» » Тэмбүүтэй, сүрьеэтэй, шүлхийтэйгээ зарлачихлаа. Жуулчид Монголыг тоож ирэх үү

Тэмбүүтэй, сүрьеэтэй, шүлхийтэйгээ зарлачихлаа. Жуулчид Монголыг тоож ирэх үү


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ сарын 12-ны өдөр “Улаан тариа-2” аяныг улс орон даяар орон даяар эхлүүлж байгаагаа мэдэгдэв. Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын мэдээллийн агентлаг англи хэлээр энэ талаарх мэдээллийг олон улсад түгээлээ. Ингэснээр дэлхий дахин Монгол Улс тэмбүүндээ баригдаж, шившгээ дэлгэж байгааг зарлачхаж байгаа юм. Энэ мэдээллийн дараа олон нийт гайхсан, ундуйцсан, шоглосон, шүүмжилсэн, айсан хүн олон байна. Нэр нь ч цочирдом сүртэй. Аялал жуулчлалын улирал ид эхэлж оператор компаниуд жуулчдаа татдаг оргил цагаар тэмбүүтэй тэмцэнэ гэдгээ дэлхий нийтэд зарладаг нь зөв үү. Асуудлыг яагаад хаалттай хаалганы цаана хэлэлцэж болоогүй юм гэсэн асуулт гарч ирнэ.
Тэмбүү нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгслээр дамжин халдварлах боломжтой учраас манай улсад аялахаар төлөвлөж буй гадны жуулчид оператор компаниасаа “Танай улсын амралтын газрууд ахуйн цэвэрлэгээгээ хэр сайн хийдэг вэ. Ариун цэврийн өрөөний ариутгал ямар түвшинд хийгддэг вэ. Ор дэрний даавуу нь цэвэрхэн үү” гэх асуултыг жуулчид асууж буй талаар нэгэн аяллын хөтөч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байв. Монголчууд өөрсдийгөө тэмбүүтэй гэж зарласнаас хойш нэлээд олон жуулчин аяллаа цуцалсан гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй болов уу. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл монголчуудыгаа “Тэмбүүндээ баригдсан” гэж хэлэх мөчид Монголын аялал жуулчлалын салбарт орж ирэх мөнгө царцах өндөр эрсдэл тулгарав. Олгой хагаравч тогоон дотроо гэж ардын уламжлалт сайхан үг бий. Нэгийг хийхийн тулд нөгөөг нь сүйтгэдэг монгол хүний ойворгон зан дэлхий нийтэд монголчуудыг “муухай” харагдуулж эцсийн дүндээ хувийн хэвшлээ хөлдөө чирэх нь тэр.
Уг нь үе, үеийн Засгийн газар 2020 онд нэг сая жуулчин хүлээн авдаг болохын тулд чамгүй зүйл хийсэн. Олон улсын нислэгийн тоогоо нэмэгдүүлж, авиа компаниудын шинээр оруулж ирснээс эхлээд үзэж харах эвентүүдийнхээ тоог олшруулахаар аймгуудаа бүсчилж, Хэнтий зэрэг зүүн аймагт түүхийн аялал жуулчлал, Хөвсгөл зэрэг аймагт байгалийн аялал жуулчлал, төвийн бүсдээ иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхээр болж, бодлогоо тодорхойлон ажлаа эхлүүлсэн. Түүний хүчинд өнгөрсөн жил аялал жуулчлалын салбарын орлого 569 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгт хүрчээ. Бусад улс орнуудтай харьцуулахад бага ч Монголдоо бол чамлахааргүй орлого. Ирэх жилд нэг сая жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэнэ гэж тооцоолж байв. Гэвч “Улаан тариа-2” аян энэ зорилтод хүрэхэд амаргүй болголоо.
-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖСӨН АЙМГУУДАД ТЭМБҮҮГИЙН ТАРХАЛТ ӨНДӨР БАЙНА-
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээр 2017 онд олон улсад 1,3 тэрбум жуулчин аялж, 1,4 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 323 сая жуулчин Ази, номхон далайн орнуудад аялж, 390 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1,8 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Үүнээс хамгийн өндөр өсөлтийг Ази, Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлөвтэй байгаа юм. Харамсалтай нь Монгол Улс аялал жуулчлалын салбараас орж ирэх мөнгөө алсыг хардаггүй, бодлогогүй сайдаас болж алдахад хүрээд байна.
2014-2019 онд гурван сая гаруй хүн амтай Монголд Улсад тэмбүүгийн 33 594 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тэмбүүгээр нэгэнт өвчилсөн хүмүүсийг оруулаагүй тоо. Сүүлийн таван жилийн дунджаар 10 000 хүнд ногдох тэмбүүгийн өвчлөл Хөвсгөл аймагт 35.1, Дорнодод 41.7, Сүхбаатарт 35.5, Баянхонгорт 34.9, Говьсүмбэрт 32.3, Говь-Алтайд 32.6, Өвөрхангайд 17.6, Дорноговьд 22.1 буюу улсын дунджаас 2-3 дахин их байна. /Булган, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт цөөн бүртгэгджээ/
2018 онд орон нутагт тэмбүүгийн 3361 тохиолдол бүртгэгдсэн нь Улаанбаатар хотынхноос ойролцоогоор 600-гаар олон аж. Аялал жуулчлалын хөгжил, уул уурхайн олборлолт, ажилгүйдэл, архидалт, биеэ үнэлэлт зэрэг нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалан тэмбүү 21 аймагт харилцан адилгүй тархжээ. Дорнод аймаг 2005-2015 онд улсын хэмжээнд тэмбүүгийн тархалтаараа “тэргүүлсэн” бол өдгөө Хөвсгөл, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар гэсэн аймгуудад хамгийн их тархалттай байна. Тэр тусмаа аялал жуулчлал хамгийн их хөгжсөн Хөвсгөл аймагт тэмбүү өвчний тархалт их байгаа нь ажиглагдав. Тус аймаг 133 400 хүн амтай. Жилд дунджаар гадаад, дотоодын 60 гаруй мянган жуулчин ирдэг. Энэ нь тэмбүүгийн халдвар тархах нэг шалтгаан болдог аж.
Тэмбүүтэй, сүрьеэтэй, шүлхийтэйгээ дэлхий нийтэд зарлачихсан Монгол Улсад гадны хичнээн жуулчин зорьж ирэх бол. 2019 онд энэ салбараас хэдий хэмжээний орлого олох нь сул амтай дарга сайд нараас болж бүрхэг хэвээрээ үлдлээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Тэмбүү Монголд харанга дэлдэж байна

Дахин дамжуулалтын мөнгийг төсвөөс хассан базуудын базаа

ХЯТАД ИРГЭДТЭЙ ХОЛБОГДУУЛАН ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР

МАНЗУШРИ ХИЙДИЙГ ЖИЛД 1.3 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ АЯЛАЛ

Э.МӨНХСҮХ: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас гүйцэтгэгч

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

Сэтгэгдэл бичих