Хүн ханиадны вирусын халдвараар өвдвөл тухайн вирусыг эсэргүүцэх дархлаа тогтдог. Учир нь халуурна гэдэг тэр вирусын эсрэг бие махбодь нь тэмцэж дархлаажиж байгаа үйл явц юм. Үүнийг мэдэхгүйгээс ихэнх хүмүүс дархлаа тогтох үйл явцыг эм уугаад саатуулчихдаг. Хүүхэд дөнгөж 38 хэм хүрэнгүүт халууны эм уулгачих жишээтэй. Насанд хүрэгчид ч ялгаагүй бие арзайгаад тавгүй байна гээд л эмийн сангаа уудладаг буруу зуршилтай. Уг нь халууралтаас болж хүндрэл үүсээгүй л бол халуун бууруулах эм уух шаардлагагүй юм. Харин ч ханиад хүрэнгүүтээ халууны эмийг биш вирусын халдвараас урьдчилан сэргийлэх эмийг уух нь илүү үр дүнтэй байдаг. Вирусын эсрэг эм олон талын үйлчилгээтэй. Жишээлбэл вирусын үржлийг нам дарах, халуун бууруулах, үрэвсэлт процессийг зогсоох, цаашлаад уушги, чих, хоолойн үрэвслээр өвдөж хүндрэхээс сэргийлдэг сайн талтай. Гэтэл манайхан ханиад хүрэнгүүтээ антибиотик, халуун бууруулах эм хавсраад хэрэглэчихдэг учраас дархлаагаа сулардаг. Ингээд л эмчилгээ нь ужиграад, удаан хугацаагаар ханиад томуунаас салдаггүй байна.
- Ханиад хүрэнгүүт хамгийн түрүүнд антибиотик бүү уу. Антибиотик дархлаа дарангуйлдаг. Энэ зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үүний оронд вирусын эсрэг эм уух нь илүү үр дүнтэй.
- Халуун бүлээн ус, хярам ууж, хоолоо сайн идэн халдвар эсэргүүцэх эм уу. Хүмүүс ханиад хүрчихээрээ ихэвчлэн чацаргана эсвэл нимбэгний шүүс, сармис цагаан гаатай сүү уудаг. Тэр байтугай цагаан архинд халуун ногоо хүртэл хийж уудаг гэж сонсч байсан. Ингэж сайн гэсэн болгоныг түүж хэрэглэх нь үр дүнтэй аргууд биш. Ханиад хүрсэн үед хүний биед халдварын эсрэг дархлааны хариу урвал явагддаг. Үүнээс гадна хэрэглэж байгаа эм тариа, хоол ундаас болж давхар харшлын урвал идэвхждэг учраас харшлын ханиад ч болох аюултай.Тиймээс элдэв зүйл хэрэглэхээс илүү халуун бүлээн ус, хярам ууж, хоол цайгаа сайн идэх, даарч хөрөхгүйгээр халдвар эсэргүүцэх эм уухад л болно. Ингэж чадвал ихэнхи ханиад томуу 3-5 хоногт эдгэчихдэг.
- Идэвхтэй бай. Ханиад хүрчихлээ гээд хэвтээд байж болохгүй. Харин ч хөдөлгөөн хийх тусам интерферон ялгарч дархлаа сайжирч хурдан эдгэдэг.
- Даарч хөрч болохгүй, аль болох сайн унтаж амар, зөв амьдралын хэв маягийг хэвшүүл.
- Ханиад хүрсэн үедээ цахим хэрэглээгээ хязгаарла. Хэдэн цагаар ч хамаагүй гар утас, компьютерын урд суух нь хүний дархлааг сулруулж байдаг.
- Эмчийн зөвлөгөөг сайтар хэрэгжүүлж эмийг цаг тухайд нь уух. Эмээ ягштал уугаагүйгээс өвчин архагшдаг.
Сэтгэгдэл бичих