» » 17 жил тасралтгүй дугуй унаж буй 80 настай буурай

17 жил тасралтгүй дугуй унаж буй 80 настай буурай

Өдөр тутамдаа дугуй унадаг өндөр настан А.Туулайбаатартай ярилцлаа. Өдгөө тэрээр 76 настай хэдий ч өрхийн бизнес эрхэлж, ногоо тариалж амьдардаг. Даршилсан ногоогоо аймаг орон нутгийнхаа иргэдийн хүнсэнд нийлүүлээд хэдэн жилийг ардаа үджээ. Ногоогоо борлуулах гэж дэлгүүрт суухгүйгээр дугуйгаа унаад хүргэж өгдөг ажээ. Өндөр настан А.Туулайбаатар " Хүн хөдөлж л байвал эрүүл байдаг болов уу. Дугуй унаж хэвших нь эрүүл мэндэд тустай, урт наслахын үндэс" гэж боддог хэмээн ярьж байлаа.
-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн, сайхан хаваржиж байна. Ажил өндөр үү. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын долдугаар багийн иргэн. Өдөр настан А.Туулайбаатар байна.
-Таныг олон нийтийн цахим сүлжээнд "Дугуй унадаг эмээ" гэдгээр хүмүүс андахаа байжээ. Хэзээнээс дугуй унаж эхлэв?
-Би 2002 онд өндөр настны тэтгэвэрт суусан. Тэрнээс хойш дугуй байнга унадаг болсон. 17-18 жил тасралтгүй дугуйг унаж байна даа. Залуу байхдаа спортоор хичээллэж байсан учраас дугуй унах сонирхолтой. Биеийн тамир, спортоор хичээллэж уралдаан тэмцээнд их оролцдог байлаа. Хөнгөн атлетик, цанын спортоор хичээллэж байсан учраас өдгөө 76 насыг зооглож байна даа.
-Залуу байхдаа ямар ажил хийдэг байв?
-Би залуудаа 1958-1965 онуудад Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд мал маллаж, тэмээ хариулж явлаа. Мөн сумандаа найман жил номын сангийн эрхлэгчээр ажиллаж, соёлын үрийг хөдөлмөрчдөд түгээсэн. 1974 онд Өмнөговь аймгийн гүйцэтгэх захиргаанд бичиг хэргийн эрхлэгч, Ардын депутатын хурал, ЗДТГ-ийн бичиг хэргийн эрхлэгчээр 30 гаруй жил ажиллаад 2002 онд өндөр настны тэтгэвэрт суусан.
-Та яагаад унадаг дугуй тогтмол унах болов. Үр хүүхдүүд нь "Дугуйгаа битгий уна" гэж зэмлэдэг үү. Эсвэл дэмжиж байна уу?
-Өмнө нь дугуй унаад ажилдаа явдаг байсан учраас хүүхдүүд маань хориглодоггүй ээ. Би хүүтэйгээ хамт гэрээсээ гурван км зайд 0,4 га газарт багахан ногоо тариалдаг юм. Тиймээс өдөр бүр ирж очихдоо зургаан км замыг дугуйгаар туулдаг. Ногоогоо зөөхөд машин авах боломжгүй учир дугуйгаараа л зөөдөг юм. Тэтгэвэрт гарснаас хойш зургаан км газар өдөр бүр дугуйгаар ирж очиж байна. Дугуй унаснаар цаг хэмнэх болон эрүүл мэндэд тустай байдаг. Мөн хүний зүрх судасны асуудалд сайн. Дугуйгаар агаарт явахад ч тустай. Бензин тос хэрэглэхгүй, эвдрэл гарахгүй. Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ их анхаарч зарим хүмүүс дасгал хөдөлгөөн хийж, алхаж харагддаг. Зүгээр суугаад байвал өвчин тусах нь их байдаг гэж боддог шүү.
-Танай аймагт дугуйн зам хэр элбэг байдаг вэ. Дугуй унах боломж нөхцөл хэр бүрдсэн бэ?
-Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын ажлууд их өрнөж байна. Дугуйн замтай болохоор дугуйгаар ажил амьдралдаа явахад ямар нэгэн бэрхшээлгүй сайхан болжээ. Аймгийн зүгээс ард иргэдийнхээ аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Тиймээс бид ажиллаж хөдөлмөрлөж байж аймаг орон нутаг хөгжинө гэж би хувьдаа боддог доо.
-Таныг их хөдөлмөрч ногоо тариад өвөл, хаврын цагт хүргэлтээр үйлчилдэг гэж танай нутгийнхан ам сайтай байдаг юм билээ. Жилдээ хэдэн тонн ногоо тариалдаг вэ?
-Даланзадгад сумын услалтын талбайд 24 хамар болон хоёр хүлэмжид жилдээ нийт 4-5 тонн хүнсний ногоо тариалж байна. Ногоогоо тариад дараа нь дэлгүүрт тавьж сууж борлуулахын оронд ах, дүү, найз нөхөд болон хүүхдүүддээ өгч илүү гарсныг нь намар даршлаад хадгалдаг. Мөн дугуйндаа ачаад ард иргэддээ хямд үнээр хүргэж худалдан борлуулдаг. Энэ жилийн хувьд талбай жаахан гэсээгүй мөстэй байгаа учраас тавдугаар сарын эхээр ногоогоо тариална даа. Ногоогоо тариалахад найз нөхөд болон нутгаас газар хагалаад өгдөг болохоор их ажилд нэмэр болдог. Харин ногооны талбайн зэрлэг арчилгааг өөрсдөө хийнэ. Нас яваад тэр бүр зэрлэгээ зулгааж чадахгүй л байна. Энэ жил манай аймгийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрийн жилийн хүрээнд залуус ногоо тариалах хүсэлтэй байгаа. Манай аймагт ногоо тариалах сургалтыг иргэдийн дунд явуулж байгаад баяртай байдаг шүү. Нэг гэр бүлд ногоо тариалахыг зааж зөвлөж сургасан. Тэд маань одоо бүр сайн сураад надад багшлахаар болсон. /инээв. сурв/
-Та ногоогоо хэрхэн арчилж байна. Ногоо тариалахад хүндрэл бэрхшээл мэдээж тулгардаг л байх?
-Би өглөөний 06:00 цагт босч 07:00 цагт талбай дээрээ очиж ногоогоо услаад өдөржин байж байгаад орой цагийн хуваарийн дагуу услалт хийдэг. Ганцаараа сууж байгаад ногоогоо усална, ногоо тариалдаг найз нөхөд тусалж хамт усална. Ажилтан авах гэхээр цалинжуулах боломжгүй учраас одоогоор хүүтэйгээ хамтран тариалж байна даа. Өмнөговь аймгийн хувьд усны хангамжийн асуудал хүндрэлтэй байдаг. Өөр хүндрэл бараг байхгүй ээ. Хүнсний ногоо тариалж буй иргэд хамтран нэгдэж бүлэг, хоршоо байгуулан ажиллахад арай илүү үр дүнд хүрэх болов уу гэж боддог. Одоогоор хувь хувьдаа л ногоогоо тариалж, худалдаалж байгаа.
-Тариалсан ногоогоо гадуур зарахад ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу?
-Орон нутагтаа даршилсан ногоогоо зардаг. Амттай салат хийгээд аж ахуй нэгжүүдээр захиалгын дагуу дугуйгаар хүргэж өгдөг. Өдөрт 10-15 ширхгийг 1000-1200 төгрөгөөр худалдан борлуулж байна. Даршилсан ногоогоо мэргэжлийн хяналтын газраас заавар зөвлөмж авч зөвшөөрөгдсөн уутанд хийдэг. Худалдан борлуулахад хүндрэл бэрхшээл байхгүй.
Ярилцсан танд баярлалаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

100 настнууд урт насалсан нууцаа дэлгэлээ

Триатлоны улсын аварга Г.Амарсанаа: Намайг энэ спорт

Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь

Хүнсний ногоо, жимсний химийн бодисыг цэвэрлэх энгийн арга

“Морь унаж, гэрт амьдардаг” С.Жавхлан гишүүн гурван машин,

Сэтгэгдэл бичих