна. Хятадын талд асуудлыг тавихаар “Нүүрс буулгаж авах талбай алга” гэдэг хариу барьдаг болжээ.Шалтгаан нь худалдан авагч тал өндөр үнээр авсан нүүрсээ үнэ унасан үед татан авах нь ашгийг нь бууруулж буй аж. Иймээс Монгол Улсын хувьд нүүрсний үнэ дахин битгий унаасай, ядаж одоогийн үнэ дээр тогтворжоосой гэж залбирах л үлдэж байна.
УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг батлахдаа нэг тонн нүүрсийг 105 ам.доллар байхаар тооцсон. Гэвч нүүрсний үнэ 80 ам.доллар руу буусан. Тарифын дайнаас үүдэлтэй Хятадад гангийн эрэлт буурснаар коксжих нүүрсний үнэ дагаж буугаад байна. Хамгийн ноцтой нь дэлхий дахинд үүссэн энэхүү тарифын дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал урт хугацаанд үргэлжлэх эрсдэл бий. Иймээс Монгол Улс энэ жил 83 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх ч эргэлзээтэй болж буй. Учир нь, өнгөрсөн саруудад биржээр зарсан нүүрснүүд Хятадын Ганцмод боомтод очоод гацсан тул цааш тээвэрлэлт хийгдээгүй нөхцөлд Монгол талаас нэмж нүүрс экспортлоход хүндрэл учирч байгаа юм.
Иймээс ацан шалаанд орсон Засгийн газар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлснээр парламент яаралтай горимоор хэлэлцэж эхлээд байна. Дээрх хуулийг УИХ-аар баталсан нөхцөлд биржээр зарж байгаа нүүрсний хэт хатуу үнийг индексжүүлж уян хатан болгоно гэдэг тайлбарыг Засгийн газрын сайд нар өгч буй ч үнэндээ бол үнэ бууна гэсэн үг.
Нөгөө талдаа Ганцмод боомтод үүссэн Зэлтэрийн гацаа нь арилаагүй цагт экспорт сэргэнэ гэхэд бэрх сонсогдож байгаа.Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний гурван сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 15.8 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багассан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллараар буурсан. Ингэхдээ үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллар, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багасаад байгаа юм.
Уг нь Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард УИХ-аар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг батлуулсан. Энэхүү төслийг батлуулахаар хэлэлцүүлж байхдаа Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Нүүрсний үнэ унаж, нүүрснээс олох ашиг тасалдах эрсдэл үүсч буй энэ цаг үед маш чухал шийдвэрийг УИХ гаргах гэж байна. Хэлэлцээрээ соёрхон батлуулсны дараа компани хооронд гэрээ хийх нөхцөл байдал үүсч, “Чайна Энержи” компанид нэмж таван сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ” гэж мэдэгдсэн. Гэвч байдал дээрдэх бус дордож, нүүрсний үнэ унаад зогсохгүй экспорт саарсан мэдээтэйгээр дөрөвдүгээр сарыг үдэх болов.
Тиймдээ ч Засгийн газар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ бартердах хувилбарыг давхар оруулж ирэв. Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбараар бол энэ нь дэлхийн сайн туршлага.
Монгол шиг зовлонг туулж явсан дэлхийн олон орон байгалийн баялгаа бартердаж том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр өндөр хөгжилд хүрсэн. Тиймээс сайн туршлагыг хэрэгжүүлнэ.Одоогоор Засгийн газар ямар эрдэс баялгийг бартердаж, аль төслөө хөдөлгөх нь тодорхой бус. Эхлээд дээрх хуулийг УИХ-аар батлуулсны дараа төслүүдээ эрэмбэлж, УИХ-ын гишүүдээс саналыг нь авч байж шийднэ. Үүний өмнө хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь энэ аж. Бартер ажиллагаа амжилттай болбол валютын нөөцөө шавхахгүй, цаашлаад валютын ханшийг хөөрөгдөхгүй байх боломжтойн зэрэгцээ иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж үзэж байна. Гэвч нөгөө талд бартер нэрийн дор нүүрсээ сорчилж зарах байдал үүсч, Монголд ашиггүй нөхцөл үүсэх вий гэдэг болгоомжлолыг ч гишүүд хөндөж буй. Мөн нүүрсний үнэ энэ хэвээр унасаар байвал төсвөө гурав дахин тэлсэн Монгол Улсын хувьд амаараа шороо үмхэнэ гэгч болно. Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг ямар эх үүсвэрээс шийдэж өгөх нь ойлгомжгүй болно.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Нүүрсний үнэ унавал бид ангал руу унана. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шавхаад нэгхэн тэрбум ам доллар. Цаана нь алт зэс хоёр гурван тэрбум ам.доллар. Нүүрсний үнэ унавал бид Аргентин болно" гэж анхааруулаад байна.
Иймээс монголчуудын хувьд тарифын дайн эдийн засагт одоогийнхоос илүү их шок үүсгэхгүйн тулд хурдан хугацаанд зогсож, Хятадад гангийн эрэлт нэмэгдэж, нүүрсний экспортыг гацаанаас гаргаасай гэж залбирах л үлдэж байна.
Сэтгэгдэл бичих