» » Хүү, алдангиас шууд чөлөөлүүлэх баримт байхгүй

Хүү, алдангиас шууд чөлөөлүүлэх баримт байхгүй

Сингапурын хөрөнгө оруулалттай, Улаанбаатар дахь DDEM компанийн үйл ажиллагаа өнгөрсөн хоёрдугаар сараас доголдон, борлуулалт, ашиг нь багасаж, банкны зээлийн эргэн төлөлт, хөрөнгө оруулагчдадаа олгодог ашгийн хувиа хүртээж чадахгүйд хүрчээ. Үл хөдлөх хөрөнгийн түрээс, зочид буудал, зоогийн газар, алжаал тайлах төв ажиллуулдаг тус компанийн ашиг буурсан нь хөл хорио тогтоон, үйлчлүүлэгч цөөрсөнтэй холбоотой.

...Түрээсийн болон бусад гэрээнд юу гэж тусгаснаас үл хамаарч хүсэлт гаргасан бүх аж ахуйн нэгжид өдгөө үүссэн нөхцөлөөс шалтгаалж орлого, ашиг нь багассан, эсэхийг шалган, гэрчилгээ олгох боломжтой. Одоогоор гэрчилгээ авсан, авахаар мэдүүлсэн компаниудын дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай юм билээ...
Мөн DDEM компанийн байранд үйл ажиллагаа явуулдаг зарим түрээслэгч ч борлуулалт нь эрс буурснаас шалтгаалж түрээсийн төлбөрөө өгч чадахгүй нь хэмээн учирлаж буй юм байна. Хэрэв тус компанийнхан түрээсийн төлбөрөө бүрэн авч чадахгүй, мөн сар, улирал тутмын орлого, ашгийн төлөвлөгөөндөө хүрэхгүйгээр их хугацаа өнгөрвөл хөрөнгө оруулагчдын мөнгө, зээлийн хүүгээ төлж чадахгүй, асуудал үүсэх нь дамжиггүй. Ийнхүү ашиг буурч, алдагдал хүлээж буйгаа эзэддээ нотлохын тулд өдөр тутмын үйлчлүүлэгчдийн тоо, орлого, зарлагын тайлан, камерын бичлэг зэргээр баталгаажуулахаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн акт хэрэгтэй болжээ. Уг актыг давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэж ойлгож болох бөгөөд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас авсан гэв. Уг гэрчилгээг олгохын тулд МҮХАҮТ-ынхан судалгаа хийн, бодит тооцоолол гаргасан юм байна. Энэхүү гэрчилгээг авснаар Сингапур дахь хөрөнгө оруулагчдадаа үзүүлж, холбогдох төлбөр, хураамж, хүүгийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх гэнэ. Харин тус компанийн байранд үйл ажиллагаа явуулдаг бүх түрээслэгч давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авбал түрээсийн төлбөрөөс хөнгөлөх, эсэх талаар ерөнхий менежер Ч.Одхүү “Манай хоёр барилгад 40 орчим түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг. Тэд бараг бүгд түрээсийн төлбөр төлөх хугацаагаа хойшлуулахыг хүсэн, хоёр, гуравдугаар сарынхыг өгч чадахгүй байх магадлалтайгаа илэрхийлсэн. Гэхдээ түрээсийн гэрээ байгуулахдаа тухайн аж ахуйн нэгжээс үл шалтгаалах нөхцөл, болзошгүй эрсдэл үүсэхэд хэрхэн зохицуулах талаар талууд тооцоогүй, ямар нэгэн журам, заалт оруулаагүй юм билээ. Тиймээс бид түрээс авахгүй, эсвэл хөнгөлнө гэж хэлж чадахгүй. Харин хугацааг нь ямар нэгэн төлбөр, алданги тооцолгүй хойшлуулах талаар зөвшилцөж байна” гэв.
Хөл хорионы үед хамгийн их хохирол амсах магадлалтай бизнесмен, аж ахуйн нэгжүүд бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулагчид. Тэд түрээслүүлэгчидтэй гэрээ байгуулахдаа түрээсийн хэмжээ, төлбөр төлөх өдөр, төлбөрөө хожимдуулсан тохиолдолд тооцох алдангийн хувь хэмжээг л зааснаас гамшгийн үеийн арга хэмжээ, хохирлыг хэрхэн давах талаар дурдаагүйг хэлэх хүн олон байна. “Peаce mall” худалдааны төвд хоёр лангуу буюу павилон түрээслэгч М “Манайх энд хоёр жижиг дэлгүүр ажиллууд гурван жил болжээ. Сарын түрээс нь нийлээд 2.5 сая гаруй төгрөг. Өнгөрсөн хоёрдугаар сард ашиг олоогүй гэхэд болно. Энэ сард мөн л үйлчүүлүүлэгч цөөнтэй байх нь. Эзэд нь хоёр, гуравдугаар сард ашиггүй байхаар тооцон түрээсээс нийт 80 000 төгрөг хасахаар болсон. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авч ирвэл илүү хөнгөлөх, эсэхийг асуухад тийм зүйл мэдэхгүй, тэгээд ч өөрсдөө зээл төлдөг, ашиглалтын зардал ихтэй тул үүнээс ихийг хөнгөлөх боломжгүй гэсэн” гэв.
Баянгол дүүргийн XVIII хороонд “Марал” нэртэй кафе бий. Тус газрыг нэг сард гурван сая төгрөгийн түрээс төлж ажиллуулдаг юм байна. Түрээсээ хагас жилээр нь урьдчилан төлдөг бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард 18 сая төгрөг төлжээ. Өдгөө төлсөн түрээс болон ашгаа олоход ч бэрх болсон талаараа “эзэн” Ш.Сүнжидмаа хэллээ. Тэрбээр “Бид зургаан сард ахин 18 саяыг төлнө. Ер нь жил бүрийн хоёр, гуравдугаар сард олон баяр давхцан, боломжийн орлого олдог юм. Гэтэл энэ удаа ашиг олох нь бүү хэл, түрээсийн төлбөрт “шатах” нь. Ийм байдлыг ямар нэгэн байгууллага, төрөөс зохицуулах боломж, авах арга хэмжээ байдаг бол бид хандаж, ядаж хөл хорионы үеийн түрээсээс чөлөөлүүлэх, эсвэл хөнгөлүүлмээр байна” гэв. Харин түрээсийн гэрээ байгуулахдаа болзошгүй эрсдэлийн үед хэрхэх талаар тооцсон заалт оруулаагүй гэдгээ дуулгасан.
Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэдэг нь тухайн байгууллагаас шалтгаалахгүйгээр байгаль, цаг уур, дайн тулаан, өвчин тахлаас шалтгаалсан эрсдэлт нөхцөл үүсэн, хөл хорионд орсон, ингэснээр бараа, үйлчилгээгээ нийлүүлж чадахгүйд хүрэх, борлуулалт, орлого, ашиг нь буурч, алдагдал хүлээснийг холбогдох байгууллагаар нь баталгаажуулсан баримт бичиг юм. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн акт бөгөөд уг гэрчилгээг авснаар нэмэлт төлбөр, алданги, хүү тооцуулахгүй байх боломж бүрдэх юм байна.
Эл гэрчилгээг МҮХАҮТ-аас авч болохыг дээр дурдсан бөгөөд тус танхимын дарга Т.Дүүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
-Хөл хорионы дэглэмийг эхлүүлснээс хойш хэдэн компани давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авав?
-Хоёрдугаар сар гарсаар 20 компани авсан. Одоо 35 аж ахуйн нэгж гэрчилгээ авах хүсэлтээ ирүүлээд буй бөгөөд холбогдох шалгалт, үнэлгээг нь хийж байна.
-Уг гэрчилгээг авсан аж ахуйн нэгж бүрийн зээлийн хүү, алданги, зарим төлбөрөөс хөнгөлнө гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болохгүй. Тухайн аж ахуйн нэгж шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дээрх гэрчилгээг авч байгаа. Хэдий хэр төлбөр, хураамж хөнгөлүүлэхийг бид мэдэхгүй. Бид зөвхөн хөл хорионы улмаас буюу өдгөө үүссэн нөхцөлөөс шалтгаалан орлого, ашиг нь буурсан гэдгийг л мэргэжилтнүүдийн тусламжтайгаар нотолж өгч байгаа юм.
-Түрээсийн болон зарим гэрээндээ гамшиг, ослын үеийн бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, хохирлыг хэрхэн давах, хөнгөлөлт эдлэх талаар тодорхой тусгасан аж ахуйн нэгжүүдэд л гэрчилгээ өгч байгаа гэсэн. Хүсэлт гаргасан компани бүр авах боломжгүй гэсэн үг үү?
-Түрээсийн болон бусад гэрээнд юу гэж тусгаснаас үл хамаарч хүсэлт гаргасан бүх аж ахуйн нэгжид өдгөө үүссэн нөхцөлөөс шалтгаалж орлого, ашиг нь багассан, эсэхийг шалган, гэрчилгээ олгох боломжтой. Одоогоор гэрчилгээ авсан, авахаар мэдүүлсэн компаниудын дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай юм билээ. Гэхдээ энэ нь ямар нэгэн алданги, түрээс, зээлийн хүүгээс шууд чөлөөлүүлэх баримт биш гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.
Үүнээс гадна зээл, зээлийн хүү төлөхөд асуудал тулгарч буй олон аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч бий. Тэд хэсэг бүлгээрээ нийлэн хөл хорионы хугацаанд зээлийн хүүг тооцуулахгүй байх талаар шаардлага тавин, жагсаал, цуглаан зохион байгуулсан. Тэгвэл хүү тооцуулахгүй байх боломж бий, эсэх талаар Төвбанк ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тус банкны Олон нийтийн боловсрол мэдээлллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаа “Арилжааны банкуудын олгодог бизнесийн зээлийн хүүг тооцуулахгүй байх талаар ямар нэгэн даалгавар өгөх эрх Төвбанканд байхгүй. Ер нь зээлийн хүүг хадгаламжийн хүүтэй уялдуулан тогтоодог тул олон нийтийн шаардлага, холбогдох байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэх боломжгүй болов уу. Харин Монголын банкуудын холбоо ямар нэгэн шийдвэр гаргаж, тус холбооны гишүүд нь даган биелүүлэх боломж бүрдэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, төрөөс болон Төвбанк зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, хөнгөлөлт эдлүүлэх талаар ямар нэг шийдвэр гаргах боломжгүй” гэсэн юм.
Эдгээрээс харахад ямар ч түвшний бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, компани болзошгүй эрсдэлийг тооцон, бүх төрлийн гэрээ хэлцлээ байгуулах хэрэгтэй болох нь. Хэрэв гэрээндээ энэ талаар тусгасан бол гэрээний дагуу эдлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломж бүрдэх юм байна. Харин гэрээ, хэлцэлдээ тусгаагүй ч шаардлагатай гэж үзвэл давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр баталгаажуулж болох аж.

Эх сурвалж: Unuudur.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Д.Сумъяабазар: Популист шийдвэрийн үр дүнд алт тушаалт 30

СЗХ-ны дарга иргэний шүүхэд нэхэмжлэл гаргав

“Азаргын гол чонот”-ын Б.Отгонбаатар гэж хэн бэ?

Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН

Сэтгэгдэл бичих