
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Ц.Идэрбат нар холбогдох яамдын албан тушаалтнуудаас асуултад хариулт авч, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ "Бүх зүйлийг цар тахал, дайн руу чихэж болохгүй. ХНХЯ-нд ажлаа сайн мэддэг боловсон хүчин бий. Богино хугацаанд ажилласан ч би өнгөрсөн хугацаанд сайд, дэд сайдын ажлынхаа гүн рүү ороогүй, "илээд" өнгөрсөн. Сошиал сурталчилгаанд нэлээн мөнгө зарцуулсан гэдгийг нь харсан. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагын мэдээллийн санд байхгүй 26 мянган айл бий. Үүнд ХНХЯ-ны 920 хүн тэдэнд тусалъя, дэмжье гэж байгаа юм.

Махан хоол идэхийн тулд сургуульдаа явж байгаа хүүхэд байна шүү дээ. Хэдэн ахмад, хүүхэд голоо зогоож амьдарч байгааг газар дээр нь очоод үз. Ул гэдэг үг хэрэглэдэггүй гээд дэд сайд нь ярьж байгаа ч яамны ажилтнууд нь "2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж байгаа. Судалгаанд ашигласан" гэдгийг хэд хэдэн дарга ч хэлж байна. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс биш үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй, харин ч үнэнийг хэлсэнд баярлах ёстой. Учир нь айлуудын амьдарч буй нөхцөл байдалтай танилцаж шугамаас доогуур байгаа айлуудыгаа арга буюу ингэж нэрлэхэд хүрсэн. Ийм түвшинд оччихоод байхад энэ үгийг төрийн түвшинд хүргэхгүй, өөрсдөө ч очихгүй, үгээр хөөцөлдөөд явж байна.

1.3 тэрбум хүнтэй БНХАУ ядуурлаа устгачихсан. Бидэнд боломж бий. 2023 онд 100 тэрбум төгрөгийн боломж бий. Мянгаар нь, 10 мянга, 100 мянга, сая саяар нь ядуурлаас гаргах боломж бий. Тооцоо судалгаа гаргаад, яг зориулалтаар нь зарцуулахад ядуурлыг арилгах боломж Монгол Улсад бий. Асуудлыг дайн, ковид руу түлхэх хэрэггүй. Гагцхүү сэтгэл гаргаж, манлайлж удирдаж, мэргэжлийн хүмүүсээ сонсох хэрэгтэй. Үг хөөхөөр үхэр хөө. Мэдээллийн санд байхгүй, голоо зогоож амьдардаг 26 мянган хүний асуудлыг шийд" гэлээ.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл бичих