Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр явуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр /2020.01.21/ боллоо. Хуралдааны эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 оны уул уурхай, эрдэс баялгийн салбарын статистик мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, 2019 онд уул уурхайн бүтээгдэхүүний ДНБ-нд эзлэх хувь нь 25 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 72 хувь, экспортын бүтээгдэхүүн 90-ийг төвлөрүүлж байгаа. Улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 2019 оны гүйцэтгэлээр 2,9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 20,1 их наяд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 13,7 их наяд төгрөг, нүүрс олборлолт 800 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. Салбарын үзүүлэлт сүүлийн хоёр жилийн хугацаанд өсөлттэй байгааг салбарын сайд нь онцоллоо.
2020 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2789 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Ашигт малтмалын салбарын тусгай зөвшөөрлийг өндөр хяналт дор, сонгон шалгаруулалтаар олгож байгаа аж.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Шатахууны үнийг барихтай холбоотой эрсдэлийн санг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Бид шатахууны үнийн ханшийг тогтвортой барих ёстой. Анх удаа Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд үүсмэл харилцаа нэвтрүүлж байна. Шатахууны үнэ бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг, ард иргэдийн нуруун дээр ачааны хүнд буудаг учраас үүсмэл харилцаагаар шатахууны үнийг барих эхний алхам амжилттай болсон. Импортлогч компаниуд шатахууны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд Засгийн газарт шахалт өгөх байдлаар ажилладаг байсан. Ийм зүйл байж болохгүй. Эрсдэлийн сан бол дэлхийд байдаг стандарт, Монголд анх удаа хийж байгаа учраас хардалт байх шиг байна. Яагаад өмнөх сайд нар энэ ажлыг хийдэггүй байсан юм бэ гэж их гайхаж байна. Шатахууны компаниудын шахалтад Монголын төр орно гэж байхгүй. Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийн худалдаа эрхлэх охин компани байгуулах шийдвэр гарсан. Энэ компани үнэ тогтворжуулах, олон улсын зах зээл дээрх хэлбэлзлээс үүдэхгүйгээр хангамжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм.
-Импортын шатахууны стандартыг Евро-5 стандартад нийцүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?
-Бид евро-5 стандартын талаар "Роснефть" компанитай удаа дараа хэлэлцээрт орж байна. Тус компани өөрийн боломжоор бүрэн нийлүүлж чадахгүй, хязгаарлалттай нийлүүлж байгаа юм. Бид евро-5 стандартын импортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ стандартыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэхдээ "Роснефть" компанийн хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа гэдгээ хэлсэн. Энэ сарын 23-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох албаныхан, импортлогчид "Роснефть" компанитай энэ жилийн нөөц, үнэ зэрэг хэлэлцээрээ хийх чиглэлтэй байгаа. Мөн хамтарсан компаниа байгуулах ажлаа яаравчилна.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах ажил ямар шатандаа явна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн бэлтгэл ажил маш сайн явж байгаа. Тодорхой мэдээллүүдийг ярьж болохгүй, олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зөвлөхүүдийн зөвлөмжүүдийн хүрээнд дотоод мэдээллийг санаатай болон санаатай бус байдлаар гаргасан нь биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох эрсдэл байгаа учраас мэдээлэл өгөх зааврыг танилцуулсан. Тухайн бирж гадны компаниудаас хөрөнгө босгож байгаа учраас бид мэдээллийг ярьж болохгүй байна. Ерөнхийд нь хэлэхэд маш сайн байгаа, сонгуулийн өмнө IPO гаргах нөхцөл бий болгох чиглэлээр ажиллаж байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ ханш бага зэрэг буурч байгаа учраас импорт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа ч одоогийн түвшнээ хадгалаад явна гэсэн мэдээллийг шинжээчид өгч буй юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нийт дүнгээр 2,2 тэрбум орчим төгрөг болсон. Нийт хувьцааны бүртгэл дуусч байна. 2017 оноос хойш өрөө тэглэж, ашигтай ажилласан нь уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр нэмэгдсэн таатай үетэй давхцсан нь тааламжтай нөхцөл. Өнгөрсөн жил тус компанийн ногдол ашгийг Зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалт буюу экспортыг дэмжсэн төсөл рүү оруулж, УИХ-д танилцуулсныг аж үйлдвэр, экспорт, эдийн засгаа нэмэгдүүлэхэд төмөр замын бүтээн байгуулалт чухал учраас шийдвэрүүд гаргасан, цаашид ч гаргаад явна. Бид цаашид БНХАУ-тай жилд 30 сая тонн нүүрс борлуулах зах зээлээ хамгаалсан шийдвэрээ саяхан гаргаад ирсэн. Эдгээр зүйлүүдтэй холбогдоод экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. 1072 хувьцаанд ногдол ашиг олгоно, олгохгүй гэж маргаан үүсээд буй. Мэдээж компани ашигтай ажиллаж байгаа учраас ногдол ашиг олгож болох эсэх тооцооллыг судлах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хоёрдугаар сарын 15-ны дотор тодорхой шийдвэр гаргана.
-УИХ-аас "Рио Тинто"-той Оюутолгойн гэрээний асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух чиглэл өгсөн. Салбарын яамны хувьд ямар бодлого баримталж, ямар ажил хийж байна вэ?
-Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тус тусын чиг үүрэгтэй бүх байгууллага ажиллаж байна. Ажлын хэсгийн хуралдаан болоогүй байгаа учраас ойрын хугацаанд хуралдуулах ёстой. Үүний дараа хэлэлцээрийн ширээнд суух чиглэлийн дагуу ажиллана.
-Өнгөрсөн онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ буурсан нь АМНАТ-тай холбоотой юу. Үүний цаана хууль бусаар хилээр алт гаргах асуудал нэмэгдэж байгаа юм биш биз дээ?
-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд хууль баталсан. Алтны АМНАТ-ыг 2,5-аар нь сунгаад өгөөч гэж УИХ-ын гишүүдээс маш их гуйсан. 30 хувиар буурсан. Цаашид бид нэмэгдэнэ гэж тооцож байсан. Популист маягийн шийдвэрүүд эдийн засагт урхагтай. Ялангуяа уул уурхайн салбарт. Алтны татвартаа бус алт тушаалт, хэмжээндээ байдаг. 16 тонн гэдэг нь 300 орчим сая ам.доллар алдаж байгаа юм. Эргээд үүнд хариуцлага тооцдоггүй. Нэр бүхий хэд хэдэн гишүүд л эсэргүүцсэн учраас тэднээс энэ мөнгийг нэхмээр байгаа юм. Төвбанкны 1990 оноос хойш явуулж ирсэн судалгааг үндэслэж, бид шийдвэрээ гаргасан. Алтны салбарт бодлого алдагдаж, 30 хувийн алдагдалтай байна. 2020 онд бид энэ дүнгээ буулгахгүйг хичээж ажиллаж байна. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийг зайлшгүй байгуулах шаардлагатай байгаа. Удахгүй энэ чиглэлээр хууль өргөн барина.
П.ГАНХҮҮ: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ АСУУДЛЫГ ЦАГААН САРААС ӨМНӨ ШИЙДНЭ
-Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийг тэглэхээр болсон. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ. Цагаа сарын баярын өмнө тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ойлгосон?
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.ГАНХҮҮ:
-Иргэдийн тэтгэврийн зээлийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн хэрэгжилтийг хангахаар холбогдох албаныхан хамтран ажиллаж байна. Цаг хугацааны хувьд Цагаан сараас өмнө шийдээд явна. Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг барьцаалж, бонд босгоно. Гэхдээ энэ бонд нь “Эрдэнэс Монгол” компанийн бонд юм. Салхитын мөнгөний ордын нөөц, борлуулалтын орлого, төсөөлөлтэй холбоотой маргаанууд гараад байгаатай холбогдуулан дахин нөөцийг тогтоох ажил хийгдэж байгаа, ойрын хугацаанд тодорхой болох байх. Мөн Салхитын мөнгөний ордын нийт лицензтэй талбай нь 2800 га. Цаашид хайгуулаа яаралтай хийж, нөөцөө нэмэгдүүлэх, баяжуулсан хүдрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн тооцоотой байна.
Ш.ЧИМЭГ
Сэтгэгдэл бичих