Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-нд “Макбет” дуурийг Монголынхоо үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна. Энэхүү уран бүтээлийг Италийн удирдаач Стефано Торболи удирдаж буй бөгөөд түүнтэй тус дуурийн талаар ярилцлаа.
-Та өмнөх ярилцлагадаа “Монголын дуурийн дуучид эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд хүчирхэг хоолойтой” хэмээн тодотгосон байсан. Хүчирхэг хоолойны нууц нь юунд байна гэж та бодож байна вэ?
-Миний бодлоор монгол дуучид хүчирхэг хоолойтой байх нь цаг уурын нөхцөл байдал нөлөөлдөг байх гэж бодсон. Хүйтэн агаартай учраас хоолой нь хүчирхэг байдаг шиг санагдсан. Жишээлбэл, Тайланд, Вьетнам зэрэг дулаан газрын дуучдын хоолой арай өөр байдаг. “Макбет” дуурь нь хүчирхэг хоолойг маш их шаардаж, хүчтэй дүрүүдийг гаргадаг. Тиймээс хүчирхэг хоолойтой уран бүтээлчид энэхүү дуурийг бүтээж буй нь маш сайхан зохицож байгаа байх гэж бодож байна.
-“Макбет” дуурийг Монголд дохихоор ирэхдээ манай улсын урлагийн тухай судалсан байх. Таны анхаарлыг татсан хамгийн анхны мэдээлэл юу байв. Монголын урлагийн гадаад дахь мэдээлэл хэр сайн байна гэж та харсан бэ?
-Монголын сонгодог урлагийн талаарх мэдээлэл Европт юм уу Италид маш бага байдаг. Ихэвчлэн БНСУ, БНХАУ, Японы дуурийн дуучдыг мэддэг. Монголын дуурийн дуучдын тухай төдийлөн сонсогддоггүй. Энэ нь магадгүй маркетингийн ажилтай холбоотой байж болзошгүй. Энэ гэхдээ зөвхөн миний бодол шүү.
-Монголын сонгодог урлагийн уран бүтээлчдийг та судалсан байх. Дэлхийн олон алдарт тайзнаа дуулж яваа энэхүү театрт дуучнаар ажиллаж байсан ардын жүжигчин Э.Амартүвшин Монголын дуурийн урлагийг дэлхийд сурталчилж буйтай та санал нийлэх үү?
-Э.Амартүвшин баритоны хувьд дэлхийд танигдсан дуучин гэдэгтэй санал нийлж байна. Үнэхээр гайхамшигтай карьертай явж буй уран бүтээлч. Э.Амартүвшин баритон Италид очиж маш олон бүтээлд дуулдаг учраас Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж байна. Ингэснээр монголчууд дуурийн дуулдаг юм байна, сонгодог урлаг нь хөгжсөн юм байна, дэлхийн хэмжээний дуучидтай гэдгийг яалт ч үгүй таниулж яваа гэж бодож байна. Би Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам болон Бүгд найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзсан. Соёлын талаар хамтарч ажил хийхээр ярилцсан. Монголоос уран бүтээлч явуулах, Италаас уран бүтээлч Монголд урих зэргээр хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байгаа гэсэн хариу өгсөн.
-Таны хувьд одоогоор хэдэн улсын бүтээлчтэй хамтарч ажиллаад байгаа вэ. Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын оркестрын бүрэлдэхүүнийг чадварын хувьд ямар байна гэж харж байна?
-Италидаа ихэвчлэн тоглолтууд удирддаг. Маш олон симфонин оркестрын тоглолтыг удирдаж байсан. Өнгөрсөн жил “Богема” дуурийг удирдсан. Сар гаруйн хугацаанд Монголын уран бүтээлчидтэй ажиллаж байна. Оркестрын бүрэлдэхүүн нь маш залуу. Залуу хүмүүс учраас бэлтгэл сургуулилтыг маш сайн хийдэг. Хувийн сургуулилтыг маш сайн хийдэг. Тиймээс ажиллах тусам өдрөөс өдөрт ур чадвар нь нэмэгдэж, дуурьтайгаа ажиллах нь сайжирч байна. Би ямар ч бэрхшээл байхгүй ажиллаж байна.
-Монголын дуурь, бүжгийн театрын уран бүтээлчдийн чадвар чансааг богинохон ч гэсэн ажилласан энэ хугацаанд олж харсан байх. Манай театрынханд ямар боломж, нөөц, давуу тал байна гэж харж байна вэ?
-Сонирхолтой асуулт байна. Италийн дуурь талаас ярьвал Ж.Вердийн бүтээлүүд илүү нийцэх болов уу гэж харж байна. Ж.Пуччинийн дууриудаас тавьбал зүгээр санагдаж байна. Жишээлбэл, “Набукко”, “Турандот” дууриудыг тавиад үзвэл гэж бодсон. Хүүхдүүдэд зориулсан бүтээлүүдийг тайзнаа тавьбал сонирхолтой байх. Бас зөвхөн 16-17-р зууны сонгодог бүтээлүүд гэлтгүй 20-р зууны бүтээлүүдийг өөр хэв маягаар тавьбал зүгээр гэж бодож байна.
-Азийн соёлыг сонирхдог, судлах дуртай гэсэн. Монголын уламжлалт ямар соёл танд таалагдаж байна вэ?
-Өмнө нь Монгол Улсад ирэхдээ Монголын үндэсний урлаг, хөөмий, уртын дуу гээд үндэсний урлагийг судалж байсан. Надад маш сайхан санагдаж байсан. Монголд анх ирснээс хойш долоон жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монголын үндэсний соёл урлагтай танилцаад, уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа нь миний хувьд нэр хүндийн хэрэг юм.
Монголын соёлоос надад хамгийн их таалагдсан нь түүх нь. Хаантай байх үеэс эхлээд коммунизм, ардчилсан гээд бүх нийгмийг туулсан. Монголоос өөр нэг сонирхолтой зүйл нь шашны нээлттэй байдал нь. Зарим улсуудад буддын шашныг хаалттай шашин гэж үздэг бол Монгол Улсад нээлттэй шашин гэж үздэг. Монголлд Есүс Христис, Буддын шашин, бөөгийн шашинтай хүмүүс байдаг. Гэтэл гол нь тэд бие биетэйгээ огт харшилдахгүйгээр амьдарч чаддаг нь үнэхээр сонирхолтой. Чингис хааны музейд очиж үзсэн. Орчин нь үнэхээр гайхалтай байсан учир үзэж танилцахад үнэхээр сонирхолтой байсан. Миний хувьд өөртөө нэг зорилго тавьж буй нь Монгол Улсыг Итали болон Европын холбооны орнуудад өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээнд таниулах, соёлыг нь түгээх, Азийн орнуудаас яалт ч үгүй өөр соёлтой гэдгийг таниулах нь миний нэг зорилго болсон.
-Үндэсний соёлтой зайлшгүй холбогдох нэг зүйл бол хоол хүнсний соёл байдаг. Таны хувьд монгол хоолуудаас идэх дуртай хоол нь ямар хоол байна вэ?
-Монголд анх ирснийг бодоход хоолны газрууд маш их болсон байна. Ялангуяа солонгос хоолны газрууд. Миний хувьд маханд маш их дуртай. Гэхдээ Монголд ирэхээр хоолнууд нь хэтэрхий их махтай байдаг. Тиймээс заримдаа хөнгөн хоолнууд их идмээр санагддаг. Монгол хоолноос бүгдийг идэж чаддаг ч тарваганы мах идэж чаддаггүй. Монгол үнээний уураг, өрөм өөр тийм нэг их өөр амттай байдаг.
-Та долоон жилийн дараа Монголл ирж байна гэсэн. Энэ хугацаанд манай улсын нийслэлд ямар өөрчлөлт харагдаж байна вэ, таныхаар?
-Монголд би өмнө нь ирснийг бодвол хөгжиж дэвшиж байгаа нь харагдаж байна. Түгжрэлийн асуудал гэхдээ шийдэгдээгүй байна лээ. Энэ нь магадгүй үн амын бөөгнөрөлтэй холбоотой байх. Монголд ирснийхээ дараа олон газраар яваад байх боломж байхгүй л дээ. Гэхдээ ганц, хоёр удаа уушйн газар орой сууж үзсэн. Үүнээс анзаарсан зүйл гэвэл залуучууд нь их эрч хүчтэй байгааг анзаарсан. Гудамжны нохой өмнө нь маш их байдаг байсан бол одоо бол маш их эрс цөөрсөн харагдаж байна.
-Монгол орон бол үзэсгэлэнт байгальтай орны нэг: Та хаагуур аялахыг хүсэж байна вэ?
-Европт тийм их хөдөөгийн байгальтай газар байдаггүй урчаас Монголын байгаль бол надад маш шинэлэг зүйл. Өмнө нь ганц, хоёр удаа Монголын хөдөөд байсан учраас дараа долоо хоногт өөртөө амралт гаргаж Монголын хөдөөг зорих гэж байгаа. Өмнөговь аймагт байдаг мөстэй Мухар шивэртийг үзэхээс гадна Их, бага газрын чулууг үзэхээр төлөвлөөд байна.
-Монголд ажиллах хугацаандаа манай театрын цөөнгүй бүтээлүүдтэй танилцсан байх. Үүнээс танд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нь аль нь вэ?
-Монголд байх хугацаандаа долоо хоног бүр Дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтыг үзсэн. Дуурийн театр миний мэдэх өмнөх жилүүдийг бодвол өөр хэмнэлээр ажилладаг болсон байна. Хүмүүсийнх нь ажиллаж байгаа зарчим өөр хэмжээнд хүрсэн байна. Би “Жизель” балет болон “Учиртай гурван толгой” дуурийг үзсэн. Энэ дуурийн хөгжим маш гоё байсан. Хөгжим нь нэг хэмнэлтэй боловч дуучид болон үг нь солигдоод байгаа нь маш сонирхолтой байсан. “Учиртай гурван толгой” дуурьд гарч буй олны тулалдаж байгаа хэсэг болон найр хийж байгаа уртын дуу болон морин хуур тоглож байгаа хэсэг маш сонирхолтой байсан.
-“Макбет” дуурийг та анх удаа бүтнээр нь удирдаж байна уу?
-Анх удаа бүтэн хэмжээгээр удирдаж байгаа. Өмнө гала тоглолтод хэсгээс нь удирдаж байсан бол энэ удаа бүтнээр нь удирдаж байна. Миний хувьд 15 жилийн өмнө “Макбет” дуурийн хөгжмийг тоглодог хөгжимчин байлаа. Одоо энэ дуурийг бүтэн хэмжээгээр нь удирдах гэж буйдаа маш их баяртай байна.
-“Макбет”-ыг та анх удаа бүрэн хэмжээгээр удирдсанаараа маш олон чадварыг олж авч байгаа байх. Үүнд та юуг нэрлэх вэ?
-Маш олон жилийн хөдөлмөрийн үр дүнд “Макбет” дуурийг бүтэн хэмжээгээр дохиж байна. “Макбет” дуурь бол дунд үеийн бүтээлд тооцогддог. Хуучны хэв маяг байгаа ч гэхдээ шинэ нотуудыг оруулж ирснээрээ онцлог. Жишээлбэл, хатагтай Макбетын ари маш сонирхолтой. Миний хувьд “Макбет”-ыг бүрэн хэмжээгээр удирдсанаар дараа, дараагийн том дууриудыг удирдахад маш том туршлага болж үлдлээ.
-Холын хүнээс үг сонс гэдэг шиг Монголын дуурийн театрын уран бүтээлчид танаас маш их зүйлийг суралцаж байгаа байх. Үүнтэй адил та ч гэсэн Монголын уран бүтээлчидтэй ажилласнаараа юуг олж чадав, юунд суралцав?
-Өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй уран бүтээлчидтэй ажиллахад давж болохооргүй хана босдог үе байсан. Гэтэл Монголын уран бүтээлчидтэй ажиллахад надад тийм зүйл тохиолдсонгүй. Надад маш тухтай сайхан байлаа. Монгол дуучдын амьсгаа авах хугацаа нь надад маш онцгой сэтгэгдэл үлдээлээ. Монголын басс болон баритон хоолойтнууд болоод хатагтай Макбетад гоцолж буй сопрана хоолойтнууд тэр доод өнгийг авч буй нь энгийн нэг дуучны чадах зүйл биш. Үүгээрээ маш онцгой. Удирдаач хүний хувьд уран бүтээлчид болоод оркестртойгоо хамтарч ажиллахад хүндрэлтэй зүйл огт байсангүй. Мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад үнэхээр сайхан байна.
-Ярилцсанд баярлалаа.
http://eagle.mn/r/113930
Сэтгэгдэл бичих