Улсын Филармонийн гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуянтай ярилцлаа.
-Хүмүүсийн зүрх сэтгэлийг догдлуулсан шинэ жилийн баяр энэ өдрүүдэд үргэлжилж байна. Таны хувьд телевизийн нэвтрүүлэг, тоглолт гээд завгүй байна уу?
-Тийм ээ, арванхоёрдугаар сар нэлээд ачаалалтай байдаг. Шинэ жилтэй холбоотой ажлын тоглолт, амины тоглолт, хамтран ажилладаг телевиз, байгууллагуудын шинэ жил гээд зарим гуйлтад үнэхээр амжихгүй л сууна.
-Өөрийг тань бага байхын хичээлээс илүүтэй урлаг соёл гээд алга болчихдог хүүхэд байсан гэж ойр дотныхон чинь ярьдаг. Яг хэзээнээс дуучин болно гэж шийдсэн бэ?
-Би цэцэрлэгт байхын дуулж хуурдах дуртай, авьяастай хүүхэд байсан. Дуулна, бүжиглэнэ, мандалин, ятга тоглоно. Цэцэрлэг, сургуулийнхаа бүхий л урлагийн номерт орно. Хамгийн анх зургаан настайдаа оролцсон урлагийн тэмцээнээс алтан медаль авсан гэрэл зураг одоо ч надад бий. Тэр цагаас хойш дуулах хүсэл тэмүүлэл ундарсан. Дуучин болно гэхэд аав, ээж хоёр минь ч маш их дэмждэг байсан.
Манай Баянхонгор аймагт улсдаа ганцад тооцогдох хүүхдийн “Тэмүжин” театр бий. Багадаа тус театрт сурч, уран бүтээлч болох сууриа маш сайн тавьсан гэж боддог. Яагаад гэхээр дуу, бүжиг, жүжгийн хичээл заалгадаг байлаа. Өөрөөр хэлбэл, энд өөрийгөө маш сайн задалж урлагт хөл тавих бэлтгэлээ базаасан юм шиг санагддаг.
Урлагийн хүн тэвчээртэй, тууштай байх ёстой гэдгийг “Тэмүжин” театрын уран бүтээлч ах, эгч нараасаа сурсан. Энэ театраас би СУИС-д заадаг бүх зүйлийг анхлан мэдэж авсан. Иймдээ ч СУИС-д суралцахад надад хэцүү, хүнд байгаагүй.
-Таныг маш их хичээл зүтгэлтэй хүүхэд байсан гэж дотныхон чинь хэлдэг юм билээ?
-Тийм шүү. Хамгийн гол нь энэ бүхэндээ чин сэтгэлээсээ дуртай байлаа. Хүн дургүй зүйлдээ бол хэзээ ч явахгүй. Багаасаа л дуучин болно гэж боддог байсан. Бритни Спирс, Кристина Агилера, “Backstreet Boys” хамтлагийг бол одоо ч шүтээстэй.
Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа гээд мундаг дуучдын уран бүтээлийг байнга сонсоно. Эргээд бодоход, тухайн үед сонсож, үзэж байсан зүйлс минь надад сайн багш болдог байж. Хүн чинь хүүхэд байхдаа үзэж, харсан зүйлээрээ хөглөгдөж, хурцлагдаж байдаг юм билээ.
-Урлаг хэмээх толинд өөрийнхөө дүрсийг тод харах боломжийг “Тэмүжин” театрын уран бүтээлчид танд олгожээ. Таныг бага байх үед улсдаа ганц орон нутгийн энэ театр ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг байв?
-Хөдөө орон нутагт хүүхдийн театрын үйл ажиллагааг таслалгүй олон жил тууштай авч явна гэдэг хэцүү. “Тэмүжин” театр одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. н.Ганчимэг, н.Ганбаатар, н.Алтай багш нар маань дан ганц Баянхонгор аймгийн төдийгүй Монголын хүүхдийн урлагийн төлөө өөрсдийн амьдрал, зүрх сэтгэлээ зориулсан сайхан хүмүүс. Монголын гэрэлт ирээдүй болсон маш олон хүүхэд тэндээс урлагийн боловсрол олж авч байна.
Энэ театраас олны танил болсон олон сайхан залуу уран бүтээлч төрөн гарсан. Тухайлбал, уртын дуучин Б.Номин-Эрдэнэ, “37 дугаар Точка” киноны Болдоогийн дүрд тоглосон Б.Ганчулуун, жүжигчин Д.Алдарбаяр гээд мундаг уран бүтээлчдийг бэлтгэн гаргасан байна. Энэ дотор Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа балетын бүжигчид ч бий.
-Та хүүхэд байхдаа авьяастаа эрдсэн охин байв уу, даруухан байна уу?
-Соёл урлаг гэж гүйсээр ерөнхий эрдмийн хичээлээсээ хоцорчихдог талын охин байсан. Галзуу нүүрэмгий, сахилгагүй бол байгаагүй шүү, даруухан талдаа. Ямар сайндаа манай найзууд “Насаа дуугүй, дотуур тамиртай” гэж шоолдог байсан юм (инээв).
Түүнээс биш би лаг дуулдаг шүү гээд бардаж, тэхэрхэж байгаагүй. Харин хичээлээ л орхигдуулчихдаг сул талтай. Үүнийг багш нар минь, ангийнхан маань ойлгож наанатай, цаанатай ханддаг байсанд үнэхээр их баярладаг.
-Хүүхдэд байгаа унаган авьяасыг нээж илрүүлэхэд, хөгжүүлэхэд эцэг, эхийн дэмжлэг хамгаас чухал. Та ч түрүүн хэллээ. Ээж, аав минь намайг урлагийн хүн болоход дэмжсэн гэж. Тэд хэрхэн дэмждэг байв. Хүч орох урмын үг хэр их хэлдэг байсан бэ?
-Аав, ээж минь намайг багаас минь дэмжсэн. Охиноо урлагийн хүн болгоно гэж хайрлаад хар бор ажил хийлгэхгүй. Гар, хөлийг нь муухай болгочихгүй юмсан гэж их хичээдэг байлаа. Ийм том дэмжлэгийн ачаар хүүхэд байхдаа Бээжин хотод болсон Олон улсын хүүхдийн урлагийн их наадам болон Азийн хүүхдийн их урлагийн наадамд хоёр ч удаа оролцсон. Мөн “Би страдын дуучин” зэрэг улсын хэмжээний уралдаанд тогтмол оролцоно. Энэ бүхэнд ижий, аав хоёр минь хамгийн түрүүнд дэмжинэ. Охин минь зорьсон зүйлдээ эзэн болоосой, сайн хүн болж өсөөсэй гэж их хичээсэн.
-Ижий, аав тань ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ. Дуулах авьяасыг тэднээсээ өвлөсөн үү?
-Миний аав нягтлан, эдийн засагч мэргэжилтэй хүн. Насаараа нийгмийн даатгалын газар ажилласан. Ээж минь харин холбооны инженер. Дуулах авьяас өвөөгөөс минь ихтэй гэж манайхан ярьдаг. Учир нь өвөө минь мундаг гарын дүйтэй, сайхан дуулдаг хүн байсан юм. Эмээ ч бас их гоё дуулдаг байсан гэсэн.
-Хөндлөнгөөс харахад та аав, ээжийнхээ хүссэн хүлээлтэд хүрчээ. Энэ хэрээр тэднийхээ ачийг бага болов ч хариулсан болов уу. Өнөөдөр та улсын Филармонийн гоцлол дуучин гэсэн нэр хүнтэй, эрхэм ажлыг хийж байна?
-Тэднийхээ зорилго, хүслийг биелүүлж, амар амгалан тайван сайхан байлгахыг хичээж л явна. Охиноо урлагт зүтгэсэн сайн уран бүтээлч болоосой гэж хүссэн нь бага ч болов биелэлээ олсонд би ч гэсэн баярладаг юм. Миний хувьд зорьсон зүйлдээ тууштай зүтгэж яваа. СУИС-ийг төгссөн дуучин болгон Монгол Улсын Филармонийн дуучин болох боломж тийм ч их биш.
Би өөрийгөө энэ их айлын гоцлол дуучин болж яваадаа, олон жилийн түүхтэй энэ мундаг уран бүтээлчдийн нэг эс нь болж энд байгаадаа үргэлж талархдаг. Дуучин хүн болгон оркестортой дуулахыг, Филармонийн дуучин болохыг хүсдэг. Тэрний төлөө СУИС-д таван жил суралцдаг. Надад ийм сайхан боломжийг олгосонд баяртай байдаг юм. Гэлээ гээд үүндээ бардахгүй сайн уран бүтээл хийхийг байнга бодож явдаг.
-Оюутны дөрвөн жил хүний амьдралд маш чухал үе. Энэ дөрвөн жилд хүн ахиж дэвших үү, уруудаж доошлох уу гэдгээ тодорхойлдог байх. Таны хувьд оюутны ширээний ард суусан дөрвөн жил хэрхэн өнгөрсөн бэ?
-Би 2004 онд СУИС-ийн оюутан болсон. Дуурийн дуулаачаар н.Дашиймаа багшийн ангид суралцсан юм. Ингэж яваад “Оддын эрэлд-2” тэмцээнд оролцсон. Би оюутан байхын өөрийгөө их сойж, уралдаан тэмцээнд оролцдог байлаа. Одоо ч гэсэн өөрийгөө сойх дуртай. Яагаад гэвэл зорьж байгаа зүйлийнхээ төлөө зүгээр гараа хумхиад суухыг хүсдэггүй.
Хүн өөрөө хүсэж л байвал ямар ч тэмцээн уралдаанд ороод үзэх нь бас нэг амжилт шүү дээ. Тэндээс туршлага сууна, ухаан сууна, сургамж авна. 2005 онд “Оддын эрэлд-2” тэмцээнд оролцоод ялагч болсон. Дараа нь 2007 онд “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд оролцож хоёрдугаар байр эзэлж, 2012 онд “Universe best song” тэмцээнд мөн оролцсон.
-Мэргэжлийн дуучдыг тэмцээн уралдаан, шоу нэвтрүүлэгт оролцохоор хүмүүс их шүүмжлэлтэй хандах юм. Өөрөөр хэлбэл, бусдад боломж олгохгүй байна гэж хараад байна. Та энэ мэт шүүмжийг хэрхэн хүлээн авдаг вэ. “Voice Мongolia” шоунд оролцохдоо зүгээр нэг сэтгэл хөдлөлөөрөө шийдчихээгүй болов уу?
-“Voice”-ийн хувьд шүүмжлэл их ирсэн. Улсын Филармонийн гоцлол дуучин байж мэргэжлийн бус хүмүүстэй өрсөлдлөө. Энд, тэндхийн уралдаан тэмцээнд орлоо гэхчилэн. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхэн залуу уран бүтээлчийн өөрийгөө ташуурдах боломж юм. Филармонийн дуучин хэдий ч хувь уран бүтээлчийнхээ хувьд хөгжих л хэрэгтэй. Олонд танигдаж, энэ хэрээр сайн уран бүтээл хийх ёстой шүү гэдгээ мэдрэх ёстой. Иймээс л “Voice” шоунд оролцсон. Тэгээд ч энэхүү шоу дэлхийн хэмжээний шоу.
Монгол залуучууд юу өмсөж, юу сонсож, юу дуулдагийг эндээс л дэлхий даяараа харна. Тиймээс “Voice”-ын нэгэн төлөөлөл болж оролцсон. Гадныхан монголчууд хэрхэн дуулдагийг мэдэх гэж Youtube рүү орохдоо “Өө энэ нөгөө Филармонийн дуучин байна” гэж харахгүй шүү дээ. Тиймээс эх орныхоо нүүр царайг бид тодорхойлох л ёстой. Нөгөө талаас энэхүү шоунд оролцсоныг зарим хүмүүс маш сайхан хүлээж авсан. “Чамайг хасагдах үед дагаж уйлаад” гэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, сөрөг хандлагын хажуугаар эерэгээр хүлээж авсан хүмүүс ч олон байсан.
Би бүх хүнд таалагдана гэж хэзээ ч байхгүй. Цахим орчин эрчимтэй хөгжсөнөөр бусдыг өөлөх, муулах зүйл их гардаг болж. Өөрсдийнхөө үзэл бодлоор тухайн хүнийг байлгах гэж их хандаж байна. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч гэсэн хэн нэгнийг шууд доромжлохоосоо илүүтэй тэр хүний оронд өөрийгөө тавиад бодож үзэх ёстой.
-Дуучин С.Гантогоотой хамтарсан уран бүтээл тань сонсогчдын дунд нэлээд эрэлттэй байна. “love ya” дуу хэрхэн бүтэв?
-С.Гантогоотой би 2005 онд “Оддын эрэлд-2” тэмцээнд орж байхдаа танилцсан юм. Шилдэг дөрвөн оролцогч тунаж үлдсэний нэг нь С.Гантогоо бид хоёр байсан. Тэр цагаас хойш найзалж байна. С.Гантогоог БНСУ-д байхад бид уулзаж, нэг сайхан хамтарсан уран бүтээл гаргана шүү гэж ярьдаг байсан юм. Өөрөөр хэлбэл, маш олон жил ярьсаны эцэст бидний хамтарсан уран бүтээл гараас гарлаа. Дуу, клип гээд үнэхээр сэтгэлд хүрсэн уран бүтээл болж чадсан болов уу.
Харин хамтраад нэг дуу дуулсан чинь хүмүүс дахиад нэг уран бүтээл гаргаач гэж хэлж байна. Арга хэмжээнүүдэд их уригдаж байна. Хамтдаа ганцхан дуу дуулчихаад зогсоод байж болдоггүй (инээв). Тиймээс дахин нэг уран бүтээл дээр ажиллахаар судалж, хуучны нэгэн сайхан уран бүтээлийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр дуулах гээд бэлдэж байгаа. Оны дараахан клипжүүлээд цацна.
-Хуучны уран бүтээлийг сэргээн дуулна гэдэг үнэхээр сайхан санаа байна. Яагаад ийм шийдэлд хүрэв?
-Шинэ дуу гэхээсээ илүүтэй хуучны дуунуудыг сэргээж, сонсогчдод хүргэвэл хүмүүст илүү хүрдэг. Тэгээд ч мартагдсан гайхалтай сайхан уран бүтээлүүд олон байна. Үүнийг залуучууд бид л гаргаж ирэхгүй бол бүр мартагдана. Хөгжмийн найруулгыг нь орчин үеийн залууст зориулж шинэчлээд гол шугамыг нь алдагдуулахгүй байхад болох юм.
-Монголын дууны урлагт мөхөж байгаа нэг зүйл бол яах аргагүй дууны шүлэг. Үүнтэй та санал нийлэх үү. Жишээлбэл, залуусын дунд трэнд болоод байгаа “Унана” дуу та мэргэжлийн хүний хувьд уран бүтээл гэж харж чадаж байна уу?
-Дууны үг хэтэрхий хялбар болчихоод байгааг үгүйсгэхгүй. Наад захын жишээ нь таны хэлдгээр “Унана”. Сонсогчид ч бас их өөрлөгдөж байна. Нэг хэсэг уран бүтээлчид дуу гаргах гэж маш их боддог, ая, шүлэгт нь их анхаардаг байсан. Харин одоо бол нийгмээ дагаад өөрчлөгдөөхөөс аргагүй болж байх шиг. Учир нь сонсогчид их уйдамхай болсон. Үг, ая нь амархан тогтоогддог тийм л дууг аялдаг болж. Мэргэжлийн уран бүтээлчийн нүдээр “Унана”-г дуу мөн гээд хэлчих нь учир дутагдалтай. Цаг үеэ л мэдэрсэн гэх юм уу.
-Дуучин Л.Насанбуянг харж байхад нэлээд ёс зүйтэй, эмэгтэй уран бүтээлч талаасаа үлгэр жишээ авахаар харагддаг. Та амьдрал дээр хэр их хичээдэг хүн бэ?
-Хичээх гэхээсээ илүүтэй тухайн хүний гэр бүлийн хүмүүжил их чухал. Дээрээс нь өөрийн зарчим. Энэ бүхэн л өнөөдрийн Насааг өдий зэрэгтэй байлгаж байгаа. Аав, ээж минь намайг өөрийнхөө хөдөлмөрөөр амжилтанд хүрэх ёстой гэж сургасан. Би ч шударга, шулаан талдаа хүн. Наль, шаль гэсэн зүйлд дургүй. Чадах бол чадна гэдгээ, чадахгүй бол чадахгүйгээ хэлчихдэг. Хүнд төвөг удах үнэхээр дургүй.
Хүн ямар өндөр нэр алдар, эд хөрөнгөтэй байсан эцсийн эцэст хүнээрээ байх ёстой гэж боддог юм. Энэ ч үүднээс өөртөө хатуу шаардлага тавьдаг.
-Дуучин Л.Насанбуян хэр чинээлэг эмэгтэй вэ?
-Миний хувьд улсын байгууллагад ажилдаг жирийн л нэг уран бүтээлч. Улсын цалин ямар билээ хэн хүнгүй мэдэх байх. Цалин мөнгө бодож ажиллахаас илүүтэй уран бүтээлч хүн шүү гэдгээ урьтал болгож амьдардаг. Тэгээд ч урлагийн буян их.
Энэ бол гарцаагүй үнэн, наанадаж гадагшаа дотогшоо явахад виз гарахгүй байна гэсэн асуудал тулгарахгүй. Урлагийн буянд хаана ч явсан газарддаггүй юм. Ер нь тэгээд энэ амьдралд эрүүл саруул, элэг бүтэн байх шиг жаргал хаана байна. Би хэзээ ч мөнгөний өмнө бөхөлзөж, худлаа хэлж, хулгай хийхгүй.
-Ээж болсоноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Эмэгтэй хүн ээж болсоноор маш их зүйлийг ойлгож, ухаардаг юм байна. Их зөөлөн, уярамтгай болсон. Охин минь миний амьдралд байж болох хамгийн сайхан бүхнийг надад авчирсан. Бүх зүйл утга учиртай гэж би итгэдэг учраас яг зөв цагтаа бурхан надад охиныг минь явуулсан гэж боддог юм. Охиноосоо маш их аз жаргал мэдэрдэг. Миний амьдрал үнэхээр гэрэлтэж байгаа.
-Өөрөө өөртөө таалагдах мэдрэмжийг хэр их авдаг вэ?
-Би өөрийгөө байнга голдог. Уран бүтээлч хүн цаг ямагт хөгжиж, боловсорч байх ёстой. Харин сүүлийн үед гаргасан дуунуудаа сонсоод өөрийгөө жаахан тоох маягтай. Сая С.Гантогоотой хамтарсан уран бүтээл дээр өөрийн хоолойн тембрээс арай өөр тембр гаргаж чаджээ гэж харж байх жишээтэй. Хип хоп дуулдаг залуутай хамтарч нэг дуу дуулсан. Өөрөөр хэлбэл, үглэж үзлээ. Энэ мэт уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө эвдэх алхам хийж байна. Ер нь сүүлийн үед өөрийгөө олох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх болсон шүү (инээв).
-Та дуулах уран бүтээлдээ хэр шүлтүүртэй ханддаг вэ?
-Одоо их хянуур ханддаг болсон. 20-н хэдхэн настай байхдаа бол хамаагүй ханддаг байжээ. Тэглээ гээд өнгөрсөнөө үгүйсгэж байгаа хэрэг биш шүү. Өнгөрсөн бүхэн байгаа учраас өнөөдрийн Насаа байгаа.
-Эмэгтэйчүүд нас ахих тусмаа эмзэглэдэг. Таны хувьд үүнд дээр хэрхэн ханддаг вэ.
-Би маш гоё орчинд ажилдаг. Өдөр бүр сайхан дуу, хөгжим сонсдог учраас насандаа нэг их ач холбогдол өгдөггүй шүү. Тэгээд ч урлагийнхан үеийнхнээсээ залуу харагддаг (инээв).
-Монгол Улсын соёл урлагийн салбар яг одоо ямар нөхцөл байдалтай байна вэ. Тогоон дотор нь чанагдаж яваа уран бүтээлчийн хувьд ямархан бодол тээж явдаг юм бол?
-Соёл урлагийн ажилтнууд маань урлагийн төлөө гэсэн чин зүрх сэтгэлтэй тулдаа өнөөдөр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бид бор зүрхээрээ болгож явна. Гэтэл БНСУ бодлогоор, К-поп урсгалаа дэлхийг гаргаж байна. Үүний хүчинд тус улсын BTS хамтлаг АНУ-ын хөгжмийн наадмаас хоёр ч шагнал авчихлаа. Азийг БНСУ атгачихлаа. Эндээс бид жишээ авмаар байна. Учир нь монголчуудад боломж байгааг “Хү” хамтлаг харууллаа. Монгол Улс соёл урлагийн салбартаа анхаарч, соёл урлагаараа дамжуулан эх орноо дэлхийд суртчилах хэрэгтэй байна. Соёл урлагийн салбарын бодлого, хөрөнгө оруулалт үнэхээр хангалтгүй байна. Улсдаа ганц Филармони нь өнөөдөр өөрийн гэсэн байргүй Соёлын төв өргөөнд түрээсээр толгой хоргодох жишээтэй. Удахгүй бүх зүйл сайхан болно гэсэн итгэлээр байна.
-Өнөөдрийн соёл урлагийн салбарын нийгмийн асуудал, байр, гадаад харилцаа хүндхэн нөхцөлд байгаа ч үүнээс үл шалтгаалаад 40, 50 жилийн дараах соёлын салбарыг танай үеийнхнээр дүгнэх нь гарцаагүй. Тэр үед хэр нүүр бардам байж чадах вэ?
-Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд дуурийн дуучдын залуу үе өнөөдөр дэлхийд үнэлэгдэж чадлаа. Мөн балетынхан байна. Дэлхийн бүхий л том театруудад бүжиглэдэг. Энэ мэтчилэн манай урлагийн салбарт мундаг залуучууд олон бий. Кино урлагийн салбарт ч мөн ялгаагүй. Атгасан гар шиг нэг зорилго, тэмүүлэлтэй залуу уран бүтээлчид байгааг “Фантастик” продакшныхан харуулж чадлаа.
Тэд продакшныхаа арван жилийн ойгоор “37 дугаар Точка” олон ангит уран сайхны кино хийж, нийгмийг байлдан дагуулсан шүү дээ. Ингээд бодохоор 40, 50 жилийн дараа бидний үеийнхэн нүүр бардам байж чадах болов уу гэж итгэж байна.
Түүгээр зогсохгүй залуу уран бүтээлчид өөрсдийгөө хөгжүүлж, гадаадын нэр хүндтэй урлагийн сургуулиудад олноороо суралцаж байгаа. Тэднээрээ маш их бахархдаг. Би ч гэсэн АНУ-д урлагийн сургуульд сурахыг хүсдэг. Нэг л өдөр энэ мөрөөдлөө биелүүлнэ.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай урлагийн байгууллагуудын гадаад харилцаа бараг орхигдчихоод байна. Учир нь төрийн байгууллага, төсөв байхгүй. Иймээс бид чинь бүх юмыг монголчлоод л яваа. Энэ нөхцөл байдал маань харин 40, 50 жилийн дараа өөрчлөгдсөн байгаасай.
Д.Цэцэг

Сэтгэгдэл бичих