УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Түүний таксины жолооч хийж ард түмнийхээ амьдралтай танилцсан талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад буй юм.
-ДАРГЫН ҮГ СОНСОЖ АЛГА ТАШИЖ СУУЖ БАЙГААД ГЭРТЭЭ ХАРИХАД ИРГЭДИЙГ ӨЛӨН ЗЭЛМҮҮН АМЬДРАЛ УГТАЖ БАЙНА-
-Сайн байна уу та. Булган аймагт ажиллаад ирлээ гэж байсан. Ямар ажлаар яваад ирэв. Сонгогчидтойгоо хэр их уулздаг улс төрч вэ?
-Би Булган аймгийн намын дарга шүү дээ. Тэр утгаараа очиж хурал зөвлөгөөн хийлээ. Сар бүрийн 20-доор уулзаж, нөхцөл байдал, үйл ажиллагаагаа ярих графиктай байдаг юм. Мөн “Шинэ хөдөө” төслийнхөө шугамаар хүмүүстэй уулзаж байгаад ирлээ. Сая УИХ-ын намрын чуулганы дүнгээр тойрогтоо хамгийн их очдог, ажилладаг гишүүнээр шалгарсан байсан. Тэгэхээр сонгогчид, тойргийнхонтойгоо хэр их уулздаг нь тодорхой байна уу.
-Өнгөрсөн сонгуулиар та тойргийнхондоо юу амлаж гарч ирсэн бэ. Амлалтаа биеүүлсэн үү?
-Ер нь сонгуульд “Хүний төлөө эдийн засаг, Хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн бодлого барьж орсон. Би өөрөө төрийн нарийн бичгийн дарга таван жил хийсэн. Дэд бүтцийн асуудлууд, Тавантолгой, Оюутолгой, Төмөр зам, Иргэний нисэх, МИАТ гэх мэт том компаниудын ТУЗ-ийн захирал ч байлаа. Ажлын хэсгүүдэд ч орж ажиллаж байлаа. Эргээд харахад бид хөгжлөө хүнээрээ дүгнэж, хүнээрээ харж байх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлт хийгээд байна. Энэ нийгмийг хөгжүүлэгч нь ерөөсөө хүн. Нийгмийн гол хүчин зүйл хүн. Төр нь зөвхөн хүний төлөө ажиллаж, хүний төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Олон оронд төр нь данхайчихсан, олон давхар байшингуудтай хөгжил нь гаднаас нь харахад гял цал мөртлөө иргэд нь ядуу зүдүү амьдарч байдаг зөндөө л улс орон байдаг. Бид тэдний нэг рүү яваандаа явчих гээд байгаа юм шиг санагддаг.Тэгээд хүний төлөө эдийн засаг гэдэг маань эдийн засгийнхаа бүхий л боломжийг хүндээ л зориулж, хүндээ л зарцуулъя. Хүн нь өөрөө эд хөрөнгөтэй, үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлдэг, ажил хийх бололцоотой, эрүүл саруул, боловсролтой байвал үүнийгээ дагаад дэд бүтэц, мега том төслүүд бүх л юм хөгжинө шүү дээ. Тиймээс л төр хүн рүүгээ гол анхаарлаа хандуулмаар байна.
-Улстөрчид гоё сайхан зүйл яриад л байдаг. Гэвч иргэдийн амьдрал ядуурлын туйл боллоо шүү дээ?
-Улстөрчид маань дөрвөн жилийн дараа тойрог тойрогтоо очиход тэнд ярьж байгаа зүйлийг чи ч гадарлах байх. Би энд ийм сургууль соёл бариулсан, зассан, ийм эмнэлэгийн өргөтгөл хийсэн, зам тавьсан гэдэг ч юм уу дандаа бүтээн байгуулалтын холбогдолтой юмнууд яриад явдаг. Хурал зөвлөгөөн дээр иргэд нь манай дарга мундаг ажил хийжээ гээд алга ташаад л баярлаад сууж байдаг. Гэтэл иргэд хурал тараад гэртээ харихад гэр нь хоосон, идэх хоолгүй, хүйт даачихсан түлээ түлшгүй, хэдэн хүүхэд нь зутруу тийм орчин хүлээж байдаг. Нөгөө социализмын үеийн бидний хандлага хэвээрээ л байгаад байна. Энэ нийгэм сайхан болоод байгаад л баярлаад байгаагаас биш миний амьдрал ядуу зүдүү байна гэдгийг хэмжих хэмжүүр нь алга болчихоод байна. Улстөрчид нь я тэр, иргэд нь ч тэр. Мэдээж алга урвуулахад л амьдрал өөрчлөгдөнө гэж хэцүү шүү дээ. Энд ч байшин барьж, зам тавихаасаа өмнө иргэдээ бизнес эрхэлж амьдралаа сайжруулж бололцоогоор нь хангаж өгмөөр байна. Би 2016 онд гишүүн болсноосоо хойш жижиг дунд үйлдвэрлэлийг байнга ярьсан. Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн дуугүй сууж сууж одоо гэнэт сэрчихсэн юм шигээр яриад байна. Үгүй шүү дээ. Тэр үед ЖДҮ-ийн талаар том асуудал босдоггүй байж. Тэр үед амьдралыг нь ярьдаг гишүүн байхгүй байж. Иргэд анзаардаггүй байж. Одоо ЖДҮ хүн бүрийн анхааралд ороод ирэхээр намайг гэнэт л энэ талаар ярьж байна гэж бодоод байна. Би дөрвөн жил ярьж байна.
-ИРГЭД ТАКСИНД ОРЖ ИРЭЭД УЙЛААД АМЬДРАЛАА ЯРЬЖ БАЙНА-
-ЖДҮ яриад үр дүн гарч байна уу?
-Булган аймагт миний барьж байгаа бодлого эхнээсээ хэрэгжиж байгаа. Та юу хийж чадах уу түүнийг чинь дэмжье. Дэмжихийн тулд санхүү хэрэгтэй. Тэр санхүүг банкнаас зээл авна. Зээлийн хүү хэдэн хувьтай билээ. Олдох нь хэр билээ гээд асуудал их. Тэгэхээр үүнийг шийдэх зүйл нь ЖДҮ юм. ЖДҮ нь иргэддээ очиж чадахгүй байж байгаад одоо л очих гэж байна. 47 тэрбум төгрөг төсөвлөсөнөөс 26-г нь нийслэлд, үлдсэн 21 тэрбумыг нь 21 аймагтаа нэг нэг тэрбумаар нь одоо л өгч байна. Миний санаад байсан хэмжээгээр ЖДҮ-ийн санхүүжилт шийдэгдэхгүй болохоор нь би өөрөө “Шинэ хөдөө” гэдэг төсөл санаачилсан. Хэн юу хийж чадах бүхнийг дэмжье гэсэн. Явж явж жижиг дунд үйлдвэрийн эх үүсвэр нь дандаа хөдөө болчихоод байгаа юм. Төмс хүнсний ногоо, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, арьс шир, ноос ноолуур гэх мэт. Тэгэхээр хөдөөд нь үе шаттай үйлдвэрлэлүүдийг хөгжүүлээд явъя гэсэн бодлого барьж, үүнийгээ өнөөдөр ч яриад явж байна. “Шинэ хөдөө” төслөө хоёр ч засгийн газар дамжуулж өгсөн ч дэмжигдээгүй. Тэгэхээр нь “Шинэ хөдөө Булган” гэж жижигрүүлж байгаад Булгандаа хэрэгжүүлж байгаа. Булганд эхний жил нэг тэрбум төгрөг суулгаад ажил хэрэг болгосон. Одоо энэ жил хоёр тэрбум төгрөг суулгаад явж байна. Хойтон жил дахиад нэмэгдүүлээд гурав болгочих юмсан гээд зорьж байна. Энэ мөнгөөр тоног төхөөрөмж авах зээл болгож сум суманд тарааж өгч байгаа юм. Газар тариалан хийхэд ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байна, дундаа хэрэглэ гээд.
-Та саяхан таксины жолооч болж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, тэдний амьдралыг сонссон тухайгаа твиттер хуудастаа бичсэн нь олон хүний анхаарлыг татаад байгаа. Яагаад таксинд явах болов?
-Иргэдийн амьдрал уруудаж доройтож байгааг хараад зүгээр сууж чадахгүй аргаа бараад тэднийхээ амьдралыг сонсохоор таксины жолооч хийж үзлээ. Энэ таксинд зөндөө олон иргэд зовлонгоо ярьж байна. Тэр зовлонг нь сонсох тусам би ядаж өөрөө зөв юмны төлөө явж байгаа юм байна гэж тэднээс урам авч байгаа юм. Таксинд хамгийн олон хүн сууж, замдаа зовлон жаргалаа ярьж байдаг юм байна. Такси, үсчин хоёроор хамгийн их хүн үйлчлүүлдэг, сууж байхдаа амьдралаа ярьж байдаг.
-Таны таксинд олон хүн суусан уу?
-Таксинд хүн авна гэдэг бас их хэцүү юм билээ. Нэг хүн гар өргөөд очоод авах гэтэл хажуу эгнээнээс шууд дайрч орж ирээд л аваад явчихаж байгаа юм. Надад дөрөв, таван хүн л суусан байх. Зарим нь ч хөөрхий миний зураг битгий аваарай гээд санаа нь зовоод ярихгүй гээд янз янзын хүмүүс таарсан. Би өөрөө ч гэсэн таксинд суугаад зөндөө явсан. Таксины жолоочтой ярихад зарим нь ам нь халаад л сайхан ярьж байна. Зарим нь бүр таксинд орж ирж уйлаад хамаг амьдралаа ярилаа.
-Иргэд таньд юу ярьж байна. Ямар үг дайв?
-Ерөөсөө л биднийг зүхэж байна. Намайг таних ч хүн байна. Зарим нь ч та юу билээ, хэн билээ гээд танихгүй байна. Ер нь бол гуравхан сая хүнээ яагаад элбэг хангалуун амьдруулж чадахгүй байгаа юм бэ. Махны үнэ нэмэгдээд байна. Шатахуун тосны үнэ нэмчихлээ, үнээ яагаад барьж чаддаггүй юм бэ. Юмны үнэ, долларын үнэ гээд яг л хүний хэрэгцээний асуудлаа ярьж байна. Бид та нараас олон юм хүсээгүй шүү дээ гэдгээ хэлж байна. Хүн гэдэг амьдрахын төлөө л явж байдаг амьтан учраас өөрийн хэрэгцээгээ хангаж байх ёстой. Тэгэхээр тэр хувцасыг нь хэн нэг нь хийгээд, хэн нэг нь зарж байдаг тэр асуудлыг нь л шийдээд өгчихье л дөө. Ажлын байр бий болгоод өгвөл л бүх зүйл хөгжөөд явчихна.
-ИРГЭДИЙН ИТГЭЛ АЛДРААД ЯМАР Ч РЕАКЦИГҮЙ БОЛЧИХОЖ-
-Гоё сайхан ярианд хууртдаг үе өнгөрч иргэдийн итгэл үнэндээ алдарчихаад байна шүү дээ?
-Би “Шинэ хөдөө” төслөө хөдөө орон нутгаар иргэдэд яриад явж байхад сонсоод сууж байгаа иргэдэд ямар ч реакци байхгүй. Чихэнд нь цэцэг ургуулсан зүйл зөндөө хүмүүс өмнө нь ярьж байсан учраас эхний удаа хүмүүс тоохгүй байна шүү дээ. Хоёр дахь удаагаа очиж уулзаад эхний удаа тийм тийм юм өгсөн, тэдэн тэрбум төгрөг зарцуулж ажил хэрэг болгосон шүү гээд ярингуут иргэдийн нүд нь сэргээд ирж байгаа юм. Харин ч манайд тийм юм хэрэгтэй байна, тэр суманд өгчихөөд яагаад манайд өгөхгүй байгаа юм гээд чагнаад суух биш босоод ирж байна. Иргэдэд зөндөө олон юм хийе гэсэн санаа байгаа ч мөнгө байхгүй гээд хайран сайхан санаагаа хадгалаад сууж байдаг. Сүүгээ саадаггүй малчид байна. Сүүг нь аваад байдаг бол нэг айлын амьдралд өдөртөө хэд ч байсан хэдэн төгрөг ороод ирнэ. Айлын эхнэрээс сүүгээ зараач гэхээр авахгүй байхад яахав дээ гээд сууж байна. Сүү авдаг системийг нь бий болгоод өгчихье л дөө. Ийм л юм хийх гээд зориод яваа юм.
-Таныг таксинд явсаныг сонгууль дөхөөр попорч байна гэх шүүмжлэл их гарч байна билээ?
-Зөндөө л юм явж байна. Намайг УИХ дээр ийм асуудал яриад явж байдгийг мэдэхгүй хүмүүс зөндөө шүү дээ. Хөөрхий өмнөх амьдралаа болгох гээд зүдэрч байгаа ард иргэдэд гишүүний үг сонсоод сууж байдаг зав хаана байх вэ. Тиймдээ ч намайг попорч байна гэж ярьж байгаа байх. Улстөрчдийг ард түмэн чинь ер нь л мэдэхгүй байна. Тойргийнхон нь л сайн таних байх.
-УИХ-ын гишүүд дотор тань шиг үзэл бодолтой, нэгдэх гишүүн ер нь байна уу?
-Бодлууд тэгээд зөрөөд л байх юм. Том том макро эдийн засгаа хөгжүүлж байж цаашаа хөгжинө гээд л ярих юм. Зөв л дөө. Гэхдээ нэг том жишээ хэлэхэд Оюутолгой орж ирээд хэдэн сая доллар орж ирээд баяжаад хөрөнгөжөөд явна гээд байсан. Одоо Оюутолгой орж ирээд хэдэн жил болчихов. Баяжиж мэдэгдсэн зүйл байна уу. Дөнгөж сая би байнгын хорооны хурал дээр сууж байгаад Ч.Улаан сайдад та нар бодлого боловсруулаад өгөөч ээ гэж гуйлаа. Хүнсний ногоо 57 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний 51 хувь, жимсний 3,2 хувийг л дотооддоо нийлүүлж байна. Үүн дээр дахиад 15-20 хувь нэмээд дотооддоо үйлдвэрлэдэг болгочих жижиг дунд үйлдвэрүүдийг нэмээд бий болгочихвол бид хэдэн сая доллартай болж, хэдэн аж ахуй нэгж хөл дээрээ босч, хэдэн иргэн ажилтай болох уу. Монгол Улсад хэдэн сая доллар орж ирдэг болох вэ. Байнгын хорооны хурал дээр би тоо судалгаа асуухад юмаа сөхөж үзье гээд суугаад байна. Өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа дарга нар өнөөдөр би ийм өөрчлөлтүүд хийхэд Монгол Улсын үйлдвэрлэл тэдэн хувиар нэмэгдэнэ. Гадагшаа гарч байгаа валютын урсгал тэдэн хувь нь дотооддоо үлдэнэ. Тэдэн аж ахуй нэгж хөл дээрээ босно. Үүний төлөө ажиллана гээд зүтгэх хэрэгтэй байна шүү дээ.
-Талхны үнээ мэддэггүй Сангийн сайдтай байсан шүү дээ. Та ер нь талхны үнээ мэдэж байна уу?
-Мэднэ. Би дэлгүүр их хэсдэг. Хоол ундаа өөрөө орж авна. Талхны үнэ 1500, 1800. Зөв үү. Идэх хоол, өмсөх хувцасаа би өөрөө сонгоно гэж бодож явдаг хүн. Жишээ нь гадагшаа гадаад явахдаа хүртэл чемоданаа өөрөө л бэлдэг.
-Та иргэдийнхээ амьдралыг дахиад ямар байдлаар сонсох гэж байна?
-Сая таксинд явахад нэг иргэн хэлж байна. Та шар хадны эцэст нэг очоод үзээч. Тэнд зүгээр л залуучууд нь архидалтын үүр болж ажилгүйчүүдийн хуаран болж гүйцлээ гэж байна. Америкт нэг тийм дүр зураг байдаг гэсэн. Тийм л зүйл төсөөлөгдөж байна. Шар хадны эцэс нэг орж үзье гэж болож байна. Гэр хорооллоор яваагүй удаж байна. Би ер нь хэнэггүйдүү хүн шүү дээ. Хөдөө гадаа, захын хороолол гэж хамаагүй явдаг хүн л дээ. Саяхан нэг статистик тоо харлаа. 2017 онд хавдраар 4003 хүн, зүрх судасны өвчнөөр 5400-аад хүн нас барсан байна. Энэ чинь дандаа л амьдралын стресс, амжиргаа, хоол ундны чанар муугаас үүдэлтэй өвчнүүд шүү дээ. Дандаа л ядууралтай холбоотой өвчнүүд. Ядуурал бууруулна гэдэг нэг ядуу айлд гэр авч өгөхийг хэлэхгүй шүү дээ. Зах зээлийн нийгэмд өөрсдөө сайхан амьдар гээд л хаячихаад байна. Бидний эргэн тойронд байгаа арван хүн тутмын нэг нь бизнес эрхлээд, жижиг дунд бизнес эрхлээд яваг л дээ гэж улстөрчид бид боддог болох хэрэгтэй байна.
Сэтгэгдэл бичих