Барилгын хөгжлийн төвийн Барилга,байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэс 2014 оноос Барилга захиалагчийн хэлтэс, 2016 оноос Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэс нь улсын төвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар баригдаж байгаа барилгуудын угсралтын ажилд хяналт тавьдаг. Барилгын ажил идэвхжиж барилгын хяналтын ажил ихэссэн энэ цаг үед Барилга, байгууламжийн хяналтын үйл ажиллагааны талаар Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүхтэй ярилцлаа.
-Хяналтын инженерүүд яг одоо завгүй байдаг улирал. Одоогоор хэдэн газарт хэчнээн төсөл дээр хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар Боловсрол соёл шинжлэх ухааны спортын яам, Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам гэсэн үндсэн гурван салбарын сайдуудын багцад хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдэд манай байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Үүн дээр нэмэгдэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны тодорхой төсөл арга хэмжээнүүдэд хяналт тавин амжилттай хэрэгжүүлж байна. 2018 онд Сайдуудын багцад маш олон төсөл арга хэмжээ төлөвлөгдсөнөөс тоон утгаараа 70 гаруй хувийг Засгийн газрын тогтоолоор орон нутгийн болон нийслэлийн засаг дарга нарт эрхийг нь шилжүүлсэн.Тодруулж хэлбэл 2018 онд улсын төсөвт нийт 500 гаруй төсөл арга хэмжээ тавигдсанаас он дамжин үргэлжилсэн болон шинээр төлөвлөгдсөн 340 гаруй төсөл арга хэмжээнд манай байгууллага хяналт тавьж ажилласнаас 240 орчим төсөл арга хэмжээг ашиглалтад амжилттай оруулсан. Ингээд 2019 оны Улсын төсөвт батлагдсан 147 төсөл арга хэмжээ, нийт 247 төсөл арга хэмжээ төлөвлөгдөж ажилдаа ороод байна.
-Орон нутагт эрх нь шилжсэн төсөлд захиалагчийн техникийн хяналт хийх боломжтой юу?
-Төсвийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 /Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй./ дэх заалтын дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нар аймаг, нийслэлийн засаг даргад эрхээ шилжүүлсэн ч хариуцлага хүлээсэн хэвээрээ байна, мөн эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээнүүдэд хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нар бидэнд өгсөн. Ер нь барилгын байгууламжийн техникийн хяналтыг одоо үед зөвлөн туслах үйлчилгээ гэж ойлгож болох бөгөөд зөвлөн туслах үйлчилгээг тогтмол хэрэгжүүлснээр төслийг алдаа зөрчилгүй гүйцэтгэх, цаашдаа шинэ технологи, шийдлийг хурдан нэвтрүүлж ажиллах боломжтой. Бидний үйлчилгээ бол Барилгын тухай хууль, Захиалагчийн дүрмийн холбогдох заалтын хүрээнд яамдын захиалагчийн хяналтыг гэрээний үндсэн дээр цогц байдлаар гүйцэтгэж, захиалагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажилладаг.
- Захиалагчийн техникийн хяналт хийж байхад барилга угсралтын явцад ямар нийтлэг зөрчил илэрдэг вэ?
- Хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүй барилга угсралтын явцад нийтлэг зөрчлүүд илэрсээр байна. Улаанбаатарын барилгажилт шигүү, хүн амын нягтаршил ихэссэнээр барилгын түр хашаа татах, бараа материал бэлтгэх талбай хомстох, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээгүүр ачаа тээвэрлэх, осол гэмтэл гаргах үзэгдэл буурахгүй байгаа. Орон нутагт төсөл арга хэмжээ хэрэгжүүлэгч компаниудын хөдөлмөрийн зохион байгуулалт муу, ажилчдын ур чадвар дутмаг байдал нь барилга угсралтын ажилд технологийн алдаа гаргах, зураг төслийг дураар өөрчлөх зөрчлүүд ажиглагддаг.
- Гадаадын хөрөнгө оруулалтаар босч байгаа барилга, дотоодын компанийн хөрөнгөөр босч байгаа барилга хоёрын хоорондын нэлээд ялгаатай санагддаг?
- Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдэд зөвлөхийн баг, төслийн нэгж, хөндлөнгийн хяналтын байгууллагатай байдгаараа олон давхар хяналт дор ажлын чанар сайжирч, зөрчил дутагдал гарах нь бага. Гэтэл эсрэгээрээ дотоодын хөрөнгө оруулалттай төсөл арга хэмжээнд хяналт тавих байгууллага, шат дамжлагыг цөөлөх нэрийдлээр хяналтыг сулруулсан нь барилгын ажилд илрэх зөрчил, дутагдал буурахгүй, үйлдвэрлэлийн осол, гэмтэл буурахгүй байхын үндэс болсон. Мөн нийслэл болон орон нутагт барилгын үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдсан асуудал, гаргасан зөрчлүүд ялгаатай. Тухайлбал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй барилга байгууламж дээр илэрдэг нийтлэг алдаа, зөрчил нь гүйцэтгэгч компаниудын хайхрамжгүй үйлдэл, ажлын зохион байгуулалт муу, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагууд зөрчигдсөнөөс шалтгаалдаг.
Өөрөөр хэлбэл хүнд даацын тээврийн хэрэгслийг хотын төв замаар 22.00-07.00 цаг хүртэл явахыг зөвшөөрдөг тул шөнийн цагаар бетон цутгалтын ажил, бараа материалын тээвэрлэлт хийгдэх, тэдгээртэй холбоотой угсралтын ажлууд гүйцэтгэх, ингэснээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдөх, талбайн гэрэлтүүлэг муу, ажлын буруу зохион байгуулалтаас үүдэлтэй зөрчлүүд ихээр гардаг-Зөрчил дутагдал гэхээр багагүй ярих байх. Энэ болгоныг арилгуулахаар ч ажиллаж байгаа. Харин барилга угсралтын явцад бусдад жишиг болохоор компани хэр байдаг вэ?
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тэдгээрийг хэрхэн хангаж ажиллахаас гүйцэтгэгч байгууллагын удирдлагын хүн чанарын илэрхийлэл харагддаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж байгаа бусдад жишиг болохуйц барилга угсралтын компаниуд бий. Талбайд түр үйл ажиллагаа явуулж байгаа ч ширхэг чихрийн цаасны хоггүй, татсан тамхины ишгүй, мөн барилгын хашаан дотроо мод тарьж зүлэгжүүлсэн барилга ч байна. Мэдээж барилгын ажил дуусах үед нь дараагийн шатны ашиглагч байгууллага нь тохижуулж өгсөн талбайг нь арчилж хамгаалаад явахаар зорилго тавьсан компаниуд байдаг. Талбайн эмх цэгц, ажилчдын хувцас хэрэгслийн хангалт, ажилчдын мэдлэг чадвар бүгд цогцолсон байдал барилга угсралтын компанийн удирдлагын арга барилаас шууд хамаардаг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын төсөл хөтөлбөр, жишиг болохоор барилгын үйлдвэрлэлийн талбай олон, тэдгээрээс монгол инженерүүд маш сайн суралцаж байна. Жишээлбэл Оюутолгойн уурхай ямар жишиг болохуйц ажилладаг билээ. Дээр нь гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа барилгууд, Жайкагийн төслөөр хэрэгжиж буй сургуулийн барилга, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд баригдаж байгаа долоон сургууль гэх мэт үлгэр жишээ барилга угсралтыг нэрлэж болохоор байна. Эдгээр барилгууд бүгд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж жишиг болохуйц барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг өндөр түвшинд хэрэгжүүлж ажилладаг.
- Барилгын хяналт хэр сайжирсан гэж та үзэж байгаа вэ. Нэг үгээр хэлбэл та өөрийнхөө ажлыг дүгнэвэл?
- Өөрийн ажил гэхээсээ илүүтэйгээр манай байгууллагын барилга байгууламжийн хяналтын ажил нэлээд сайжирсан гэж хэлмээр байна. Түүнийг дагаад хяналтын багаж хэрэгсэл, унаа, мэдлэгт шаардлагатай хууль, БНбД-ээр бүрэн хангагдаж барилгын угсралтын ажилд ашиглаж байна. Технологийн хөгжлийг дагаад барилгад хэрэглэж буй бараа, материалын чанарт дэвшил гарсан. Жишээлбэл Бетон зуурмагийг зориулалтын машинаар тээвэрлэж барилгын талбайд авчрах, барилгад шахуургаар бетон цутгах ажил 15 жилийн өмнө хэрэглээнд нэвтрээгүй байсан бол одоо бол төвлөрсөн бетон зуурмагийн үйлдвэрт бетоноо зууруулаад, зориулалтын машинаар тээвэрлэж авчирч зориулалтын шахуургаар нь шахдаг болсон. Нийслэл хот, томоохон аймгуудад бүрэн нэвтэрсэн хэдий ч алслагдсан сум суурин, зарим аймгуудад уламжлалт бетон хийцээ бэлдсэн хэвээр. Гэхдээ энэ байдал нэг их удаан үргэлжлэхгүй байх.
- Барилгын салбарыг нийт массаар нь авч үзвэл хэр шатанд яваа бэ. Гадны ойролцоох улстай жишвэл?
- Яг жишиж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ монголын барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа арга, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, зохион байгуулалтын байдал БНСУ-ын 1980-аад оны түвшинд байгаа. Үүнийг Солонгосын барилгынхан ч хэлдэг. Солонгосын барилгын түүх, манайхны судалгаанаас ч харж болно. Тэгэхээр бидний барилга угсралтын технологи хуучнаар ЗХУ-ын норм, стандарт, арга барилд тулгуурласан байсан бол өнөө үед хөгжингүй орнуудад төгсөж ирсэн инженер, гадны улсад ажиллаж байгаад ирсэн мэргэжилтэй ажилчид, тэдгээр улсаас импортолсон технологи, тоног төхөөрөмжүүд ихээр ашиглагдаж барилгын үйлдвэрлэлийг дараагийн шатанд аваачихад нэлээд тус нэмэр болно.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй барилгын салбарт хатуу шүүмжлэлтэй яригдсаар ирсэн. Сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй байдал хэр хангагдаж байна?
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /...., аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна./ дахь заалтын хүрээнд тодорхой зардлыг төсөвлөж ажиллах үүрэгтэй. Гэтэл гүйцэтгэгч компаниудын удирдлагууд энэ асуудалд маш хайхрамжгүй ханддаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэдэг осол гарсны дараа бус осол гарахаах урьдчилан сэргийлэхэд зориулагдсан хөрөнгө оруулалт. Барилгын түр хашаа хайс, хамгаалалтын тор, бэхэлгээ, аюулгүйн санамж тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэхгүй, тэдгээрийн талаар сургалтад хамрагдалгүй үлдсээр байна. Бид эдгээрийг ажил эхлэх үед бүрэн гүйцэд хангуулах, ажлын явцад давтан болон мэргэшүүлэн сургахад хамтран ажиллаж, зөвлөн тусалсаар ирлээ.
- Барилга байгууламж чанаргүй баригдах шалтгаануудын нэг нь барилгын материалтай холбож тайлбарладаг. Энэ байдал дээр яаж хяналт тавьдаг вэ?
- Улаанбаатар хот, томоохон аймгуудад даацын үндсэн бүтээцийн чанарт дэвшил гарч байгаа талаар дээр дурьдсан. Харин гар аргаар даацын үндсэн бүтээцийг боловсруулж байгаа газар, түүнчлэн түгээмэл тархацтай ашигч малтмалын нөөц хомс бүсэд даацын үндсэн бүтээцийн чанарыг сайжруулах ажил удаашралтай байна. Тиймээс тухайн бүс, нутагт үйл баригдаж буй барилга байгууламжийн материалын чанар, бат бэхэд манай төвийн инженерүүд, аймгуудын хяналтын инженер болон лабораториудтай хамтран хяналт тавьж ажилладаг. Үүний хүрээнд тухайн орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга дайрга элс хүрмэн чулуу тэдгээрийн ордууд дээр түшиглээд бетон зуурмаг болоод өргийн зуурмагийг зохистой найрлагийг тогтоох, тухайн аймгийн барилгын материалын лабораторид тогтмол шинжилгээнд хамруулах, барилгын бат бэх цаашлаад чанарт ахиц гаргахаар ажиллаж байна.
- Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори аймгуудад хэр хүрэлцээтэй байдаг вэ?
- 21 аймаг бүрэн лабораторжуулж амжаагүй байна. Ихэнх аймгууд ын лабораториуд даацын үндсэн бүтээцийн бат бэх, зуурмагийн зохистой найрлагыг тогтоох боломжтой бөгөөд лаборантуудаа БХБЯ-ны дэргэдэх Барилгын материалын сорилт шинжилгээний төв лабораторид ажиллуулж, дадлагажуулах ажлыг тогтмол хэрэгжүүлдэг. Орон нутгийн барилга угсралтын байгууллагууд өөрсдөө барилгын материал, бүтээц эдлэлээ лабораторийн шинжилгээнд тогтмол хамруулдаг болсноор бидний хяналт гүйцэтгэхэд илүү хялбар болох боломжтой.
- Барилгын хашаа руу ороход л захиалагчийн хяналтын инженерийн ажил эхэлдэг. Барилга угсралтын талбайд захиалагчийн инженерт ямар нэгэн хязгаарлагдах зүйл байдаг уу?
- Захиалагчийн хяналтын инженерийн ажил тухайн барилгын ажлын гэрээ байгуулагдсанаар эхэлж, хашаа руу орсноор барилгын ажилд биет байдлаар шууд үзлэг хяналт явагддаг. Ер нь барилгын ажил явагдаж байгаа орчин нийтэд илэрхий, мэдээлэл тод байх ёстой. Хяналтын инженер хууль, БНбД, БД, стандартын хүрээнд хяналт гүйцэтгэдэг.
- Улсын хэмжээнд захиалагчийн хяналт тавьдаг ганц байгууллага нь Барилгын хөгжлийн төв. Тэгэхээр танай хэлтсийн инженерүүд хэр хүрэлцээтэй байдаг вэ. Мөн мэдлэг чадварын хувьд ч тодруулж асууж байна?
- Инженерүүдийн мэдлэг чадавхийн шаардлагыг 2017 онд шинээр батлагдсан захиалагчийн дүрэм, 2018 онд батлагдсан зөвлөх үйлчилгээний дүрмүүд дээр маш тодорхой заасан байдаг. Хяналт, мөн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн инженерүүд 5-аас доошгүй жил ажилласан, мэргэшлийн зэрэгтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл 5 хүртэл жил ажиллаагүй инженер барилгын ажилд шууд хяналт тавихгүй, харин инженер төгссөнөөсөө хойш 5 хүртэл жил барилгын үйлдвэрлэлд ажиллаж, туршлага мэдлэгээ хуримтлуулах үүрэгтэй. Бидний хувьд ч ажилтнуудынхаа мэдлэг чадвар мэргэшилд анхаарч, инженерүүдээ байнгын сургалтад хамруулж, чадавхижуулдаг.
Сэтгэгдэл бичих