УИХ өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа. УИХ-ын 62 гишүүний Үндсэн хуулийн 53 заалтыг хөндөх төслийг өргөн барьсан. Түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос (ТББХ) 60 зүйл, 150 зарчмын зөрүүтэй санал болгон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан ч 34 зүйл нь л Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн “босго” болох 57 гишүүний дэмжлэг авав. Үлдсэн 26 зүйл, заалт гишүүдийн зарчмын зөрүүтэй санал, эрх ашгийн зөрчилдөөнөөс болж уналаа. Тэр тусмаа нийгмийн хүлээлт, олон нийтийн анхаарлын төвд байсан олон заалт эрх баригч МАН-ын бүлгийн үл ойлголцлоос болж унасан нь эцэг хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь эрсдэлд оруулав. Магадгүй төсөл санаачлагчид иргэд “тийм” гэсэн хариултыг өгөх нь бараг тодорхой хэмээн тооцоолж том гавьяаг зовлонгүй авах аргыг сүвэгчилсэн байх талтай. Мөн шуудайд хийсэн үхрийн эвэр мэт эрээвэр санал зөрчлөө ганц “хямд” асуултаар дарж авах эрх баригч намын ашиг сонирхол байгааг ч үгүйсгэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад гишүүдийн байр суурь өмнөхөөс өөрчлөгдсөн, парламентаар санал хураах үйл явц эргэж дахисан зэргээс харвал гуравдугаар хэлэлцүүлэг юу ч болж магад гэсэн байдал нь МАН-ын бүлгийг аргагүй болгосон биз. Нөгөөтэйгүүр парламент дахь цөөнхийн зүгээс шаардаад байгаа Ард нийтийн санал асуулгыг нь явуулчихвал “оноо” нэмэх, ам таглахыг “зэвсэгтэй” болох талтайг ч бодолцсон биз.
Өнгөрсөн баасан гарагт МАН-ын бүлэг хуралдаж Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжин, УИХ хоёрдугаар хэлэлцүүлгээс төслийг ТББХ-нд шилжүүлсэн нь дэвшил боловч иргэдээс санал авах асуулт нь “шог” байна.
Санал асуулгыг явуулчихвал “оноо” нэмэх “зэвсэгтэй” болох талтайг ч бодолцсон биз
МАН-ын бүлгийн даргын тайлбарласнаар иргэдээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуултаар тийм, үгүй гэсэн хариулт авах аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь Монголын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага болчихоод байгаа үед ганц өөрчлөлт оруулахыг дэмжих үү гэдэг асуулт нь хангалтгүй. Гэвч хоёрдугаар хэлэлцүүлэг давсан 34 зүйл дотор иргэдийн дэмжих хийгээд эсэргүүцэх заалт олон бий. Тухайлбал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрөх, урт хугацаанд хөгжлийн бодлогоо тодорхойлох, парламент гишүүдийн олонхоор хууль батлах, Дархан, Эрдэнэтийг хот болгох, төсвийн зарлага нэмэхийг хориглох, шүүгчид хариуцлага тооцох сахилгын хороо байгуулах гээд нийтээрээ “тийм” гэснийг дугуйлах заалт олон байна. Гэвч нөгөө талд нь “давхар дээлийг тайлах”, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх өгөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэх мэт заалтууд хасагдсан нь бас тийм гэсэн хариултад хавчуулагдах боллоо. Мөн аль нь олонх санал авахыг тодорхойлох шаардлагатай заалтууд ч байгаа. “Баялаг нийтийн өмч байх уу, төрийн хяналттай нийтийнх байх уу”, “Шүүгчийн эрхийн хугацааг 12, ҮХЦ-ийн гишүүнийх зургаан жил байвал дэмжих үү” гэх зэрэг нарийвчилсан асуултууд ч баймаар санагдана.
Ийм нөхцөлд зөвхөн өөрчлөхийг дэмжих эсэх ганц асуултаар санал хураах нь учир дутагдалтай. Ядаж л анх дэвшүүлсэн таван багц болох “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг баталгаажуулах”, “Гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат бус байдлыг хангах”, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох”, Баялгийн хуваарилалтыг тодорхойлж,сан байгуулах” зэргээр таван асуулттай болно. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт хэдийгээс хэрэгжиж эхлэхтэй холбоотой “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө” гэсэн заалтыг ч төгсгөлт нь асуучихад гэмгүй.
Дээрх саналуудыг нэгтгээд нэг хуудас болгоод хэвлэхэд зардлын хувьд ялгаагүй. Угаасаа л нэг хуудас хэвлүүлж цаас үрэх хойно зохицуулж болох мэт. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай тэнцэх хэмжээний зардал гаргахаас хойш нэг удаад сайн “дэнсэлбэл” хожим гарах хэрүүл, тэмцэлд ч “таягтай”. Тэгээд ч Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 6.3-т “Санал асуулгын асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, тодорхой, ойлгомжтой томьёолсон байна” гэснээс бус ганц асуулттай байна гэж тулгаагүй. Мөн хуулийн 15.1.1. “Санал асуулга явуулах саналын хуудсанд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарын хамт УИХ-аас баталсан томъёоллоор хэвлэх” гэж заасан буй.
МАН-ын зарим гишүүнээс Ард нийтийн санал асуулга яагаад ганц асуулттай байгаа талаарх тодруулбал олон саналыг ялгаж цэгцлэхэд ажиллагаа ихтэй, хугацаа давчуу гэсэн шалтаг тавьж байгаа. Технологи хөгжсөн өнөө үед ганц хуудас материалыг “дэнслэх” техник тоног төхөөрөмж бий. Жишээ нь ЭЕШ авдаг төхөөрөмжөө ашиглаад тохирсон программ суулгачихад л шийдэгдэх асуудал юм.
Монголын ард түмэн 1945 онд тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга зохион байгуулснаас хойш 74 жилийн дараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах боллоо. “Бүгдээрээ хэлэлцэж бүлээн усаар угааж” иргэдийн олонх дэмжсэн заалтуудаа батлагдсан тооцвол ойрын 20, 30 жилдээ маргаангүй байх нь мадаггүй.
П.Батбөх
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл бичих