Монгол шуудангийн марканд дүрийг нь мөнхөлж, тамирчдын сүлд дуу болсон “Тамирчны алдар”-ыг өөрт нь зориулж зохиох хүртэл спорт сонирхогчдыг огшоож явсан тамирчин бол “Сөүл 88” олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин, XX зууны Монголын шилдэг боксчин “том” хэмээх Нэргүйн Энхбат. Түүний олимпын боксын төрөлд гаргасан амжилтын жимээр манай шилдэг боксчид явж, олимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсээр байгаа билээ. Гавьяат тамирчин Н.Энхбатыг “Хоймор”-тоо урьж ярилцлаа.
-Таны боксчин болсон түүх Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди багштай ямар холбоотой юм бэ?
-Сонин тохиолдол л доо. Д.Банди багш оюутан байхдаа аавтайгаа хамт эгчийндээ амьдардаг байсан юм. Д.Банди багшийн аав Дамдинжав гуай боксод дургүй хүн байсан юм гэнэ лээ. Дамдинжав гуай их уран, өндөр биетэй буриад өвгөн байсныг санадаг. Тэр үед би сургуульд ороогүй жаахан хүүхэд байсан л даа. Д.Банди багш МУИС-ийн физик, математикийн ангийн оюутан болоод боксын секцэнд орсон юм билээ. Тэгээд боксынхоо бээлийг ааваасаа нууж манай гэрт тавьдаг байв. Манай аав, ээж хоёр залуу байсан болохоор Д.Банди багшийг сайн ойлгож дэмждэг байж л дээ. Манайд нууж тавьсан бээлийг нь ах, бид хоёр ихэд сонирхон, өмсөж үзэн, зодолддог байлаа.
-Тэгээд Д.Банди багшийг дагаж боксын секцэд орсон уу?
-Түүнээс олон жилийн хойно намайг долдугаар ангид байхад манай II сургууль дээр Д.Банди багш ирж, ангиудаар орж боксын спортын талаар танилцуулга хийж, хүүхдүүдийг шалгаруулж авсан. Энэ шалгаруулалтад 150 гаруй хүүхэд орж, би тэнцсэн. Боксын секцэд ороод долоо хонож байтал хоолой өвдөж, шалгалт ч таараад гурав хоног секцэндээ очилгүй тасалчихлаа. Гурав хоногийн дараа очтол “Бэлтгэл тасалдаг хүүхэд ахиж битгий ир” гээд секцнээс хөөчихсөн. Ингээд ахиж боксын секцэнд оролгүй явсаар 1979 онд аравдугаар ангийн сурагч боллоо. Нэг өдөр хичээлдээ сууж байтал манай боксын Н.Нарантуяа дуудав. Н.Нарантуяа долдугаар ангиасаа хойш тасралтгүй боксоор хичээллээд, спортын мастер цол авчихсан байсан юм. Тэр “Замчин” нийгэмлэгийн боксын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Чи бокс сонирхдог, тэмцээн их үздэг, эвсэлтэй юм чинь тэмцээнд орчих” гэлээ. Түүнийг дагаж очоод жингээ үзүүлтэл 57 кг байв. Н.Нарантуяа “Жингээ хас. Тэмцээн болоход хоёр хоног дутуу байна” гэснээр 2-3 кг хасаад 54 кг-д орсон. Д.Банди багш намайг таниж байна. Гэхдээ хөөж, туусангүй. Хэрэв намайг “Чи секц таслаад хөөгдсөн хүүхэд, чамайг тэмцээнд оруулахгүй” гэсэн бол би ахиж боксоор хичээллэхгүй байсан. Ингээд “Замчин” нийгэмлэгийн тэмцээнд спортын нэгдүгээр зэрэгтэй Батболдтой финалд шалгарч, түүнийг 3:0-ээр хожоод түрүүлчихдэг юм байна. Д.Банди багш намайг тэмцээний дараа зочид буудалд байрлаж бэлтгэл хий гэхээр нь би ч их баярлалаа. Залуучуудын УАШТ-д орох юм бодоод бэлтгэл хийв. Гэтэл намайг биш, надад хожигдсон Батболдыг залуучуудын УАШТ-д оруулчихав. Хор шар хөдлөөд болдоггүй. Тэгэхээр нь VI сургуулийн сурагч гээд “Хоршоолол” нийгэмлэгийн, V сургуулийн сурагч гэж “Барилгачин” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүлчихлээ.
-Хэзээ улсын шигшээ багийн тамирчин болсон юм бэ?
-Тэр үед боксын багш, дасгалжуулагч, тамирчид намайг харж, анхаарлын төвдөө авчихсан байсан юм билээ. Шигшээ багийн тамирчид нийгэмлэгүүдийн тэмцээнийг шүүж, өөрсдийн жингийн өрсөлдөгч, бэлтгэл хангагч тамирчдыг сонгож авдаг байж л дээ. Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч В.Батбаяр багшид Р.Отгонбаяр ах намайг сонгож авмаар байна гэдэг саналаа хэлж, багшийг дагуулан ирж миний тулааныг харуулсан гэсэн. Тэгсэн миний тулаан В. Батбаяр багшид таалагдаж, намайг төв секцэд очиж бэлтгэл хийхийг урьсан. Энэ үед аравдугаар ангиа төгсөж, конкурс өгөх хугацаа болсон. Конкурсын шалгалт өгөөд Москвагийн Төмөр замын дээд сургуулийн хуваарь авав. Сургуулийнхаа томилолт, эрхийн бичгийг авах гээд зогсож байтал В.Батбаяр багш хүрээд ирлээ. “Чи гадаад руу сургуульд явахгүй ээ. Аав, ээжтэй чинь уулзаж ярилцсан. Чи Монголдоо сурна. Чамайг шигшээ багт авч байгаа. Шигшээ багийн бэлтгэлд ор. Болгар руу социалист орнуудын “Нөхөрлөл” олон улсын тэмцээнд явна. Одоо шууд буудалд байрлаж, бэлтгэл хий” гэлээ. Тэгээд “Залуучууд” зочид буудалд байрлан, бэлтгэлд гарсан. “Улаанбаатар” зочид буудалд очиж Х.Баянмөнх, З.Ойдов гээд УШБ-ийн тамирчидтай цуг хоол идлээ. Тэр мундаг тамирчдын эгнээнд 17 настай хүү орно гэдэг зүүд, зэрэглээ шиг санагдсан. Тэд олимпын бэлтгэлд гарчихсан байсан юм. Ингэж би 1980 оны олимпын бэлтгэлд гарч, боксын УШБ-ийн орон тооны ес дэх тамирчнаар орсон. Гэхдээ шигшээ багт шууд ороогүй. Сорилт явуулж, Ц.Нандигжав бид хоёроос сонголт хийхэд би сонгогдсон юм.
-Анх гадаадын ямар тэмцээнд оролцож байсан бэ?
-1980 онд Л.Гомбо багш болон Оросын мэргэжилтэн дасгалжуулагчийн хамт Болгар, Польш, Унгарын цуврал тэмцээнд явсан. Тэгсэн Болгарын тэмцээнээс нь хоцорчихсон. Унгарт очсон чинь тэмцээн биш хамтарсан бэлтгэл болж таарав. Тэндээс Польшийн Быдгош хотод болсон олон улсын тэмцээнд оролцсон. Тэр Скандинавын хойгийн Финлянд, Норвег, Швед, баруун болон зүүн Европын 12-16 орны боксчид оролцсон том тэмцээн болов. Би тус тэмцээнд дөрвөн тулаан хийж гуравдугаар сарын 19-нд өөрийнхөө төрсөн өдрөөр түрүүлж байсан минь их сайн дурсамжтай санагддаг.
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх хэзээ орж байв?
-Азийн аваргад орохоосоо өмнө Азийн наадамд анх удаа орсон. 1982 онд би 60 кг-д, Р.Отгонбаяр ах 57 кг-д, Г.Батбилэг ах 63 кг-д орсон санагдаж байна. Би эхний тулаанд Японы тамирчинг хүнд цохилтоор хоёр удаа унагаж цэвэр ялалт авлаа. Хоёрдугаар тойрогт Ази тивийн аварга Энэтхэгийн боксчинтой тулалдаж улаан цайм луйвардуулан 3:2-оор ялагдал хүлээж, медалиас мултарсан. Тэрнээс хойш Ази тивийн аваргад орж үзээгүй байж байгаад хожим хойно 1987 онд Кувейтэд болсон Азийн аваргад тулалдсан. Ц.Амаржаргалын бөөр нь суналттай, өвдөлттэй байсан болохоор багш намайг дээшээ Н.Баярсайханы жинд оруулж, Н.Баярсайханыг миний жинд оруулсан. Бид гурвуулаа финалдсан. Амараа бид хоёр мөнгөн медаль авч, Баяраа түрүүлж Ази тивийн аварга болсон. Би алтан медалийн төлөө Солонгосын Ким Ти Тэктэй тулалдсан. Шүүгчид Солонгосын талд илүү шүүж, 3:2-оор ялалтыг түүнд заасан. Шүүгчгүй улсын зовлонг мэдэрсэн тэмцээн болж билээ. Багийн дүнгээр манай улс хоёрдугаар байрт орсон. Ер нь тэр үед биднийг Азийн аваргад цөөн явуулдаг байсан юм. Хэрэв жил болгон явуулж байсан бол манай боксчдоос олон Азийн аварга төрөх боломжтой байсан үе. Одоо тэр үеийг бодохоор их харамсдаг. Бидний үеийн боксчид тухайн үеийнхээ спортын алдаатай бодлогын золиос болоод өнгөрсөн.
-Таныг ид тоглож байх үед 1984 оны Лос Анжелесын олимпод манай улс оролцоогүй нь үнэхээр харамсалтай шүү?
-Харин тийм ээ. Социалист системийн орнууд бойкот хийж, 1984 оны олимпод ороогүй. Олимпын наадамтай ижил зэрэглэлтэй “Найрамдал 84” их наадмыг зохион явуулсан юм. Спортын 28 төрлийн тэмцээнийг өөр, өөр улсууд явуулсан. Боксын төрлийг Кубын Гаванад зохион байгуулж билээ. Тус тэмцээн 16 мянган хүний суудалтай “Cidad Deporeiva”ордонд болсон. Би аваргын төлөө Кубын боксчин 1976, 1980 оны олимпын хошой аварга Анхель Эррератай тулалдсан юм. Тэр тулааныг Кубын удирдагч Фидель Кастро хүрэлцэн ирж үзсэн. Би хувьдаа Эррераг ялчихсан гэж бодсон. В.Батбаяр багш “Миний хүү ялалт авч чадахгүй байх аа. Наад Эррера чинь зодог тайлж байгаа юм байна. Нутгийнхаа дэвжээнд ялалт авах нь тодорхой” гэхээр нь би “Яах гэж энэ тэмцээнд орсон юм. Ийм шударга бус шүүж болохгүй шүү дээ” гээд өөрийн мэдэлгүй дэвжээ рүү нулимчихсан. Багш нар “Миний хүү тайван бай. Нутгийнх нь дэвжээ шүү дээ. Кубын удирдагч Фидель Кастрогийн нүдэнд дээр ялалтыг чамд юу гэж өгөх вэ дээ” гэсэн. Шүүгчид ч 3:2-оор Эррерад ялалтыг заалаа. Тэмцээний дараа манай боксчид “Эррерагийн эхнэр, хүүхэд нь ирж үзсэн. Бидний урд талын суудалд суусан юм. Чамайг Эррераг цохих тоолонд эхнэр нь өөрөө цохиулж байгаа юм шиг татгас, татгас хийгээд нэлээн хэцүүхэн байсан шүү” гэж билээ. Тэр үед “Найрамдал 84” тэмцээнийг олимпын наадамтай ижил түвшинд дүйцүүлэн үзэж ёстой гэсэн Улс төрийн товчооны тогтоол хүртэл гарсан юм. Монголоос бусад социалист орнууд олимпын наадмаас медаль хүртсэнтэй ижил түвшинд авч үзэн шагнал урамшуулал олгосон. Харин Монгол Улс “Найрамдал 84” их наадмын медальтнуудад ямар ч шагнал урамшуулал өгөөгүй.
-Та дэлхийн шилдэг арван боксчны жагсаалтад хэдэн удаа бичигдсэн бэ. 1986 оны ДАШТ-д манай боксчдыг явуулаагүй. Хэрэв тэр дэлхийн аваргад явсан бол та ямар нэгэн медаль хүртэх боломжтой үе байсан биз?
-Би 1979- 1989 он хүртэл арван жил шигшээ багийн тамирчин байсан. Энэ хугацаанд дэлхийн 60 кг-ын шилдэг арван тамирчны тоонд зургаан удаа бичигдэж байлаа. Тухайн жилүүд миний бэлтгэлжилтийн оргил үе байсан л даа. 1986 оны ДАШТ АНУ-ын Рено хотод болсон. Тэгсэн Улс төрийн товчооноос ДАШТ хөрөнгөтөн оронд зохиогдох юм байна гээд явуулаагүй. Манайхаас бусад бүх социалист системийн орнууд 1986 оны дэлхийн аваргад орсон. Дэлхийн аварга Кубын Адольфо Орто “Монголын тамирчин ирээгүй бол би дэлхийн аварга болох нь тодорхой” гэж хэлээд түрүүлсэн байдаг. Дэлхийн аваргын тэмцээнээс сарын өмнө би Европын цуврал Германы “Химийн цом”, Румыны “Алтан бүс” гээд хоёр том тэмцээнд дараалан А.Ортог ялчихсан байсан юм. Мөн тэмцээнд надад ялагдаж байсан Венесуэлийн Энгелье Петроса дэлхийн аваргаас мөнгө медаль, Румыны Емил Чупренки хүрэл медаль хүртсэн. Надад сарын өмнө ялагдаж байсан гурван тамирчин ДАШТ-ээс медаль хүртсэн болохоор боломж байж дээ гэж бодсон. Кубын А.Орто надаас жаахан эмээж байсан юм билээ. Энэ тухайгаа гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ярьжээ. А.Орто аваргын тэр ярилцлага гарсан сониныг С.Дашдооров зохиолчийн гэргий, Монголын радиогийн англи хэлний нэвтрүүлэгч Итгэл эгч 1986 онд мэргэжил дээшлүүлэхээр Английн Лондон хот руу явахдаа надад авчирч өгсөн. Би тэмцээний туршлагагүй залуу байхдаа дэлхийн аварга А.Ортод хоёр удаа ялагдсан. Харин бэлтгэл, сургуулилалт жигдэрсэн оргил үедээ түүнийг хоёр удаа дараалан ялж байлаа.
-Тэр үед боксын дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог байсан уу?
-Боксын дэлхийн аваргын тэмцээн тэр үед олимп шиг дөрвөн жилд нэг удаа болно. Тийм урт хугацаанд болдог байсан болохоор би дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй. 1988 онд олимпод оролцоод боксоо орхисон юм. Жил гаруй бэлтгэл хийгээгүй байтал Цагаан сарын битүүний урд өдөр гэнэт гэрээс авч явж, Засгийн газрын ордонд аваачсан. Гавьяат тамирчин цолыг Ж.Батмөнх дарга гардуулж өгөөд, “Ард түмэн, төр, засгийнхаа итгэлийг алдалгүй Ази тивийн аварга болно шүү” гэдэг байгаа. Гавьяатын тэмдгээ зүүгээд бэлтгэлийн заал руугаа Б.Дашдовдон даргад хөтлүүлээд явж байлаа шүү дээ. Зааланд ороод миний жинг үзлээ. Тэгсэн чинь 75 кг болчихсон байв. Тэд “Маргаашаас бэлтгэлдээ орох хэрэгтэй. Даргын үүрэг даалгаврыг биелүүлж Ази тивийн аварга болох ёстой” гэсэн. Ингээд сар хагасын дотор 12 кг хасаж, 1989 онд Бээжинд болсон Азийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртсэн.
-Азийн аварга болоод зодог тайлсан уу?
-Дэлхийн аварга болоход зургаан сар дутуу байна. Азийн аварга болсон юм чинь одоо дэлхийн аваргад орно шүү гэсэн. Үгүй, чадахгүй гэж хэлэх эрх байсангүй. Гавьяат цолоор шагнуулсан хүн чинь ичээд дуугарч чаддаггүй юм билээ. Ингээд Москва руу ДАШТ-д явлаа. Эхний хоёр тулаанд ялсан. Хүрэл медалийн төлөөх тулаанд урд нь ялж байсан Германы боксчинд гарцаагүй ялагдсан. Нас явж, бэлтгэл тааруу болсон үе болохоор залуучуудын хурдыг гүйцэхгүй болсон байсан л даа. Тэр жилээс боксын ДАШТ хоёр жилд нэг удаа болох өөрчлөлт орсон юм. Ингээд ДАШТ-ийг дуусгаад багш нартаа “Би арван жил боксын спортоор хичээллээ. Одоо амьдралаа бодмоор байна. Залууст байраа тавьж өгье” гэж хэлээд Монгол руугаа буцалгүй, Москвад аав, ээж дээрээ үлдсэн.
-Аав чинь ямар мэргэжилтэй хүн бэ?
-Аав минь МИАТ гэдэг нэрийг анх өгсөн нисгэгч хүн шүү дээ. Сүүлд Москвад МИАТ-ийн төлөөлөгчөөр ажиллаж, амьдарч байсан. Аав, ээж хоёр Москвад ажиллаж, амьдарч байсан болохоор намайг гавьяат болохыг мэдээгүй. Гэрийнхэн маань ч мэдээгүй болохоор Гавьяат цол аваад гарч ирэхэд одоогийнх шиг цэцгийн баглаа барьж угтсан нэг ч хүн байгаагүй.
-Та боксоо орхиод дасгалжуулагч болох боломж байгаагүй юм уу?
-Намайг 1989 онд Москвагаас ирэхэд Спорт сургалтын төвд дасгалжуулагчаар авсан. Найман сар гаруй хүүхдүүдтэй ажиллаж байтал В.Батбаяр багш дуудаж Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагч болгосон. 1992 оны олимп дуустал Улсын шигшээ багт ажилласан. Тэгээд бусдын жишгээр ганзагын найм руу орсон. Үүний дараа 1998-2000 онд МҮОХ-нд ажиллаж байгаад АНУ руу ажиллаж, амьдрахаар явсан. Америкт боксын клуб байгуулж, дасгалжуулагч хийж байлаа. Манай хүү АНУ-ын залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай. АНУ-д 20 жил амьдраад эх орноо санаад ирлээ. Хоёр хүүхэд маань АНУ-д үлдсэн.
-Одоо хүү чинь боксоор хичээллэж байна уу. Монголд таны шавь нараас боксоор хичээллэж байгаа тамирчин бий юу?
-Хүүгийнхээ боловсролд нь илүү анхаарч, бокс тоглохыг нь болиулан, инженер болгосон. Шавь нараас Монголд бокс тоглож байгаа хүн байхгүй. Шавь Д.Батсүрэн боксын УШБ-ийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Бүдрагчаа, Баярцогт гээд шүүгч хийж байгаа шавь нар бий.
-Таныг ид үедээ цохилтод оногдохгүй, бараг бүжиглэх шахуу уран гоё тулалдаг, техник, ур чадвар сайтай боксчин байсан гэдэг. Хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагадаг байсан уу?
-Тэр үед намайг хүмүүс төрөлхийн унаган авьяастай боксчин гэж магтдаг л байсан. Тэр бүхнийг би өөрөө бол хэлж мэдэхгүй. Харин байгалиас заяасан гэж хэлж болохоор хурд бол надад байсан шүү. Хурдыг дагаад техник, ур чадвар хөгждөг юм билээ. Аав минь хурдан гүйдэг хүн байсан. Аавыгаа дуурайж хурдтай болсон байх. Ээж зоримог, шийдэмгий хүн байсан. Аав, ээж хоёрын минь чанарууд надад нөлөөлсөн болов уу. Хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн гэвэл В.Батбаяр багш, туслах дасгалжуулагч Х.Алтанхуяг нар. Энэ хоёр хүний заавар, зөвлөгөө, ач гавьяагаар би бэлтгэл, сургуулилалт хийж боксчин болсон. Би ер нь тулаан хийхдээ өрсөлдөгчөөсөө хэзээ ч айж байгаагүй. Ялна, чадна, дийлнэ гэсэн итгэлтэйгээр рингэнд гардаг байлаа. Энэ миний төрөлх араншин, сэтгэл зүйн ямар нэгэн дарамтгүй тулаан хийх үндэс болдог байжээ.
-1988 оны Сөүлийн олимпод таныг явуулахгүй гэж байсан гэсэн. Яагаад тэгсэн юм бэ?
-Олимп эхлэхээс сар гаруйн өмнө намайг хөгширсөн учир явуулахгүй гэж удирдлагууд шийдсэн. Тэгэхээр нь миний гэдэн хөтлөөд бэлтгэл хийхгүй гэртээ очоод хэвтчихлээ. В.Батбаяр багш “Би энэ хүүхдийг олон жил бэлтгэлээ. Заавал олимпод авч явна. Хэрэв явуулахгүй гэж байгаа бол би ч гэсэн явахгүй” гэж хэлсэн юм билээ. Тэгсэн гэнэт чамайг олимпод оролцуулах шийдвэр гарсан, ирж бэлтгэлээ хий гээд дуудсан. За тэгээд хүссэн олимпын наадамдаа явлаа. Манай жинд 49 тамирчин байсан. Эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн Хосе Пересийг 5:0-ээр, гуравдугаар тойрогт Европын аварга Унгарын Иштван Туруг ялж, хүрэл медалийн эрхийн төлөөх тулаанд Болгар дасгалжуулагчтай, Африк тивийн аварга, дэлхийн цомын аварга Мароккогийн Камил Маржуанегийг 3:2-оор буулган авсан. Түүнтэй хүнд тулаан хийж хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Шведийн Герге Крамнетэй таарлаа. Тэр тулаанд би түүнийг хожсон гэж боддог. Намайг ямар ч цохилтод оногдоогүй байхад шүүгч тулааныг шууд зогсоож, тоолохоор нь их гайхсан. Цаг дуусахад гурван шүүгч шведэд, хоёр шүүгч нь надад оноо өгч, 3:2-оор ялагдал хүлээсэн. Олон улсын боксын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга нь Карл Ханз Бергер гэдэг герман хүн байсан юм. Хэрэв би Шведийг ялаад олимпын финалд гараад ирсэн бол Германы Андреас Цюловтой тулалдах байлаа. Тэр олимпын аварга болсон германыг би урд өмнөх тэмцээнд гурван удаа ялж байсан. Тэр тийм сайн боксчин биш байсан юм. Түүнтэй тааруулахгүйн тулд намайг Шведийн боксчинд ялагдуулж луйвар хийсэн байхгүй юу. Шүүгчдийн дэмжлэгээр ялсан нөгөө швед финалд германд ёстой нэг нухуулсан даа. Миний хувьд жаахан сэтгэл дундуур л хүрэл медалийн тавцанд гарсан. Гэхдээ яах вэ. Олимпоос хоосон ирээгүй. Эх орноо аварч олимпоос ганцаараа медальтай ирсэн.
-Та олимпоос хүрэл медаль хүртээд, шуудангийн марканд мөнхөрсөн байдаг. Мөн танд зориулж найз чинь “Тамирчны алдар” дууг зохиосон гэдэг байх аа?
-Олимпын наадмаас манай бөхчүүд дандаа медаль хүртдэг байлаа. Бусад төрлийн тамирчид медаль хүртээгүй байсан үед би анх удаа боксоор олимпын медаль хүртсэн болохоор үүнийг түүхэн амжилт гэж үзэн шуудангийн марк гаргасан юм билээ. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан бид дунд сургуулийн найзууд. Би багадаа хэсэг хугацаанд VI сургуульд сурч байхад надаас хоёр ангийн дээр Жагаа сурч байсан. Тэр үеэс одоо хүртэл бид сайхан найзууд явна. Жагаа 1988 оны Сөүлийн олимпод миний хийсэн тулааныг Оросын “ОРТ-1” сувгаар үзэж, намайг медаль хүртэхэд их баярлаж хөөрсөн гэнэ лээ. Тэр үед толгойд нь “Та бидний итгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэсэн хоёр мөр шууд орж ирсэн гэж олимпын дараа ярьж байсан. Тэгээд үргэлжлүүлэн шүлэг бичиж, ая зохиож дуу болгоод тэр үеийн Урлагийн зөвлөлөөр батлуулах гэтэл “Энэ дуу чинь тамирчны алдрыг магтсан дуу мөн юм уу. “Хөөрхөн алаг нүдэндээ баярын нулимстай” гээд үхэрт зориулсан дуу юм биш үү” гээд батлахаас татгалзсан гэдэг. Хэдий Урлагийн зөвлөлөөр батлагдаагүй ч гэсэн энэ дуу Монголын тамирчдын сүлд дуу болж чадсан. Надад зориулж ийм сайхан дуу зохиож өгсөн найздаа их баярлаж явдаг.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Сэтгэгдэл бичих