Хот гэж чухамдаа яг юу вэ. Хэрэв "Google"-ээс хайвал метрополитан, урбанизацион, тогтвортой хөгжил, дэд бүтэц, газрын менежмент, орон сууц, нийтийн тээвэр, усан хангамж, хогийг дахин боловсруулах, үйлдвэрлэл, худалдаа, бизнес, технологи, шинжлэх ухаан, хөрөнгийн бирж гэх мэт унших асар олон сэдэв бий. Зоос хоёр талтай байдаг шиг хотжилтын сүүдэр гэдэг сэдвээс дээр дурдсан хүн төрөлхтний бүх ололт амжилтын хар бараан талыг нь ч зэрэгцүүлээд уншиж болно.
Харьцуулаад харвал, хөгжиж буй орны хотуудад бетон ширэнгэ, замын түгжрэл, ногоон байгууламж, агаарын бохирдол, усны хангамж, хог хаягдал, хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалсан эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүрэлцээгүй байдал, ажлын байрны хомсдол зэрэг нийтлэг бэрхшээлүүд тулгамддаг. Гагцхүү суурь асуудлуудаа шийдэхэд эхлээд төр нь оношоо зөв тодорхойлох, дараа нь эмчилгээний оновчтой, зөв бодлого боловсруулах нь чухал. Гэвч шийдэл байлаа гээд түүнийг хэрэгжүүлэх мөнгө, санхүү үгүй бол хоосон яриа, цаасан дээрх төсөл л болж үлддэг. Хүн элбэг хангалуун, сайхан амьдрахыг хүсээд, түүндээ хүрэхээ мэдээд байгаа хэрнэ мөнгө л дутаад байдагтай агаар нэг. Агуу жанжин байлаа ч цэргүүдээ хооллох мөнгөгүй бол дайнд ялдаггүй.
Төрийн алдаатай бодлого, нийслэлийн үе үеийн удирдлагуудын газрын наймаа, сэтгэлгүй байдлаас болж үүссэн замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг Улаанбаатарын ужиг өвчлөлийн эмчилгээнд өнөөдөр мөн л хөрөнгө мөнгө дутаж байгаа нь нууц биш.
Тэгвэл дэлхийн олон хотууд бонд босгох замаар нийгмийн төслүүдийг санхүүжүүлж, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж ирсэн туршлага бий.
Хонгконг
Хонгконг хот 2019 оноос хойш нийт 19 тэрбум ам.долларын бонд босгож нийгмийн төслүүдээ санхүүжүүлжээ. Хотын удирдлагууд хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сард Азийн хотуудын түүхэнд байгаагүй өндөр дүнтэй буюу 5.75 тэрбум ам.долларын үнэт цаас гаргасан. Уг бондын эх үүсвэрээр 7.3 сая хүн амтай тус хот сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах төслүүдийг санхүүжүүлжээ. Мөн ногоон бизнесүүдэд гарааны хөрөнгө оруулалт хийх зэргээр 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй болох зорилгодоо уялдсан төслүүдийг хөдөлгөсөн байдаг.
Лондон
Лондон хот замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг шүдний өвчин болсон асуудлуудаа бондын эх үүсвэрээр санхүүжүүлж шийдсэн түүхтэй. Лондон хот 2003 онд “Congestion Pricing Zone” буюу хувийн автомашинаар зорчихдоо төлбөр төлдөг бүсийг бий болгосон. Иргэд өглөөний 07:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хязгаарлалтын бүсэд хувийн автомашинаар зорчиход 15 фунт стерлинг төлдөг. Төлбөрөө төлөөгүй бол 65-195 фунт стерлингээр торгуулдаг. Нөгөө талд, эдийн засгийн аргаар ийнхүү жолооч нарыг машинаа орхихыг шахахтай зэрэгцэн төлбөртэй бүсээс хуримтлуулсан эх үүсвэр болон төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн сүлжээг өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Гэвч түгжрэлий төлбөр болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхэд хэт өндөр зардалтай байсан тул 2005 онд анхны 200 сая фунт стерлингийн бондыг гаргаж байв. Лондон хот өнгөрсөн хугацаанд зөвхөн нийтийг тээврийн төслүүдийг санхүүжүүлэхэд 3.1 тэрбум фунт стерлингийн бонд гаргасан байна. Хамгийн сүүлд, 2015 онд 500 сая фунт стерлингийн үнэт цаас арилжаалж метроны хүчин чадлыг нэмэгдүүлэх, метроны буудлуудыг өргөтгөх, автобусны парк шинэчлэл, дугуйн замууд байгуулах төслүүдийг хэрэгжүүлжээ. Тухайн үед Лондон хотын иргэд эдгээр арга хэмжээг эсэргүүцэж, томоохон жагсаалууд зохион байгуулж хотын удирдлагуудыг шүүхэд өгч байв.
Лондон хотын үе үеийн удирдлагууд аль нам байхаас үл хамааран Кен Ливингстоны эхлүүлсэн уг ажлыг үргэлжлүүлж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж явсны үр дүнд замын хөдөлгөөний ачааллыг 25 хувиар бууруулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, ийм шийдлээр Лондон хот зам дээр бөглөгч байсан дөрвөн жолооч тутмын нэгийг нь машинаа хаяж, нийтийн тээврээр зорчдог болгожээ. Мөн унадаг дугуйн замууд сайжирснаар дугуй унаж ажилдаа явдаг хүмүүсийн тоо 66 хувь өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулснаар автобус, метро хүлээх цаг 25 хувиар багассан гэх үр дүнд хүрсэн байдаг.
Нөгөө талд, урт хугацааны бодлого, хөгжлийн төлөвлөлт хийгээгүй атлаа гэнэт орж ирсэн мөнгийг баахан тооцоогүй төсөлд зараад, үхмэл том барилгууд босгоод модоо барьсан жишээ цөөнгүй.
Тухайлбал, Шри-Ланка улс 2010 онд БНХАУ-ын 1.12 тэрбум ам.долларын зээлээр жилд 1.8 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай асар том Хамбантота боомтыг байгуулж, XXI зууны далайн Торгоны замын төв, Азийн бар улс болох амбиц зарлаж байв. Харамсалтай нь, уг боомт болон бусад мега төслүүдэд зориулж авсан зээл нь үе үеийн эрх баригчдын сонгууль угтсан халамж, тойргын усалгаа, авлигад зарцуулагдаж үгүй болсон байдаг. Улмаар тус улс 2019 онд агаарын тээврийн эрэлтээс хэт давсан нүсэр нисэх буудал, хэнд ч хэрэггүй том хурлын өрөөнүүдээр дүүрэн Хамбантота боомтоо БНХАУ-ын зээлийн өрөнд 99 жилийн хугацаатай түрээслүүлж, Засгийн газар нь 2022 дөрөвдүгээр сард гадаад өрийн эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрснээр дефолт зарласан түүхтэй.
Харин манай улс 2000-аад оны сүүлээр хөгжлийн бодлогоо тодорхойлж чадаагүй байхдаа уул уурхайгаас асар их мөнгөтэй болж байв. Хэвий олон амжилттай төслүүдийг хэрэгжүүлсэн ч түүнчтэй ижил хэмжээний олон төсөл, хөтөлбөр цаасан дээрх зураг төсөл хэвээр үлдсэн.
Гэвч Манай улсын хүн ам, нийт өрхийн тал хувь нь Нийслэл хотод аж төрж байна. Монгол Улсын хүн амын ердийн цэвэр өсөлт 1990 оноос хойш жилд дунджаар 1.49 хувь өсөж, хүн амын тоо 1.3 саяар нэмэгдсэн. Нөгөө талд, Улаанбаатар хотын хүн амын өсөлт үүнээс 2.2 дахин хурдан явагдаж, нийслэлийн хүн амын тоо 1.1 саяар өсчээ. Малаа зарж, хөдөөгөөс хотыг зорих нүүдэл цаашид ч улам нэмэгдэнэ. Тиймээс гар татаж суухаас илүүтэй зоригтой алхам хийж, өмнөх алдааг давтахгүй босгосон мөнгөөрөө нийгмийн асуудлуудаа шийдэж явах зайлшгүй шаардлага бий.
Хот асуудлаа шийдэх "шинэ мөнгө" босгоно
Тэгвэл Засгийн газар өнгөрсөн сард Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлд дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах зөвшөөрөл олгосон. Ийнхүү Нийслэл түүхэндээ анх удаа бонд гаргахаар зэхэж байна.
Гэхдээ 2024 оны сонгуулийн өмнө Нийслэл татвар төлөгчдийн мөнгийг барьцаалж өрийн бичиг гаргахаар болсон нь олон эргэлзээ, асуултыг дагуулж буй.
Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн манай редакцид өгсөн ярилцлагадаа бондын эх үүсвэрээр нийтийн тээврийн парк шинэчлэл, шинэ тойрог зам, Сэлбэ сэргэлт, хөгжлийн корпорацын шугамаар хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх талаар мэдээлсэн. Мөн улсын төсвөөр он дамжин хийгдэж буй нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд бондоор санхүүжүүлэх төслийн жагсаалтыг НИТХ-аар хэлэлцэн батлах юм. Тиймээс мөнгөтэй болох нэг хэрэг ч мөнгөө хийх төслүүд нь амжилттай хэрэгжих эсэх нь хотын удирдлагуудаас өөрсдөөс нь шалтаална. Түүнчлэн нийслэл бонд гаргаж, тулгамдсан асуудлуудаа бие даан шийдэж байгаа нь Улаанбаатар хотын түүхийн хувьд шинэ эхлэл, шинэ хуудас юм. Тиймээс дотоодын зах зээлд гаргах анхны бондын эх үүсвэрээр санхүүжүүлсэн төслүүдийг амжилттай авч явах нь алсдаа гадаадын зах зээлээс мөнгө босгох эхлэл болж, метро зэрэг илүү далайцтай ажлуудаа хөдөлгөх ирээдүйг дуудах биз ээ.
Сэтгэгдэл бичих