» » Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс

Хүний оюун ухаан хоорондоо харилцан хамаарал бүхий 120 гаруй чадварын нэгдэл байдаг гэдгийг та мэдэх үү? Multiple Intelligence буюу Олон талт оюун ухаан гэж нэрлэгддэг эдгээр чадваруудыг эзэмшсэнээр амжилтанд хүрэх боломж тэр хэрээр нэмэгддэг гэж хэлж болно. Их дээд сургуульд байхдаа сурлага муутай оюутан байсан ч амьдрал дээр амжилттай байж сайхан амьдарч байгаа хүмүүсийн жишээ маш олон. Мөн их дээд сургуулиа хаяад өндөр амжилтанд Билл Гейтс, Стив Жобс, Марк Цукербергийн жишээ ч бий. Учир нь дэлхийн бүхий л улсад их дээд сургуульд IQ-д суурилж хичээл заан, оюун ухааны бусад чадварыг хөгжүүлэхэд анхаардаггүй. Оюун ухааны нийт 10 чадамж байдаг бөгөөд эдгээр чадварыг жигд хөгжүүлснээр таны болон хүүхдийн чинь ирээдүйд илүү эерэгээр нөлөөлөх юм. Олон талт оюун ухаанаас бид IQ (Танин мэдэхүй, оюун ухаан), EQ ( Сэтгэл хөдлөл), CQ (Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадвар)-г сайн мэддэг.
Тэгвэл хүүхдийнхээ олон талт оюун ухааныг тэгш, сайн хөгжүүлж амжилттай, бие болоод хувь болгоход тусладаг зүйлсийг танилцуулья.
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс
Хөгжмийн хичээл
Хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийн IQ хөгжим сонирхдоггүй, ямар нэг хөгжмийн зэмсгээр хичээллэдэггүй хүүхдүүдийнхээ илүү байдгийг тогтоосон олон судалгаа бий. Хөгжим сонсох, хөгжмөөр хичээллэх хүүхэд төдийгүй бүх насныхны тархины ажиллагаанд нэн тустай байдаг. Хөгжмөөр хичээллэх нь хүний тархины бүхий л хэсгүүдэд нөлөөлж тархины үйл ажиллагааг дэмждэг. Үүнээс гадна хичээнгүй, нягт нямбай, олон цагаар сууж аливаа зүйлд төвлөрч чаддаг, тэвчээртэй зан чанартай ч болдог.  Өндөр хөгжилтэй орнууд хөгжмийг заавал эзэмших чадварын нэг гэж үздэг төдийгүй амжилттай яваа хүмүүс, нийгмийг манлайлагчид бүгд ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тоглож чаддаг нийтлэг чадвартай байдаг. 
Хөгжмийн сонсголгүй хүүхэд гэж байдаггүй гэдгийг аав, ээжүүддээ анхааруулмаар байна. Учир нь хүүхэд эхийн гэдсэнд байхаасаа дуу хөгжмийг сонсож эхэлдэг төдийгүй төрсөн цагаасаа хойш эргэн тойрон дахь дуу авиагаа таньж, ялгах чадварт суралцсаар байдаг гэнэ. Хүүхдийг аль болох багаас нь дуу хөгжим, урлагт дуртай болгож өсгөхийг эрмэлзээрэй. Гэхдээ хөгжим тоглож сургах нь хүүхдийг томоотой болгох арга биш гэдгийг мэдэхэд илүүдэхгүй бизээ.   
Хүүхэд ч гэлтгүй насанд хүрэгчдэд ч хөгжим тоглож сурах нь амаргүй байдаг. Энэ нь нэлээдгүй тэсвэр, тэвчээр сахилга бат шаарддаг. Хүүхдийг таван наснаас нь эхэлж дуртай хөгжмийн зэмсгээр нь буюу өөрийнх нь сонирхож буй хөгжмөөр нь хичээллүүлж болно. 
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс
Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн байнга хийж биеийн зөв хөгжилтэй байх нь тархийг бас хөгжүүлдэг гэнэ. Дасгал хийснийхээ дараа хүмүүс шинэ үгсийг өмнөхөөсөө 20 хувиар хурдан цээжилж байжээ. Үүгээр ч зогсохгүй гурван сар тогтмол дасгал хийсний дараа тархины ой тогтоолтын  хэсэгт очих цусан хангамж нэмэгдсэнээр суралцах чадвар 30 хувиар өссөн нь гэсэн судалгаа бий. Хүний зүрх эрүүл байх нь дасгал хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Дасгал хөдөлгөөн – ажлын бүтээмж шууд хамааралтай гэдэг. Дасгал хийж булчингаа ажиллуулахад эндорфин даавар ялгарч байдаг бол тархи энэ хооронд амарч авдаг. Хүүхдүүд тоглож, дураараа гүйж, өөрсдийн биед таарсан хөдөлгөөнийг хийж чаддаг далд чадвартай. Тиймээс хүүхдээ томоотой байлгах гэж, гүйж харайхыг нь хориглож хэрхэвч болохгүй.  Бат бөх яс, дархлаа сайтай байх, нойр хоолонд сайн байхад ч дасгал хөдөлгөөний гүйцэтгэх үүрэг их. Томчууд өөрсдийн сонирхол, хэрэгцээ, тодорхой зорилгоор дасгал хөдөлгөөн хийж, дугуйлан секцэнд явж эрүүл мэндээ хамгаалж чаддаг бол хүүхдэд өөрт сонирхолтой, тааламжтай байдгаас л ямар нэг үйл хөдөлгөөн хийдэг. Нөгөөтэйгүүр хөдөлгөөн бол хүүхдийн төрөлхийн үндсэн хэрэгцээ гэж хэлж болно. Ямар нэг хөдөлгөөн хийхгүйгээр хүүхэд орчинтойгоо харьцаж танилцана гэж байхгүй. Жишээлбэл, дээшээ хараад хэвтэж байсан нялх хүүхэд хажуу тийшээ харж, эргэж хөрвөдөг болсноор орчин тойронд байгаа зүйлсээ харна, аав, ээжээ таньдаг болдог. Дараа нь мөлхөж, алхаж эхэлснээр хүссэн зүйлээ барьж, бүдэрч унаж, юмнаас зуурч биеэ хамгаалах зэрэгт суралцдаг. Хүүхэд нас нэмэхийн хэрээр энд гүйж, үсэрч, авирч түүнийхээ үрээр өөрийн биеэ удирдан орчныхоо орон зайн баримжаатай болж, хүрээлж байгаа бүх зүйлстэйгээ танилцана. Хүүхэд орчноосоо аль нэг мэдэхгүй эд зүйлийг аваад түүгээр тоглож, оролдож байж танил болдог нь тэдний сэтгэхүй бодит үйлийг гүйцэтгэх явцдаа хөгждөг онцлогтой нь холбоотой. Ийнхүү хүүхэд амьдралд суралцах, бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан нь хөгжихөд шийдвэрлэх нөлөө бүхий хүчин зүйл бол тэдний идэвхтэй хөдөлгөөн, хөдөлгөөнийхөө тусламжтайгаар орчноо мэдэрч харах, сонсох, үнэрлэх, амтлах, барьж авах туршлага хуримтлуулах үйл явц байдаг.
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлсУнш, унш бас уншиж өг
Уншиж сураагүй хүүхдэд зөвхөн ном уншиж өгөх нь эцэг эхийнх нь хүссэн шиг үр дүнг харуулдаггүй. Харин зэрэгцэж унших буюу уншиж байгаа үгнүүдэд хүүхдийнхээ анхаарлыг хандуулбал утгыг нь илүүтэй ойлгохын зэрэгцээ, үгийн баялаг нь нэмэгдэн, хэл яриа нь хөгждөг. Хүүхдийг номтой танилцуулахад эртдэнэ гэж үгүй. Хүүхдийн анхаарал,ой тогтоолтыг хөгжүүлэхийн тулд олон төрлийн юмсын зураг болон үйл явдал дүрсэлсэн зургуудтай ном сонгож, уншиж сураагүй хүүхдүүдээ аав ээж; эмээ өвөө нь уншиж өгөөрэй. Хүүхэд шинэ үлгэр, дуу шүлэг сонсохоос гадна урьд нь сонсож байсан, танил хуучин үлгэр, дуу шүлгээ ч дахин сонсох дуртай байдаг гэдгийг санаарай. Ном сонгохдоо хүүхэдтэйгээ хамт номын дэлгүүр орж сонгох нь хүүхдийг сонголт хийх чадварт суралцуулахын зэрэгцээ нийгэмшүүлэх ач холбогдолтой. Номын дэлгүүрт чанга ярьдаггүй, сонирхсон номоо үзээд, нугалж бохирдуулалгүй буцааж тавих, юуг нь харж сонгох вэ зэрэгт хүүхэд таныг хэлсэн хэлээгүй суралцаж, бяцхан оюундаа тогтоож авдаг.
Хүүхэддээ ном уншиж өгөхдөө тухтай, номын үсэг, зураг тод харагдахуйц гэрэлтэй орчин хүүхдээ өвөр дээрээ авч суух буюу зэрэгцээн суугаарай. Хүүхдээ өвөр дээрээ суулгавал таныг биеэрээ мэдэрч ойр дотно байх нь уншиж байгаа зүйлийг сонсохоос дутахааргүй их таашаалтай, хайр энэрэл мэдрүүлдэг гэдэг. Чанга биш тод дуугаар үгийг маш тодорхой хэлж уншиж буй зүйлийнхээ үйл явдал, агуулгатай уялдуулан дууныхаа өнгө аясыг өндөр, нам, баяртай гунигтай гэх мэтээр хувирган жүжиглэж уншвал хүүхдэд сонирхолтой байж, илүү сайн ойлгоно шүү.
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс
Нойр  ба хоол
Нэгэн эрдэмтэн “нэг цагийн дутуу нойр хоёр жил юу ч суралцаагүй, таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцэнэ” гэж хэлсэн нь бий. Тиймээс хүүхдийг сайн унтуулж амрааж байх нь маш чухал. Унтаж байх үед бие организм сулран амарч шинэ эрч хүч цуглуулж байдаг. Хүүхдүүдийн хувьд унтаж байхдаа дархлаа нь сайжирч, өдөржин тасралтгүй суралцсан оюун ухаан, бие, сэтгэл нь хүртэл амардаг гэнэ. Харвардын их сургуулийн профессор Чарьлз Ксейслер нэгэн сонирхолтой туршилт хийсэн ба насны ялгаа унтах хэмжээний зохицлыг тодорхойлохыг оролджээ. Тэрээр хийсэн туршилтынхаа дүнд хүний хоногт унтаж амрах нойрны хэмжээг насны ялгаатайгаар доор дурдсан байдлаар гаргасан байна. Тухайлбал;
  • Дөнгөж төрсөн нярай хүүхэд (0-3 сар) 14-17 цаг
  • Нялх хүүхэд (4-11 сар) 12-15 цаг
  • Хүүхдүүд (1-5 нас) 11-14 цаг
  • Сургуулийн өмнөх нас (6-13 нас) 9-11 цаг
  • Өсвөр насныхан (14-17 нас) 8-10 цаг
  • Залуу нас (18-25 нас) 7-9 цаг
  • Насанд хүрэгчид (26-64 нас) 7-9 цаг
  • Настай хүмүүс (65-аас дээш) 7-8 цаг тус тус унтаж амрах нь зохимжтой аж.
Гэхдээ бүх хүнд тохирох яг таг баримтлах нойрны цаг гэж байдаггүй гэдгийг сануулах хэрэгтэй биз. Нойр муу байх нь аливаа хариу үйлдэлд удаан болох, анхаарал сулрах зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Шөнө нь хангалттай нойр авч чадсан хүн эргээд бүх л зүйлдээ амархан төвлөрөх бол харин 4 цаг буюу дутуу нойртой хоносон хүнд энэ нь маш хэцүү зүйл байх болно.
Хүүхэддээ эрүүл, тэжээллэг хооллохын тулд эцэг эхчүүд өөрсөө зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн насны онцлогт тохирсон хүнс сонгон хооллох олон төрлийн заавар байдагтай цаг гарган танилцаж, олон нэрийн шим тэжээлтэй хоолоор дайлаарай. Энэ талын зөвлөгөө маш олон байдаг учир олон зүйлийг нуршилгүй хүүхдээ хооллохдоо анхаарах хэдэн зөвлөгөөг л өгье.
  • Хүүхдийн байгалиас заяасан идэх зуршлыг дагах
  • Бага насанд нь янз бүрийн жимс, хүнсний ногоог идүүлж сургаснаар тэд цаашид эдгээр хүнсийг байнга хэрэглэдэг болно
  • Өдөрт бага багаар 5 удаа хооллох
  • Хоол бэлдэхдээ туслуулах. Ихэнх хүүхэд хоол хийж сураагүйгээс бэлэн болсон хоолыг идэхийг илүүд үздэг. Тиймээс ээж аавууд хүүхдээ бага гэж гололгүй ногоо арилгах, угаах зэрэг жижиг гэлтгүйгээр гарыг нь хөдөлгөж хамт хоолоо хийгээрэй.
  • Та хоол болон уух зүйлд нь нэмэлт чихэр, давс, амтлагч хийхгүй бол хүүхэд өөрөө дур мэдэн эдгээр зүйлсийг нэмж идэхгүй
  • Хүүхэддээ илүү ихийг идүүлэхийн тулд лекц уншж үглэх хэрэггүй 
  • Ямар нэг хоол идэхэд нь тэдэнд шийтгэлийн мэдрэмж төрүүлж болохгүй. Ингэвэл хооллох гэдэг нэг төрлийн ял болж хооллох хүсэл, хоолны дуршил муудаж энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эхлэл болдог. Сайн нойр, шим тэжээлтэй хоол хүүхдийн ирээдүйд боловсролоос дутахгүй хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Нэн ялангуяа тэдний эрүүл хүн болж өсөхөд хамгийн чухал зүйл нь энэ 2 шүү.
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс
Хувийн сахилга бат VS Өндөр IQ
Хэчнээн оюуны өндөр хөгжилтэй байлаа ч хувийн сахилга бат, зохион байгуулалтгүй бол амьдралд амжилт олохгүй. Ийм жишээ олныг дурдаж болно. Тиймээс хүүхдийнхээ сахилга бат, хувийн зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.  Хайр, анхаарал халамж дутах, өнчин, эсвэл эцэг эх нь архи хар тамхинд донтсон, хүч түрэмгийлсэн харьцаатай эсвэл хэнэггүй нэгэн байх нь хүүхдийн сахилга батад сөргөөр нөлөөлдөг. Зарим чинээлэг давхаргын хүүхдүүдэд, нийгмийн хүнд хэцүү орчны хүүхдийн нэгэн адил халамж анхаарал дутагдах явдал гардаг. Хязгааргүй элбэг дэлбэг амьдралд хөтлөгдөн явж буй хүүхдэд амьдрал тийм ч амар хялбар байдаггүй. Бусдаас байнгын сэтгэл зүйн болоод материаллаг халамж анхаарал нэхсэн, дур зоргоороо, айх ичихийг мэдэхгүй, юмнаас татгалзах тэвчих гэдгийг огт сураагүй хүүхдүүд ч амьдралын боломж тааруу, ар гэрийн анхаарал сул хүүхдүүдтэй ижил сахилга батгүй нэгэн болж өсдөг. Тиймээс Аав ээж бүр өөр өөрийн аргаар хүүхдээ хүмүүжүүлж, хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрийгөө ч гэсэн хүмүүжүүлж, буруу зан авир, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Эцэг эхчүүдэд гэртээ заавал баримтлах нийтлэг дүрэм гэдгийг харилцан ярилцсаны үндсэн дээр зохиож, түүнийгээ мөрддөг болох хэрэгтэй. Жишээлбэл хүүхэд буруу зүйл хийсэн үед аав загнахад ээж аавын эсрэг зогсох, хүүхдээ ил цагаан өмөөрөхгүй байх, хүүхдийнхээ хажууд муудалцахгүй байх зэрэг олон зүйлийг гэрийнхээ дүрэмд багтааж болно. Хамгийн гол нь хүүхдээ ямар хүн болгохыг хүсч, зорьж буйгаа ярилцаж, түүндээ хүрэхэд нь юу туслаж, хүүхдийнх нь ямар зан үүнд сөргөөр нөлөөлж буйг ярилцах шаардлагатай. Мэргэжлийн сэтгэлзүйчтэй уулзаж энэ талын зөвлөгөөг авч ч болно шүү дээ. Хамгийн чухал нь эцэг эх нь нэгэндээ чин сэтгэлээсээ хайрладаг, гэр бүлдээ хуурамч дүр эсгэдэггүй орчинд хүүхэд илүү сахилга баттай, нээлттэй, өөдрөг нэгэн болж хүмүүждэг гэдгийг санаж яваарай.

Эх сурвалж: Eagle.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хүүхдийнхээ оюун ухааныг бага наснаас нь хөгжүүлэх чухал

3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

Д.Уламбаяр: Үндэстний урам зоргийг сэргээх, уриалан дуудах

Л.Оюун-Эрдэнэ: Төрд хохирол учруулсан үндэслэлээр зургаан

“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам

Д.Жаргалсайхан: Системийн сэтгэлгээ бол сонголт биш

Сэтгэгдэл бичих