Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарсан. Үүний дагуу 30 сая төгрөгийн шагналын сантай зураг төслийн уралдааныг тавдугаар сарын 11-ийг хүртэл зарлаад байсан. Зарлагдсан хугацаанд нийт 28 зураг төсөл ирсэнийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас Улаанбаатар банкны хоёр давхрын танхимд нээлттэйгээр дэлгэсэн байна.
Энэхүү зураг төслүүдтэй иргэд нээлттэй танилцаж саналаа өгч болох юм. Өнөөдөр зураг төслийг нээлттэй танилцуулж эхэлсэнтэй холбогдуулан хуучин “Урт цагаан” төвийг түрээсэлж байсан түрээслэгчид ирж танилцаж, санал бодлоо хэлж байлаа.
“Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн түрээслэгч С.Эрдэнэчимэг:
Урт цагаан төвийн байрнаас 10 жил түрээслэж амьдарсан. Өмнө нь ерөөсөө ийм халамж, анхаарал хүртэж байгаагүй. Анх удаа дээрээ төртэй юм шиг сайхан сэтгэгдэл төрж байна.
- “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг бид хараад зогсож байна. Урт цагааны үйл ажиллагааг зогсоож байхад ийм дүр зураг төсөөлөгдөж байв уу?
Урт цагааныг буулгана, дахин төлөвлөнө гэж ярьж байхад түрээслэгчид бид итгэхгүй байсан. Урт цагаан бол хотын А зэрэглэлийн бүс юм чинь ямар нэгэн ашиг сонирхол орж, том зочид буудал ч юм уу баригдах байх гэж бодож байлаа. Бид ингээд ажлын байргүй болоод арчигдлаа гэсэн бодолтой байсан. Гэтэл урт цагааныг шинэчлээд барих зураг төсөл нь бодитоор гарч ирээд, тэнд байсан түрээслэгчдийг нь орхилгүй өмнө нь түрээслэж байсанаас хямд өртөгөөр ажлын байраар хангаж байгаад баяртай байгаа. Улсын халамжид бойжиж байгаа хүүхдүүд шиг сайхан санагдаж байна.
- Урт цагааны байранд хэдэн жил бизнес эрхэлсэн бэ. Ямар нөхцөл байдалтай байв?
Урт цагаан төвийн байрнаас 10 жил түрээслэж амьдарсан. Өмнө нь ерөөсөө ийм халамж, анхаарал хүртэж байгаагүй. Анх удаа дээрээ төртэй юм шиг сэтгэгдэл төрж байна. Урт цагаан бол элэгдээд муудчихсан. Дусаал дусдаг, оёдол хийгээд сууж байхад дээрээс шавар нурж унадаг. Тэр битгий хэл дээрээс хулгана унаж ирж байсан. Хүмүүс мэдэхгүй байсан биз. Дотроо тийм л нөхцөлд бид ажиллаж байлаа. Урт цагааны түрээслэгчид бүгд мэднэ. Үүнийг шинэчилж байгаа нь маш зөв асуудал.
- Аль зураг төсөл нь танд илүү их таалагдаж байна?
Энэ зураг төслүүдийн аль нэг нь баригдах байх. Аль ч байсан үнэхээр сайхан зураг төслүүд байна. Бүгд л таалагдаж байна.
Нийтийг хамруулж иргэдийн саналыг авч шалгаруулж байгаа нь бас маш их таалагдаж байгаа. Аль нэгийг нь сонгоод саналаа өгнө өө.
Ахуй үйлчилгээ бол усдах ёсгүй салбар. Ард түмний амьдрал ахуйд маш хэрэгтэй. Санхүүгийн хувьд хэмнэлттэй, өмсөж байгаа хувцас гутлын насжилтыг уртасгадаг. Нүдэнд харагдахгүйгээр хувь хүний амьдралд санхүүгийн хувьд маш их хэмнэлт гаргаж байдаг салбар юм.
- Та одоо хаана ажлаа үргэлжлүүлж байна?
Би цүнх засвар ажиллуулдаг. Урт цагааны үйл ажиллагааг зогсоож байхад Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас бидэнд түрээслүүлж байгаа Улаанбаатар банкны нэг давхрын талбайгаас түрээслээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас зарим зүйлийг тодрууллаа.
Ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд иргэдийн саналыг авч дуусаад эхний гурван байрыг шалгаруулах хуулийн хугацаатай.
- “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд хичнээн бүтээлүүд ирсэн бэ?
Бид шилдэг санаа концепцийн уралдааныг 14 хоногийн хугацаанд уран бүтээлчид болон мэргэжлийн байгууллага, оюутан сурагчид, эрдэмтэн багш нарын дунд нээлттэй зарласан. Үүний үр дүнд 28 ширхэг маш сайхан зураг төсөл, уран бүтээлийн санаанууд ирлээ. Урд нь нийслэлээс зохион байгуулж байсан ийм төрлийн уралдаануудыг бодвол олон ирсэн байна. Өмнө нь 6, 7 бүтээл ирдэг байсан бол одоо 28 ирсэн энэ идэвх санаачилгаас харахад “Урт цагаан” төвийг Улаанбаатарчууд маань шинэчлэх зайлшгүй шаардлагатай болчихжээ гэдэг нь харагдаж байна.
Улаанбаатар хотын нийт иргэдэд нээлттэй танилцуулгын танхим нээлттэй байна. Мөн ”Урт цагаан төв”-д олон жил түрээсээр сууж ажил амьдралаа залгуулж байсан иргэд маань ирээд бүтээлүүдтэй танилцаад, аль нэгэнд нь саналаа өгнө гэсэн өндөр сэтгэгдэлтэй явж байна.
- Уралдааны гол шалгуур үзүүлэлт нь юу байв?
Энэ гудамж бол жуулчны гудамж учир жуулчдыг татах, үндэсний хэв шинжийг агуулсан, авто зогсоол, ногоон байгууламжийг хангалттай төлөвлөсөн байх ёстой гэсэн шалгуур байсан. Мөн Урт цагаан төвд гар урлал, бүтээл хийдэг ажлын байрыг ихээр бий болгох хэв шинжийг агуулах, зэрэг ажлын даалгавар өгч зарласан.
- Хэрхэн сонгон шалгаруулах вэ?
Зураг төслүүдтэй өөрийн биеэр ирээд танилцаж болно. Мөн цахимаар үзэж сонирхоод саналаа өгч болно. Хамгийн олон санал авсан гурван бүтээлийг шалгаруулаад НИТХ-аар оруулж эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгоно.
Ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд иргэдийн саналыг авч дуусаад эхний гурван байрыг шалгаруулах хуулийн хугацаатай. Шалгарсан бүтээлийг хэрэгжүүлэгч байгууллагатай төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ажлыг цааш нь үргэлжлүүлнэ.
- Хуучин “Урт цагаан” төвийн түрээслэгчид бүрэн гарсан уу?
Урт цагааны түрээслэгчдийн 70-80 хувь нь гараад Улаанбаатар банкны нэг, хоёрдугаар давхарт манай газартай гэрээ байгуулаад ажлаа үргэлжлүүлж байгаа.
Ирүүлсэн бүтээлүүдийг тавдугаар сарын 12,13,14,15,16,17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын www.uda.ub.gov.mn вэб сайтад байршуулж, олон нийтийн саналыг цахимаар авна. Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан комисс олон нийтийн саналын дүн, уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулах юм.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр
- Сонгол шалгаруулалт одоо ямар байдалтай үргэлжлэх вэ?
Төслийн сонгон шалгаруулалтын үйл явж иргэдэд нээлттэй байдлаар явагдана. Эдгээр бүтээлээ ирүүлсэн 28 уран бүтээлчид нийт 100 оноо авах ёстой. Үүний 20 хувийг иргэдийн саналаар бүрдүүлнэ. Бусад 80 хувийг ажлын хэсэг хуралдаад шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэж шалгаруулна. Шинэ техник технологийг нутагшуулсан байдаг, зураг төслийн бүрдлийн байдал гэх мэт нийт 4 шалгуур үзүүлэлтээр ажлын хэсгийн гишүүд саналаа өгнө.
Ирэх даваа гаригаас ажлын хэсгийг хуралдуулах төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд иргэдийн санал хүсэлтийг олон нийтийн сошиал хуудас болон цахим хуудсаар саналаа авах юм.
- Төслийн сонгон шалгаруулалтын хороо ямар шалгуур үзүүлэлтийг харах бол?
Урт цагаан бол жуулчны гудамжны бүрэлдэхүүн хэсгийн төв нь. Бид урт цагааныг цаашид төсөөлөхдөө аялал жуулчлалд ээлтэй, аюул осолгүй, амрах талбайтай байх ёстой гэж үзэж байгаа. Үүнээс гадна техник технологийн шийдлийг байгальд ээлтэй байдлаар үзүүлсэн байх шаардлага хангасан байх ёстой. Мөн түүхэн улбааг нь хадгалж үлдсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж газар ашиглалтын үр өгөөжтэй байдал, орчин тойрны явган, болон авто машины хөдөлгөөн хэрхэн зохицож уялдсан байдлыг мөн харна.
Эх сурвалж: Өглөө.мн
7184Full description:
Сэтгэгдэл бичих