» » Утааг багасгах өгөөжтэй зорилтууд

Утааг багасгах өгөөжтэй зорилтууд

Нийслэлд тархсан коронавирусийг дөрөв дахин хумих, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 11-23-нд хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагууд нийт ажилтныхаа 5-10 хувьд тодорхойлолт гарган ажиллуулснаар авто замын хөдөлгөөнд оролцох машины тоо төдий хэмжээгээр багасаад байгаа. Үүнийг дагалдаж хөхөвтөр утаа багасч, хүхэрлэг хийн үнэр алсарсан нь цаанаа нэгийг бодогдуулна.
Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас манай улсад хийсэн судалгаагаар агаар дахь хүхэрлэг хийн хэмжээний 70 хувийг цахилгаан станц болон бага дунд оврын станц, 22.3 хувийг 10 жилээс дээш насжилттай автомашинаас гарах хорт утаа, 8.7 хувийг гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоосон.
Хүхэрлэг хийний 22.3 хувь нь автомашинаас ялгарч байгаа юм бол Засгийн газар 2021 онд Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилтдоо хүрэхийн тулд автомашины импорт, ашиглалтад тодорхой бодлого гаргах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан амжилтаа ахиулахын тулд хуучин машин оруулж ирэхээ больё, шатахуун, түлшний чанарт хяналт тавья.
Эхний асуудлын тухайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Зам тээврийн яамныханд үүрэг өгч байжээ. Тэрээр буруу талдаа жолооны хүрдтэй эвдрэлтэй, насжилт өндөр автомашины импортыг хэзээ болих талаар тодорхой санал Засгийн газарт оруулж ирэхийг Зам тээврийн яамныханд үүрэгдсэн байдаг юм.
Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянган автомашины 70-аад хувийг баруун талдаа жолооны хүрдтэй автомашин бүрдүүлдэг бол 10-аас дээш жилийн насжилттай автомашин 65 хувийг эзэлдэг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн 2020 оны аравдугаар сард гаргасан тайланд дэлхийн нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлдэг тухай дурдаад Японоос хамгийн их хуучин машин импортолсон улсаар Монголыг онцолжээ.
2012-2016 онд Монгол Улсын хуучин машины импорт 3 дахин өсч, 2017 онд 29.5 мянга, 2018 онд 37 мянган хуучин тэрэг Японоос авчээ. Монголд авчирсан хуучин автомашин байтугай сэлбэгийг нь гадаад улс худалдаж авахгүй. Өөрөөр хэлбэл, манай улс япон приусийн хогийн цэг, хөдөлгүүрээс нь ялгарах хүхэрлэг хийн давхар ислийн золиос болж ирлээ.
Нэмээд хэлэхэд, нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа автобусны 80 хувь нь насжилт өндөртэй, дизель хөдөлгүүртэй. Парк шинэчлэл хийх төсөв байхгүйгээс Улаанбаатарын утаа, ялангуяа хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээг агаарт нэмэгдүүлэхэд “жинтэй гавьяа” байгуулж иржээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, “Евро 5” стандартын шатахууны агууламжид хүхэрлэг хийн хэвийн хэмжээ нь 10 РРМ байх ёстой атал манай зах зээл дээр байгаа шатахуунаас 200 РРМ илэрсэн. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин өндөр байна гэсэн үг. Евро 5 стандартынх 20 дахин өндөр хүхэрлэг хийн агууламжтай байгаа юм чинь нийтээрээ хэрэглэдэг Евро 2 стандартынх ямар байх нь ойлгомжтой. Манай зах зээлд байгаа дизель түлшнүүдээс дээш авч бас шинжлүүлэхэд стандартад нийцсэн нь үгүй гэж ярьжээ. Тэгэхээр Монголд явж байгаа хуучин машины нийлүүлэлт дээр чанаргүй шатахууны асуудал босч ирж байна. Хуурамч шатахууны асуудлыг сүүлийн хоёр жил их ярьж байгаа. Керосин, нафтад татвар тавих замаар шатахуун найруулдаг асуудлыг хяналтад оруулах талаар УИХ дээр хуулийн төсөл ч орж ирээд байна. Энэ мэтээр агаарын бохирдолтой тэмцэхэд хоёрхон хүчин зүйлийг дурдахад ийм байна.
Өмнөх Засгийн газрын үед буюу 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэлд өрхийн хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Үүний бэлтгэл болгож Засгийн газраас “Тавантолгой түлш” компанийг 2018 онд байгуулан Сонгинохайрхан дүүргийн нутагт Тавантолгойн түлшний үйлдвэрийг босгож утаа, хорт нэгдэл бага ялгаруулах сайжруулсан түлш үйлдвэрлэж хямд үнээр гэр хорооллын иргэдэд нийлүүлсэн.
Ингэснээр 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар бага гарсан. Өнгөрсөн 2019, 2020 онд агаарын бохирдол эрс багасч, утаан хөшиг арилсан. 2021 оны цар тахалтай өвлийг уушигны бусад өвчлөлөөс ангид давж, хоолой гашуу оргим өмхий утаагүй давсан нь мөн л сайжруулсан шахмал түлшний хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулсных. Энэ бол шинжлэх ухаанч хандаж, сэтгэл гаргаж зүтгэвэл утааг 50 хувь бууруулж болохыг хангалттай харуулсан сайн жишиг. Үүнд гэр хорооллын цахилгааны хэрэглээний төлбөрийг тэглэх, цахилгаан халаагуурыг хөнгөлөлттэй зээлээр худалдах, гэр хорооллыг барилгажуулах цогц арга хэмжээ бас нөлөөлсөн.
Харин одоо 2021 онд 80 хувь бууруулах буюу 30 хувийн үзүүлэлт нэмэх даалгавартай. Үүний тулд утааны 30 хувийг үүсгэдэг автомашины талаар авах арга хэмжээ чухал болж үлдэж байна.
Сүүлийн 20 шахаж жилд утааг арилгана гэж 700 тэрбум төгрөг зарлагаджээ. Гэтэл хотын баруун хэсэг Толгойт, зүүн хэсэг Налайхад “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан нь утааг 50 хувь бууруулах үр дүнгээ өгчихлөө. Тус компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлш стандартын хувьд хүхэрлэг хийн агууламжаараа хэвийн гэдэг нь гадаад улсын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Үүнийг улам багасгах талаар тус компанийнхан судалгаа, туршилт эхлүүлсэн юм билээ.
Хүхэрлэг хийг улам багасгая, утааг нэмж бууруулъя гэвэл автомашинаас гадна манай улс цахилгаан станцын технологийн горимоо өөрчлөх, нэмж станц барихаас аргагүй. Тавантолгойн цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц гээд царцсан, мартагдсан төслүүд цөөнгүйгээс гадна маш их хөрөнгө оруулалт, цаг хугацаа орно. Тэгэхээр одоогоор хамгийн бодит бөгөөд шуурхай шийдэл нь насжилт өндөртэй машины импортыг хориглох, хуурамч шатахууны асуудлыг цэгцлэх арга л байна. Энэ дээр дөрөөлөөд баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглож чадвал зам тээврийн ослыг нэлээд хувиар бууруулах боломжтой.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хүхэрлэг хийн 70 хувь нь цахилгаан станцын яндангаас

Итгэл дүүрэн ирээдүйнхээ төлөө ЗАЛУУЧУУД У.Хүрэлсүхийг

Д.АМАРБАЯСГАЛАН: ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД АРДЧИЛСАН

Залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил олгох хөтөлбөрүүдийг

Хариуцлагатай уул уурхайн өгөөжийг Монголын ард түмэн

У.ХҮРЭЛСҮХ: ЭРДЭНЭТИЙГ ИННОВАЦ, ЦАХИМ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ

Сэтгэгдэл бичих