» » Төрмөл авьяасаа театрт дархалсан “сахал” Пүүжээ

Төрмөл авьяасаа театрт дархалсан “сахал” Пүүжээ

Б.НАМУУНТАМИР
 
Сахал Пүүжээ нэрээр олноо танигдсан гаднаас нь харахад догшин төрх, баргил хоолойноос нь  сүрдмээр  боловч уулзаад үзвэл эгэлээс эгэл, даруухан,  илүү дутуу зангүй УДЭТ-ийн жүжигчин МУСТА Ж.Пүрэвдоржийг “Амьдралын тойрог” буландаа урьлаа.
Хоёр гурван хоногийн өмнөөс түүнтэй цаг болзон уулзахаар боллоо. Тоглолтынх нь бэлтгэл дундуур гурван цаг түүнтэй ярилцаж, түүний хэрхэн урлагт хөл тавьж, УДЭТ хэмээх их айлын 30 гаруй жилийн түүхийг бүтээлцэж явсан хийгээд, амьдралын талаар сийрүүлэн бичье юу.
 
“Г.Доржсамбуу найруулагч бол сайн сурган хүмүүжүүлэгч, жинхэнэ жүжигчин төрүүлдэг найруулагч”

Тэр зоотехникч мэргэжилтэй

 
Бидний ярилцлагын эхэнд хүндэлж явдаг эрхэм найруулагч Г.Доржсамбуу агсны тухай ярихыг хүссэн юм. “Доржсамбуу найруулагчийн нүдэнд өртсөн минь миний амьдралд олон боломж, олон өөрчлөлт дагуулсан азын сугалаа байсан юм” хэмээн шүүрс алдан хэллээ. Тэгэхээс ч аргагүй юм. Ж.Пүрэвдоржийг Завханы Хөгжимт драмын театрт ажиллаж байхад нь олзолж, УДЭТ-ын жүжигчин болгосон ачтан бол бидний мэдэхээр “Говийн зэрэглээ”- гийн Арслан билээ.
Уг нь Ж.Пүрэвдорж Ховдын хөдөө аж ахуйн техникум төгссөн зоотехникч мэргэжилтэй хүн. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн Шилүүстэй суманд боловсон хүчний ажил хийхийн хажуугаар  урлагийн үзлэг, соёл урлагийн гурав хоног зэрэгт сумаа төлөөлж оролцдог, дуулж, шүлэг уншдаг уран сайханч байсан аж.
Удалгүй Завхан аймагт хөгжимт драмын театр байгуулагдаж байгаатай холбоотойгоор Шилүүстэй сумын боловсон хүчин Пүрэвдоржийг Соёлын хэлтэст шилжүүлсүгэй гэсэн бичиг ирснээр урлагт хөл тавьжээ.  Ёстой л бор зүрхээрээ, бурхнаас хайрласан төрөлхийн  авъяасаараа өөрийнхөө эзэгнэх ёстой  орон зайг урлагт дархалсан хүн гэмээр.
Аймгийн Соёлын хэлтэст ирээд Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр ажиллаж Дэмбэрэлсамбуу найруулагчийн дор суралцсан байна. Удалгүй Соёлын яамнаас авсан шалгалтанд тэнцээд  “жүжигчин мэргэжлийн” үнэмлэх гардан авснаар 1983 онд Завхан аймгийн театрын албан ёсны жүжигчин болжээ.  Аймгийн Хөгжимт драмын театр учир найрал хөгжим, бүжиг, жүжиг, дуулаачийн ангитай. Тэрээр  “Учиртай гурван толгой”-н Балганд хүртэл дуулж явж. Харин хэмжээ алдаж дуулдаг учир жүжиглэхдээ илүү дуртай. Дуулуулах гэхээр нь “Найруулагч аа, миний хоолой сөөгөөд муу байна” гэж худлаа хэлж бултдаг байж. Тэрээр “Завханы хөгжимт драмын театрт найман жил ажиллахдаа 20-иод жүжгийн гол, туслах дүрд тогложээ. Драм концертод оролцоно, аймаг сумдаар тойрон тоглолт хийнэ.
 

“Тэр билэг танхай хүн намайг авьяастай гэж тоожээ”

Тэрээр “Завханы хөгжимт драмын театрт найман жил ажиллахдаа 20-иод жүжгийн гол, туслах дүрд тогложээ.
1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор бүх орон даяар шилдэг жүжиг шалгаруулах үзлэг зохиогдсон. Ойн үеэр тоглох шилдэг бүтээлийг орон нутгийн театруудаас шалгаруулдаг байж. Улаанбаатараас алдарт Г.Доржсамбуу найруулагч тэргүүтэй комисс ирж, “Алтан үст” охин жүжигт Ж.Пүрэвдорж  Балбар ноёнд, бас Лхагважав найруулагчийн “Шаналгаа” жүжгийн нэгэн дүрд тогложээ. Тоглолтын дараа  Г. Доржсамбуу найруулагч түүнийг дуудаад “Чамайг Улсын драмын эрдмийн театрт урилгаар авахаар бид ярьж тохирлоо” гээд пал хийтэл хэлчихсэн аж. Пүрэвдорж гуай  сүрдээд “Би чадах уу” гэхэд нь Доржсамбуу найруулагч уурсах маягтай нүдээ эргэлдүүлснээ “Чамайг гуйдаг юм уу” гэж ширүүхэн дуугарчихаад яваад өгчээ. Үзлэг өндөрлөж дүнгээ гаргахад Ховдын театрын “Мэнгэ” жүжиг шалгарч Улаанбаатарт тоглохоор боллоо. Завханы Пүрэвдоржийг УДЭТ-т урилгаар ажиллуулахаар шийдлээ” гэж зарлажээ. Ингээд л хөдөөгийн театрын жүжигчин билэг танхай найруулагчид тоогджээ. Тэрээр хэсэгтээ л хий л намайг яаж тоосон юм бол гэж дотроо гайхаж, урилгаар ажиллуулна гэсэн үг санаанаас гарахгүй, “чадах болов уу” гэж санаа зовж байлаа хэмээн инээмсэглэл тодруулан хуучиллаа.
Ж.Пүрэвдорж найруулагчийнхаа талаар дурсахдаа “Сайн сурган хүмүүжүүлэгч, жүжигчин “төрүүлдэг” найруулагч. Даанч сод авьяастнууд богино насалдаг юм байна. Түүний ачаар энэ театрт ирсэн ч олон жил хамт ажиллаж үнэтэй сургамжийг нь сонсож чадсангүй. Тэр билэг танхай хүн намайг авьяастай гэж тоожээ. Тиймдээ ч би өдийг хүртэл 38 жил урлагийн салбарт нэгээхэн ч удаа урваж шарвасангүй зүтгэсэн юм” гэж ярилаа.
“1991 онд энэ ягаан театрт ирэхэд Доржсамбуу найруулагч дарга байлаа. 1990-ээд оны эхээр нийгэм бужигнаж, театрт ч нааш цааш болж байсан үе. “Бага театр” байгууллаа гээд Г.Мягмарнаран, Н.Сувд гуай гээд олон жүжигчин өрх тусгаарлаж байсан. Тэр бүү хэл Д.Мэндбаяр гуай “Бага театр” руу явахад, П.Цэрэндагва ах үлдэж байлаа. “Бага театр” бүтэлтэй юм болоогүй, олонх нь эргэж ирсэн. Доржсамбуу гэж агуу найруулагч, мундаг сурган хүмүүжүүлэгч, дарга байсан болоод театр эзгүйрээгүй, унаагүй гэж би боддог. Тэр уналтын үед Энэтхэгийн алдарт Таагүүрийн “Цуст хурим” жүжгийг Доржсамбуу найруулагч тавьж байлаа. Ер нь ч хөдөөгийн театраас УДЭТ-д уригдаж ирэ ажиллана гэдэг маш ховор тохиолдол. Би маш их азтай хүн. Найруулагч Доржсамбуу гийн нүдэнд өртөнө гэдэг л миний амьдралын хамгийн том хамгийн том шагнал шүү дээ” гэж  шүүрс алдан хэлсэн юм.
 

“Гайхамшигтай том жүжигчин атлаа гайхмаар энгийн зан авиртай”

Аав С.Жамсранжав, ээж Д.Цэгмид.
Хөдөөгийн театраас Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн театрт уригдаж ирсэн азтай хүн гэвэл тэр яах аргагүй мөн. Театр их өндөр босготой газар. Тийм дээ ч хөдөөнөөс тэр тусмаа уригдаж ирсэн хүн их ховор ажээ. Хөдөөгийн театраас тэс өөр мэргэжилтэй хүн их хотын том театрт ирээд хамт ажиллаж байгаа улсаа харахаар дандаа дээд сургууль төгссөн хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллахад бусдаас хоцорч болохгүй гэж зүтгэж, хичээсээр он цагийг үдэж.
Түүнийг анх театрт ирэхэд байсан жүжигчдээс одоо Цэрэндагва гуай, Хасар Жагаа, Урнаа гээд цөөхөн хүн үлдэж. Түүний хувьд  орон нутгийн театрт ажиллаж байснаа оруулаад 20 гаруй жил болж байж “МУСТА”  болсон.  Театрт 60 жилийн ойгоор анх хөл тавьж байсан ч одоо 90 жилийн ой одоо мөдгүй болно. Урлагт 38 жил зүтгэхдээ 50 гаруй дэлгэцийн кино, 100 гаруй жүжигт тогложээ. Тэрээр МУСТА цол тэмдгээр хожуу шагнуулсан нь түүний хэтэрхий даруухан зангийн илрэл байх.
Энэ талаар ярихад “Уран бүтээлч хүний хувьд гавьяа шагнал гэдэг хоёр янз байдаг юм болов уу гэж би боддог шүү. Би ер хэвлэлд ярилцлага нэг их өгөөд байдаггүй, өгөх дургүй. Амбицлах ч дургүй. Болох юм болдгоороо болно шүү дээ” гэсэн юм.
Тэрээр бидний мэдэх Шекспирийн “Макбет” , Р.Таагүрийн “Цусан тахилга”, А.П.Чеховын “Цахлай”, “Ромео Жулетта”, “Цуст хурим” “Парисын дарь эхийн сүм”, “Ану хатан”, “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”,  “Гамлет” тэргүүтэй 100 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Цахилж яваа гөрөөс”, “Амьдралын урсгал”, “Цагаан дуганы гэгээ”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Орхидос”, “Богд хаан”, Хунгийн сүүлчийн дуу”, “Хийморь”, “Бүтэн амьдрал”, “Босго тотго”, “Хайр эргэсэн хавар” зэрэг дэлгэцийн 50 гаруй кинонд дүр бүтээсэн юм.
1995 онд Азийн кино фонд гэж байгуулах гээд Японы Фукоука хотод 11 орны төлөөлөл цуглаад улс улсаас оролцох кино сонгож авч. Тэгэхэд “Цахилж яваа гөрөөс” сонгогдож, шалгарчээ. Кино наадамд оролцох урилгыг Найруулагч И.Нямгаваа, жүжигчин Ж.Пүрэвдорж нарт гэж нэр зааж ирсэн учраас арлын орныг зорьж байжээ. Түүнээс хойш Италийн “Салхины хаан”, Английн ВВС-гийн “Чингис хаан”, Авсралийн “Эзэнт гүрэн”, БНХАУ, ӨМӨЗО-ны “Дайчин” зэрэг гадаадын кинонд дүрээ мөнхөлсөн билээ.
 

 “Хэрвээ ханьтайгаа учраагүй бол би өдий зэрэгтэй амьдрахгүй байсан”

Ж.Пүрэвдоржийн гэр бүл. Гэргий Д.Наранцэцэг, хүү П.Одонбаатар, охин П.Саранчимэг.
Тэр Завхан аймгаар харьяалагддаг ч Улаанбаатарт төржээ. Төрсний дараахан аав, ээж хоёр нь хөдөө ажиллах томилолт өвөртлөөд нутгаа зорьсон юм. Аав, ээж хоёр нь хоёулаа Завханы улс аж. Аав С.Жамсранжав нь хүний бага эмч мэргэжилтэй бөгөөд эмнэлгийн ажил сайжруулах даалгавартайгаар явжээ. Ээж Д.Цэгмид нь худалдааны байгууллагад ажилладаг байсан аж. Дараа нь II ангид байхдаа хотод хэсэг зуур ирж, IX сургуульд нэг жил сураад буцжээ. Харин сүүлд театрт эргэж ирснээр дахин хотын хүн болжээ.
Идэр залуухан залуу хайр сэтгэлтэй учирч, уяран татагдаж, бүх амьдралаа даатган андгай тангараг тавьжээ. Энэ хайрынх нь эзэн бага ангийн багш Д.Наранцэцэг. 1979 онд гэргийтэйгээ Завхан аймагт “Соёл урлагийн гурав хоног” урлагийн тоглолтоор явж байгаад танилцжээ. Салж хагацаж чадахгүй хөтлөлцөж гүйсээр нэг л мэдэхэд тэр гэргийгээ болгосон гэдэг. Тэд хүү охин хоёрын эцэг эх болжээ.Тэрээр ханийнхаа тухай “Миний хань магтахгүй байхын аргагүй, сайшаалын үг ч багадмаар хүн. Их цагаан цайлган. Урлагийн хүн ихэнх хугацааг театртаа өнгөрүүлнэ. Тэр болгоны ард ар гэрээ авч явдаг мундаг эмэгтэй. Хэрвээ түүнтэй учраагүй бол би өдий зэрэгтэй амьдрахгүй байсан” гэлээ.
Тэр гүдэсхэн, нуруутай, хүнлэг зан чанараараа театрынхандаа төдийгүй, ард түмэндээ хүндлэгдсэн, ёстой л бор зүрхээрээ, бурхнаас хайрласан төрөлхийн  авъяасаараа өөрийнхөө эзэгнэх ёстой  орон зайг дархалж, тэр цайз дотроо өөрийн гэсэн зол баяр, үүх түүхтэйгээ хамт аж төрөн оносон шиг онож явсан сайн жүжигчин билээ. Энэ эрхэмтэй ярихад сэтгэлд нь өөр юу ч үлдээгүй байх гэж  итгэмээр  бүхий л үүх түүхээ уудалж, түүнд нь хамтдаа баярлахдаа баярлаж, огшихдоо огшиж, омогдохдоо омогдож, зарим ярианд нь хөндүүрлэсээр санаа алдан үлдэнэ.
 
Театрынх нь хамт олон түүнийг ингэж үнэлсэн юм.

МУГЖ П. Цэрэндагва:

-Манай театрын найруулагчаар ажиллаж байсан найруулагч Доржсамбуу Завхан руу театр урлагийн ажлаар танилцаж яваад, Завханд нээг жүжиг үзлээ тэнд нэг боломжийн хүн байна гэж ярьсаар ирснийг санаж байна. Удалгүй  Завханаас манай театрт ирж ажилласан. Аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг тийм л хүн орж ирж билээ. Тэр үед театрын дэг ёс эрхэм байсан. Мөн хотын амьдралд дасан зохицох, театрт мэргэжлийн тодорхой төвшинд хүрчихсэн хамт олон дунд гаднаас хүрч ирээд ажиллана гэдэг бол харж сонирхох, мэдэж тунгаах, хийх, оролдохоос эхлээд нэлээдгүй хугацааг сэтгэл, зүтгэл, хөдөлмөр гаргаж туулж ирсэн. Архангайгаас Алтангэрэлийг, Баянхонгороос Дорлигжавыг, Завханаас Пүрэвдоржийг авч ирсэн. Цахилж яваа гөрөөс киноны дүрд гаднаас нь харахад сахал үсэндээ баригдсан атлаа цаад талын мөн чанар нь нүүдлийн соёлыг тээгээд явж байгаа хүмүүсийн тодорхой төлөөлөл нь энэ болж харагдсан учраас Японд болсон олон улсын фестивалд үнэлэгдсэн. Хувь хүний хувьд энгийн, даруухан бусад хүмүүсийн л адил ажил амьдралаа залгуулж яваа хүн. Урилгаар ирснээсээ хойш театрт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн мөн үү мөн. Нийгмийн донсолгооны үед театр эзгүйрч байхад ёстой л өмнөх үеэсээ залгуулаад хүрээд ирсэн тулгын чулууг тулалцаж, галыг нь бөхөөлгүй манаж үлдсэн хүн юм.

МУГЖ Л. Дэмидбаатар:

“Пүүжээ ах минь хүний хувьд их эгэл хүн. Дандаа л хүний төлөө дуугарч, ярьж байдаг. Өөрийнхөө төлөө юу ч ярьдаггүй. Энэ бол уран бүтээлч хүнд байгаад байдаггүй чанар. Нөгөө талаар улсад 42 жил ажилласан. Энэ бол хүний амьдралын ихэнх хугацаа. Монголын театрт өөрийн гэсэн үнэт үйлсийг бүтээсэн ардын, гавъяат, төрийн шагналтнууд Монголын урлагийн гал голомтыг үүсгэж, тэдний үүтгэл болж явсан алтан үеийнхэн тэдний хойч үе болсон залуу уран бүтээлчдийг төлөвшүүлэн Монголын болон үндэсний, дэлхийн сонгодог бүтээлүүдийг хийхэд жүжигчид дээр тулгуурлан ажиллаж байсан. Үе үеийн найруулагчидтай ажиллахад манай Пүүжээ ахад ямар ч түүртэх юм байдаггүй. Нөгөөтэйгүүр Пүүжээ ах маань хувь хүний хувьд гүндүүгүй, тайван, ямарваа юманд чин сэтгэлээсээ ханддаг. Бие биендээ ирж байгаа зовлон зүдгүүр, бэрхшээлийг хамтдаа даван туулахад өөрийнхөө сэтгэлээр дэм, тус үзүүлдэг. Ёстой нөгөө өгье гэвэл ганцаасаа уйлъя гэвэл сохроосоо гэдэг шиг.
Пүүжээ ах маань театрын 60 жилийн ойгоор л ирж байсан. Одоо 90 жилийн ой болж байна. Завханы театрт найман жил ажиллаж амьдраад төлөвшөөд байж байсан хүнийг манай театр урьж авч ирээд цоо шинээр бүх юмыг нь дахин эхлүүлэхэд ганцхан юманд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нь Монголын УДЭТ. Түүнээс гадна кино урлагт хийсэн бүтээсэн зүйлтэй. “Цахилж яваа гөрөөс” кинонд Дамбын дүрд тоглосон. Тэр дүр нь Монголын кино урлагийн түүхэнд Японд болсон кино фестивалаас шилдэг бүтээлээр шалгарч байсан. Тэгэхээр жинхэнэ монгол жүжигчиний мөн чанарыг харуулж чаддаг.
Манай театрт 1991 онд “Цагаан дарь эх” жүжгийг тавилаа. Тэгэхэд гурван давхарын пилтажин дээрээс хааны зар мэдээчээр Пүүжээ ах тоглосон юм.Үзэгчид тайз руу хараад сууж байхад гурван давхараас “Эзэн хааны зарлигаар” гээд л орилиход театр тэр аяараа нүргэлж, обжур хүртэл нүргэлж байдаг шүү. Би тэгэхэд “Энэ ямар гайхамшигтай цараатай хоолой вэ, мөн мундаг хүчтэй хоолой вэ гэж биширч байсан. Нэг үг байдаг. Угаасаа жүжигчин төрдөг юмаа гэж. Сурахаасаа илүү төрнө гэдэг маш их ховор тохиолдол. Тиймээс би Пүрэвдорж ахаар бахархдаг. Манайх удахгүй 90 жилийн ойгоо хийх гэж байна. Зарим залуус хоёр гурван кинонд тоглоод, хэд гурван дуу дуулаад л гавъяат жүжигчин болж байна. Бүхий л насаараа хөдөлмөрлөөд, амь амьдралаа зориулаад, өөрийгөө элээтэл зүтгэсэн хүмүүсээ бид л дэмжихгүй бол төр засаг мэдэхээсээ мэдэхгүй нь олонтаа. Тиймээс хувьдаа УДЭТ-ын 90 жилийн ойн босгон дээр Пүүжээ ахад маань төр өндөр дээд хайр хишигээ хүртээх болтугай гэж ерөөл дэвшүүлэн сэтгэлийн үгээ өндөрлөж байна.

МУСТА С.Болд-Эрдэнэ:

-20 гаруй жил Пүрэвдорж ахтай ажиллаж байна. Олон ч уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан. Хамгийн сүүлд Анна Каренина жүжгэнд хамтарч ажиллаж байна. Хувь хүнийхээ хувьд маш зөөлөн хүн. Аливаа юманд зөөлөн ханддаг. Асар их даруухан чимээгүй хүн. Аливаад хүлээцтэй, хүнийг эрэмбэлж харьцдаггүй. Театрт хоёргүй сэтгэлээр 30 гаран жил зүтгэж, зах зээлийн ороо бусгаа үед ч театраа орхиогүй.

МУГЖ Ж.Оюундарь:

Хамтарч ажиллаж байхад хувь хүн нь ч тэр уран бүтээлдээ хандаж байгаа хандлага нь ч тэр үнэхээр гайхалтай сайхан хүн гэж боддог. Би төдийгүй бид маш их хүндэлдэг. Пүүжээ ах маань өөрийнхөө төлөө гэхээсээ илүү хүний төлөө дуугардаг. Өөрийнхөө төлөө нэг ч үг ган хийж байгаагүй. Уран бүтээлч хүн аливаа юманд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй гэдэг. Үүний мөн чанарын туйл бол манай Пүүжээ ах. Уран бүтээлийн хувьд гэвэл би Пүүжээ ахынхаа бүхий л уран бүтээлийг биширч, хүндэлж, хайрлаж явдаг. Жүжигчин хүнд байх ёстой бүхий л шинж чанар Пүүжээ ахад байдаг. Бүтээсэн дүр болгон нь өвөрмөц, өөрөө ч бас их өвөрмөц, дахин давтагдашгүй  хүн.

МУГЖ Б. Жаргалсайхан:

Пүүжээ бид хоёр 90 оноос хойш өнөөг хүртэл 30 жил хамт энэ улаан байшин дотор ажиллаж байна. Би Пүүжээгээ их хүндэлдэг юм. Хүндлэх нэг гол шалтгаан нь ардчилсан хувьсгалын дараа улс орон даяар бүхий л салбарт бужигнаан, ажилгүйдэл болж байсан. Тухайн цаг үед манай театр ч гэсэн бужигнаан дунд орсон. Театрын маань маш олон уран бүтээлчид хувийнхаа амьдралыг дээшлүүлэхээр ганзагын наймаанд явж байсан. Тэр үед цөөхөн жүжигчин театрт үлдэж байсан. Тэдний нэг нь манай Пүрэвдорж. Хэлдэг байсан л даа. Хэдийгээр хүнд хэцүү  байгаа ч гэсэн энэ бол цаг зуурын асуудал юм. Үүнийг бид бүгдээрээ даван туулаад театр маань ч сайхан болно гэдгийг үргэлж ярьдаг байсан. Тиймээс өнөөдөр бид ийм сайхан нөхцөл байдалд уран бүтээлээ хийгээд явж байна. Пүүжээ маань нэг зорилготой, тэр зорилгодоо үнэнч байдаг хүн. Уран бүтээлийн хувьд дүр дээрээ маш сайн судалгаа хийдэг. Чамбай  ажилладаг. Маш ч их ном уншдаг. Залуучуудтайгаа ч тэр, ахмадуудтайгаа ч тэр яг Пүрэвдорж ямар байдаг тэр л зангаараа. Маш энгийн дөлгөөхөн хүн. Намайг ингэхгүй байна энэ тэрээ гээд яриад явдаггүй. Хүний хувьд сайн хүн л гэж хэлнэ. Сайн хүн гэдгийн цаана олон юм бий. Энэ хүнийг уран бүтээлчид, ажилчид, удирдлага захиргаа нь дэмжиж, авах ёстой шагналыг өгөх хэрэгтэй. 

МУГЖ Г.Урнаа:

-Пүүжээг тайзан дээр гарахад үзэгчид за одоо яах бол гэсэн хүлээлт үүсгэдэг. Дүрүүд нь дандаа хүний анхаарал, сонирхлыг татсан дүрүүдийг бүтээдэг жүжигчин. Энэ хүн бол театрт яалт ч үгүй байх ёстой хүн. Хувь хүний хувьд нээх илүү дутуу үггүй. Гүндүүгүй монгол эр хүн. Их даруухан хүн. Зөв хүнээ олж харж, төр зөв үнэлж байгаасай хэмээн хүсдэг. Гадаадын олон ч кинонд Монголын жүжигчдийн нэрийг авч гарч яваа мундаг жүжигчин.

Жүжигчин Б.Шинэбаяр:

-2014 онд театрт ороод Хувьсал продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд хамт тоглож байсан. Дараа нь Баатар найруулагчийн “Адууны түүх” жүжгэнд хамтран тоглож тулж харьцах боломж олдсон. Пүүжээ ах маань залуучууддаа зааж зөвлөдөг, болохгүй байгаа зүйлийг нь хэлдэг. Тайзан дээр оногдсон дүрийг өгөгдсөн нөхцөлд маш гоё өгч, авдаг. Би боддог юм. Хэрвээ би драмын театрт олон жил хоёргүй сэтгэлээр ажиллавал яг л Пүүжээ ах шиг нэг л зангаараа байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Их даруухан, дөлгөөн зантай. Хэлэх үг нь хүртэл яг л голыг нь олоод часхийсэн хэдэн үг хэлчихдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.7 ДАВАА № 172 (6397)
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

"Хар Ирвэс" киноны найруулагч Райн Күүглэрийн сэтгэл хөдлөм

О.МАЙДАРРАВЖАА: Найруулагч нэр зүүх хаа ч байсан юм

Гэрэл сүүдрийн эзэн

Жүжигчин Жонни Депп 20 настай Орос бүсгүйтэй гэрлэхээр

Найруулагч Б.Наран-Эрхэс шинэхэн уран бүтээлээ өлгийдөн

Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоог

Сэтгэгдэл бичих