Хөгжлийн банкны чанаргүй зээл, зээлдэгчдийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулаас тодрууллаа.
-Чанаргүй зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийн явцын талаарх сүүлийн үеийн мэдээлэл өгөөч.
-2022 оны эхэнд Хөгжлийн банкны нийт зээлдэгчдийн тоо 66 байсан. Үүнээс өнөөдрийн байдлаар нийт 14 зээлдэгч зээлээ бүрэн төлж хаагаад, одоо 52 зээлдэгч үлдсэн байна. Мэдээж зарим томоохон зээлийн асуудлууд нэлээд санаа зовоож байна. Гэхдээ бид оны эцэс гэхэд 1 ихнаяд гаруй төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийнэ гэсэн зорилтдоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй ажиллаж байна.
-Томоохон зээл гэдэгт ямар аж ахуйн нэгжүүдийн хэчнээн төгрөгийн үнийн дүн одоо яригдаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар чанарагүй зээлдэгчдийн хувьд хамгийн том дүн эзэлж байгаа 10 зээлдэгч нь нийт чанаргүй зээлийн багцын 85 хувь болоод байна. Тухайлбал, Эрэл компани, Бэрэн групп гэх мэтчилэн дурдаж болох юм. Тэгэхээр бид зээлдэгч нартай байнгын уулзалт хийж хэрхэн яаж өр төлбөрийг барагдуулах вэ гэдэг дээр саналаа солилцоод хэлэлцээр хийгээд явж байна.
-Одоогоор нийт хэчнээн төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан байна вэ. Бондын эргэн төлөлт дээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?
-Оны эхнээс хойш тооцоход өнөөдрийн байдлаар нийт 766.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Бид ирэх оны аравдугаар сард бондын эргэн төлөлт хийх ёстой. Бид дөнгөж саяхан олон улсын зээлжих зэрэглэлийн гурван байгууллагаар үнэлгээгээ тогтоолголоо. Үнэлгээ ямар нэгэн байдлаар буурсан гэх сөрөг үнэлгээтэй гараагүй, хэвээрээ гарсан. Тэгэхээр бид ирэх оны бондын эргэн төлөлт дээр менежмент хийх ажлуудынхаа судалгааг хийгээд явж байгаа. Бидэнд цаг хугацаа байна. Мэдээж гадаад зах зээлээ харж, ямархуу байдлаар хийх вэ гэдэг стратегаа тодорхойлох ёстой юм.
-Хэдийгээр өр төлүүлэх нь зайлшгүй боловч янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад удаашрах асуудлууд гарч байгаа шүү дээ. Жишээ нь зээлдэгчидтэй ямар тохиролцоонд хүрч байгаа вэ?
-Бид янз бүрээр л үзэж байна л даа. Банкинд бол хэд хэдэн арга хэрэгсэл байдаг. Бид зөвхөн мөнгөө төл гэхээс илүүтэйгээр тухайн бизнесийг хэрхэн амжилттай болгох вэ гэдэг дээр нь анхаарал тавьж байгаа юм. Нөгөө талдаа зээлийнхээ чанарыг сайжруулах, барьцаа хөрөнгө нэмэгдүүлэх гэх мэтчилэн анхаарч байна. Эдийн засгийн хүндхэн үед байгаа болохоор бизнес эрхлэгчдэд маань хүндрэлтэй байгааг ойлгож байгаа. Гэхдээ гэрээний дагуу үүргээ хүлээх ёстой. Тэгэхээр аль болох нөхцөл байдлыг ойлгож, уян хатан ажиллахыг л хичээж байна даа.
-Гантиг вилла хотхон Хөгжлийн банкны нэр дээр шилжсэн. Та мэдэгдэл хийхдээ хэн нэгэнд давуу байдал олгохгүй, зах зээлийн зарчмаар борлуулна гэсэн шүү дээ. Борлуулалтын ажил нь хэрхэн явагдаж байгааг иргэд их сонирхож байна.
-Одоо нэлээд хэд хэдэн зээлдэгч нар маань чанаргүй зээлийн активтай, өр төлбөрөө үл хөдлөх хөрөнгөөр барагдуулъя гэсэн саналууд тавьж байна. Хөгжлийн банк үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшилдээ аваад, үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах хүрээнд ярилцаад явж байна. Зөвшөөрөл гэх мэт асуудал байдаг юм билээ. Банк бол өөрийн ажлаа хийх ёстой, бид ямарваа нэгэн үл хөдлөх хөрөнгийн бизнест оролцох ёсгүй гэсэн зарчмаа баримтлана. Тэгэхээр тухайн холбоо нь хариуцаад хэн нэгэнд давуу байдал олгохгүй, ил тод байдлаар тухайн хөрөнгийг зарж борлуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслах байсан Ц.Ууганбаяртай холбоотой асуудал гарч ирлээ. "Нью яармаг хаусинг прожект" компани Шинэ яармаг төслийг хэрэгжүүлэхээр ТОСК-иар дамжуулан авсан зээлийн эргэн төлөлтөө хийхгүй, шүүх, цагдаа дээрээ тулсан. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа юм бол?
-Шинэ яармаг төслийн тухайд бол шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ төслийн хариуцагч нөхдөөс бидэнд тодорхой санал тавиад байгаа юм. Тухайн нэг орон сууцны хотхоныг зээлийн өр төлбөрт дүйцүүлэн манайд шилжүүлье гэсэн санал тавьсан. Бидний зүгээс АТГ-т хандаж тусламж хүссэн. Юу гэхээр, АТГ дээр хөндлөнгийн хараат бус үнэлгээний ажил хийгдсэний дараа, бидэнд яг хэдий хэмжээний хөрөнгө шилжүүлэх санал тавиад байна вэ гэдэг мэдээллийг авах юм. Үүний үндсэн дээр цааш шийдвэрээ гаргаад явна гэж ойлгож болно.
-Цаашид Хөгжлийн банк ямар зах зээл рүү хөрөнгө оруулалт хийх вэ? Ер нь хөрөнгө оруулалтын сан бүрдэж чадаж байна уу? Мөн хэр баталгаатай вэ гэдэг асуудал яригдана.
-Бид юуны түрүүнд Хөгжлийн банкны санхүүгийн эрүүл мэндээ сайжруулах ёстой. Гол нь чанаргүй зээлийн активаа сайжруулахад анхаарлаа тавиад ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу энэ ажлууд цэгцэрвэл он гарсны дараа хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бий болно гэж харж байгаа юм. Түүний дараа мэдээж ямар стратегиар хөрөнгө оруулалт, зээлүүд гаргаж эхлэх вэ гэдгээ бодох ёстой. Бид 2 зарчим барина. Нэгдүгээрт, ямар төсөл гэдэг дээр зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогын төслийг санхүүжүүлнэ. Нөгөө талдаа өмнөх 10, 11 жилийн алдаа дутагдлыг дахин давтахгүйн тулд засаглалаа, дотоод зээлийн процессуудаа сайжруулах, хяналт тавих зэрэг функцүүдээ чангатгах ёстой гэсэн байр суурьтай байна.
Эх сурвалж: BOLOD.MN
Сэтгэгдэл бичих