» » Хотод хагас их наядын бонд хэрэгтэй юу?

Хотод хагас их наядын бонд хэрэгтэй юу?

Улаанбаатар хот эрх зүйн хувьд бие дааж, тулгамдсан асуудлаа өөрөө шийддэг болох нэг шийдэл нь бонд гаргаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ бүрдүүлэх гэж үзэж байна.



Нийслэлийн удирдлагууд 500 тэрбум төгрөг буюу хагас их наядын “Улаанбаатар бонд” гаргах гэж байна. Бонд гаргахад шаардлагатай хууль эрх зүйн орчноо бүрдүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авсан тул тун удахгүй 500 их наяд төгрөгийн бондыг олон нийтэд санал болгоно гэсэн үг. Хотын бондыг хэд хэдэн үе шаттайгаар гаргах бөгөөд эхний ээлжинд хоёр жилийн хугацаатай 277 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байна.
Тэгвэл хотод хагас их наядын бондын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу? Энэ мөнгөө юунд зарцуулж, хэрхэн эргэн төлөх вэ гэдэг нь  анхаарал татаж байна.
Энэ талаар хотын удирдлагуудаас тодруулахад:
“Хот өөрөө санхүүжилтээ босгож, тулгамдсан асуудлаа шийддэг болох”-ын төлөө зорьж байна гэх тайлбар өгдөг.
Товчоор хэлбэл, Монгол улсын хүн амын  тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын удирдлага үеийн үед өөрсдийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрхгүй явж ирсэн. Төсөв мөнгө, бүтээн байгуулалтын ажил нь улсын төсвөөс шууд хамаарч, УИХ, ЗГ-ын гарыг харж, аяыг нь дагаж ирсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын олон тулгамдсан асуудлыг үүсгэсэн нэг суурь шалтгаан байв. Иймээс цаашид Улаанбаатар хот эрх зүйн хувьд бие дааж, тулгамдсан асуудлаа өөрөө шийддэг болох нэг шийдэл нь бонд гаргаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ бүрдүүлэх гэж үзэж байна. 
Б.Лхагвадорж: Улаанбаатар хотын бондыг төсвийн орлогоос эргэн төлөх тул эрсдэлгүй ангилалд орно
Улаанбаатар хот хоёр их наяд төгрөгийн орлоготой том айл. Улсын төсөвт жилд 300-400 тэрбум төгрөг төвлөрүүлдэг боловч яг Улаанбаатар хотдоо шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх хөрөнгө мөнгө жилийн жилд хомсдолтой явж ирсэн. Тэгэхээр Улаанбаатар хотын бонд энэ бэрхшээлийг шийдэх гол гарц гэж харж байна. Компанийн үнэт цаас бол тухайн компанийг өргөжин тэлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхэд зарцуулагддаг бол хотын бонд Улаанбаатар хотын 1.6 сая иргэний амьдрах орчинг сайжруулахад ач холбогдолтой гэж “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж онцолж байна. 


Улаанбаатар бонд нь Засгийн газрын бондтой ижил түвшинд биш боловч компанийн бондоос эрсдэлийн түвшин багатай. Бондын эргэн төлөлтийг улс болон нийслэлийн төсвөөс эргэн төлөх бөгөөд нийслэл хот санхүүгийн хувьд жилээс жилд улам чадавхжиж байгаа учраас бондын эргэн төлөлт дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй гэлээ.
Д.Сумъяабазар: Хятадаас хагас коксжуулсан нүүрс авахгүй, 177 тэрбум төгрөгийг нь орон сууцны төсөлд зарцуулна 
Харин нийслэл 500 тэрбум төгрөгийн “Улаанбаатар” бондын хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах вэ? Энэ тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. 
Тодруулбал: 
  • Сэлбэ сэргэлт төсөлд - 150 тэрбум
  • Агаарын бохирдол бууруулах болон орон сууцны төсөлд - 177,5 тэрбум
  • Сургууль цэцэрлэгт - 100 тэрбум 
  • Дэд бүтэц, аж үйлдвэрийн парк - 30 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөж байна. 


Нэг үеэ бодвол хот хууль эрх зүйн хувьд бие дааж, өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй болж эхэллээ. Ингэснээр агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой болно гэж албаныхан мэдээлдэг. Харин иргэдийн хувьд тэднээс хоосон амлалт биш, бодит өөрчлөлт, үр дүн хүлээж байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хот бонд гаргана

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын бондоор тогтвортой

Д.Даянбилгүүн: Улаанбаатар хотын бондын эрэлт өндөр байна

Ж.Сандагсүрэн: Хот бонд гаргаснаар том асуудлуудаа

Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав

Тэтгэврийн зээлийг “Эрдэнэс” бондоор санхүүжүүлэх гэрээг

Сэтгэгдэл бичих