» » Циститийг бусад эмгэгүүдээс хэрхэн ялгах вэ?

Циститийг бусад эмгэгүүдээс хэрхэн ялгах вэ?


Цистит буюу давсгийн үрэвсэл нь шээсний замын цочмог үрэвсэлд багтдаг давсгийн салст бүрхэвчийн үрэвсэл юм. Энэхүү өвчний гол аюул нь эмчид үзүүлэлгүй дур мэдэн эмчилснээр үрэвсэл улам даамжирдагт оршино. Мөн түүнчлэн зөвхөн илрэх шинж тэмдэг дээр үндэслэн өөрөө өөртөө онош тавин эмчлэхдээ циститийг бусад үрэвсэлт эмгэгүүдтэй андуурах тохиолдлууд багагүй гардаг.

Циститийн ерөнхий шинж тэмдгүүд:
Давсгийн салст бүрхэвчийн хурц үрэвслийн үед дараах хүндрэлүүд илэрнэ.
- Ойр ойрхон буюу 10, 20 буюу 30 минут тутамд барьж дийлэхээргүйгээр шээс хүрэх боловч гарч буй шингэн нь 10 -20 мл хүрэхгүй бага хэмжээгээр гарна.
- Давсаг суллах үед шээсний сүв агшиж хүчтэй өвдөнө. Мөн умдгийн ясны дээд талаас цавь руу орсон өвдөлт мэдрэгдэх ба давсаг дээр хөнгөн дарах үед өвдөлт улам нэмэгдэнэ.
- Зарим тохиолдолд шээсний дараа хэдэн дусал цус гарч болзошгүй.

Ташрамд, шээх давтамж, өвдөлтийн хүч зэрэг нь үрэвслийн хүнд хөнгөн хэлбэрээс хамааран харилцан адилгүй байна. Бөөр давсгийн архаг үрэвслийн шинж тэмдгүүд нь дээрх шинж тэмдгүүдийн нэгэн адил илрэх боловч арай сул байдаг. Мөн ойр ойрхон шээс хүрэх шинж тэмдэг нь бусад өвчний үед ч илэрдэг учир зайлшгүй лабораторийн шинжилгээ хийлгэж, шээсэн дэх цагаан эс буюу лейкоцитуудын тоог мөн эритроцитуудын тоог тодорхойлно. Харин эритроцитууд нь циститээс гадна бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний чулуу болон хавдар үүсэх үед илэрдэг учир заавал эмчид үзүүлэн бусад шинж тэмдгүүдийн хамт цогцоор нь авч үзэж онош тогтоох ёстой.

Шээх хүндрэл ямар өвчний үед илэрдэг вэ?

1. Зарим тохиолдолд давсгийн үрэвслийн үед шээсний сүв болон таазны ёроолын булчингийн агшилт үүсэх ба улмаар цавь ба анусын орчимд янгинаж өвдөнө. Үүнийг бөөрний хурц дутагдалтай андуурч болох тул цусны ерөнхий шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Цусан дахь креатинин ба мочевины хэмжээ хэвийн үед бөөр асуудалгүй болохыг илтгэнэ.
2. Мөн шээх хүндрэл нь бөөрний чулуужилтын үед илэрдэг. Харин үүнийг ЭХО болон рентгений тусламжтайгаар оношилно.

Цистит уу, мухар олгой юу?
Итгэхэд бэрх боловч циститийг мухар олгойтой андуурах тохиолдол багагүй гардаг гэнэ. Нэн ялангуяа мухар олгойн өт хэлбэрийн ургацаг нь хэвийн бус байрлалтай бөгөөд бага тааз буюу давсгийн зүгт эргэсэн бол өвдөлт нь умдгийн ясны дээд хэсэгт мэдрэгдэж, ойр ойрхон шээс хүрэх шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс, шээсний шинжилгээ хийлгэж, эцэслэн оношилно. Аль аль тохиолдолд шээсэнд цагаан эс илрэх боловч мухар олгойн үрэвслийн үед ямар ч бактери, эпители зэрэг илрэх ёсгүй. Мөн түүнчлэн мухар олгойн үрэвслийн үед өндөр халуурдаг бол давсгийн үрэвслийн үед ихэнх тохиолдолд халуурдаггүй. 
Цистит уу, бөөрний чулуу юу?
Циститийн үеийн өвдөлт нь бөөрний чулуужилтын үеийн өвдөлттэй тун ижил. Гэнэт хүчтэй өвдөх ба цавь руу дамжина. Гэхдээ чулуу нь шээсний сүвний амсрыг хаах тул гэнэт шээхээ болих боловч шээс хүрэх мэдрэмж хэвээр үлдэнэ. Гэхдээ биеийн байрлалаа өөрчилмөгц чулуу байрнаасаа хөдөлж, шээх боломжтой болно. Харин циститийн үед гэнэт шээс “хаагдах” үзэгдэл гардаггүй.

Цистит уу, бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл /гломерулонефрит/ үү?

Давсгийн салст бүрхэвчийн үрэвсэл маш хүндэрсэн үед гүний судаснууд хүртэл үрэвсэж цус алдалт үүсдэг. Энэ тохиолдолд шээс цусархаг өнгөтэй болох ба бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн үеийн шинж тэмдэгтэй ижил болж ирдэг. Бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн үед шээснээс уураг их хэмжээгээр илэрдэг бол циститийн үед уураг бага байдаг. Мөн бөөрний үйл ажиллагаа алдагдах үед бие өвдөх, артерийн даралт ихсэх зэрэг нэмэлт шинж тэмдгүүд гарна.

Цистит уу, бөөрний тэвшинцрийн үрэвсэл /пиелонефрит/ үү?
Цистит ба бөөрний тэвшинцрийн үрэвслийн гаднах шинж тэмдгүүд тун төстэй. Түүнээс гадна, цистит хүндэрсээр халдвар нь бөөрний тэвшинцрийг хамрах боломжтой ба жинхэнэ пиелонефрит үүснэ. Тиймээс, үрэвсэл ийнхүү даамжрахаас өмнө циститийг цаг тухайд нь эмчлэх нь нэн чухал.
- Бөөрний тэвшинцрийн үрэвслийн үед циститийн нэгэн адил ойр ойрхон шээс хүрэх, шээх үед өвдөх, шээсэн дэх лейкоцитын хэмжээ нэмэгдэх зэрэг шинжүүд илэрнэ.
- Мөн түүнчлэн аль аль тохиолдолд шээсэн дэх уураг илрэх боловч бөөрний тэвшинцрийн үрэвслийн үед уургийн хэмжээ илт их байдаг.
- Циститийн үед өвдөлт умдгийн ясны дээд талд илүү мэдрэгддэг бол пиелонефритын үед бүсэлхий орчимд мэдрэгдэнэ.
- Мөн пиелонефритын үед өндөр халуурах, толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдгүүд гарна.

Мэдээж, дээр дурдсан өвчнүүдээс гадна циститтэй ижил шинж тэмдэгтэй хавдар, бэлгийн замын болон эмэгтэйчүүдийн өөр бусад эмгэгүүд бий. Тиймээс, зөв оношийг зөвхөн эмч тодорхойлж гаргах ба шинжилгээ хийлгэсэн ч дур мэдэн оношилж, эмчилгээ хийх хэрэггүй. Дээр дурдсан эмгэг бүрийг өөр өөрөөр эмчлэх тул буруу эсвэл дутуу эмчилгээ хийснээр элдэв хүндрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг болохыг анхааралдаа авна уу.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ЦӨСНИЙ ЧУЛУУ ГЭЖ ЮУ ВЭ?

ХОДООД ЯАГААД ӨВДДӨГ ВЭ?

Луувангийн шүүсний ач тус

Луувангийн шүүсний ач тус

Шар будааг бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэдэг вэ?

Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна

Сэтгэгдэл бичих